Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01901

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01569 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнх-Оргил, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Баярцэцэгт шүүхийн шийдвэрээр 122 082 240 төгрөгийн өртэй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны 27 дугаар байр, 30 тоот, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн 2020 оны 4 сарын 01-ний өдөр хураасан. Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдааны үнийн санал авахад би өөрийн хөрөнгөө 240 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2020 оны 4 сарын 04-ний өдрийн Бямба гарагт гэрт маань үл хөдлөх хөрөнгийн шинжээч гэх танихгүй залуу орж ирэн, шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяагийн гарын үсэгтэй шинжээч томилох тухай тогтоолыг үзүүлсэн. Энэ үед гэрт маань бага насны хүүхдүүд болон бусад гэр бүлийн гишүүд байсан бөгөөд бид сэтгэл санааны хувьд цочролд орсон. 2020 оны 4 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч намайг дуудаад 4/11988 дугаартай мэдэгдлийг гардуулан өгөхөд дээрх үл хөдлөх хөрөнгийг 196 228 800 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Би энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа ба байраа 240 000 000 төгрөгөөр худалдан авч багагүй хөрөнгөөр засаж тохижуулсан тул үнэ өсөх магадлалтай. Мөн “Алтай” хотхоны ижил төстэй байрууд 250 000 000 төгрөгөөс 280 000 000 төгрөгийн үнэ ханштай худалдан борлогдож байна. Иймээс албадан дуудлага худалдаа анх үнэлэгдсэн үнийнхээ 70 хувиар, 2 дахь удаадаа 50 хувиар тооцдог гэж бодоход миний байр 98 000 000 төгрөгөөр борлогдож би байрны зөрүү мөнгө авах нь битгий хэл байр ч үгүй дээр нь 20 000 000 төгрөгийн өртэй үлдэж хохироход хүрээд байгаа тул “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж гаргасан үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаартай шийдвэрээр, хариуцагч Б.Наас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 180 906 240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Баярцэцэгт олгож, нэхэмжлэлээс 163 699 999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058219 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Алтай” хотхон, Энгельсийн гудамжны 27 дугаар байр, 30 тоот, 114.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Улсын дээд шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр авагч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж мөн өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу манай байгууллагад хандсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч төлбөртөө Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Алтай” хотхон, 14 дүгээр байр, 186 тоот, 70.1 м.кв талбайтай, 3 өрөө, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий байраа 122 000 000 төгрөгийн төлбөрт тооцон, шилжүүлэх хүсэлт гаргасныг, төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй учраас Н- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Алтай” хотхон, Энгельсийн гудамж, 27 дугаар байр, 30 тоот, 114.5 метр квадрат талбайтай, орон сууцыг 196 228 800 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид мэдэгдэж, үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор явуулаагүй. Учир нь миний бие нэхэмжлэлдээ хөрөнгө үнэлэх ажиллагааг ажлын бус цагаар явуулсан тухай мэдүүлсээр байтал энэ талаар шүүгч ямар ч арга хэмжээ аваагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч дурьдаагүй. Яагаад хүнийг өртэй гэх шалтгаанаар бүхэл бүтэн гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, амралтын өдрөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаараа хариуцагч ч мөн тайлбар гаргаагүй байна. Иймд орхигдуулсан энэ үндэслэлийг дахин шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах цагийг заасан тул тэр заалтыг зөрчин явуулсан үнэлгээг хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч өөрөө албадан дуудлага худалдаа явуулах журмыг заасан эрх зүйн зохицуулалтаа буруу тайлбарлан өгч, миний үнэлсэн үнэлгээгээр дуудлага худалдаа явуулна гэж төөрөгдүүлсэн байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл. Ингээд хүнийг төөрөгдөлд оруулчихаад төлбөр авагчтай хуйвалдан миний хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлж байгаад гомдолтой байна. Анх дээрх хөрөнгийг худалдан авсан баримтаа нотлох баримтаар гарган өгсөөр байтал шүүх түүнийг үл хэрэгсэн, огтоос баримт өгөөгүй мэтээр мушгин гуйвуулсан байгаа нь мөн төлбөр авагч С.Баярцэцэгтэй холбоотой болоод ингэж шийдвэрлэсэн байх гэх хардлагыг төрүүлж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хэргийн үнэн байдлыг тогтоож, зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                      

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 3405 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 36 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 сарын 07-ны өдрийн 641 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Наас 122 082 240 төгрөг гаргуулж С.Баярцэцэгт олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Нын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 27 дугаар байр, 30 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058219 дугаарт бүртгэгдсэн, 114.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 25-35-р тал/

 

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагч С.Баярцэцэгийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2019 оны 6 сарын 25-ны өдөр 638 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 23-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Б.Нд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 27 дугаар байр, 30 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058219 дугаарт бүртгэгдсэн, 114.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2020 оны 3 сарын 03-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 сарын 01-ний өдөр хураасан байна. /хх-ийн 36, 43, 47- р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Б.Н нь 240 000 000 төгрөгийн санал өгсөн бол төлбөр авагч С.Баярцэцэг нь шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 48, 50-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 196 228 800 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Нд 2020 оны 4 сарын 08-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 51-62-р тал/

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

           

                        Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо шинжээч нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ ажлын бус цагаар ажиллагаа явуулсан, мөн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх боловч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК ажлын бус цагаар ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01569 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ