Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

“И н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02459 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М-У” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 8 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”И н” ХХК-ийн захирал Л.Б миний бие “М-У” ХХК-ийн захирал Ж.Д 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үр тарианы комбайн худалдан авах, тосны ургамал хамтран тариалах талаар харилцан тохиролцож 5 тоот гэрээг байгуулсан. “И н” ХХК нь 5 тонн сайн чанарын тосны ургамлын үр нийлүүлж, үүний 2 тонн үрийг тариалж 3 тонн үрийг “М-У” ХХК нь 1 тонн тосны ургамлыг 2 800 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Тухайн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш “М-У” ХХК нь тухайн гэрээний 1 дүгээр хэсэгт зааснаар хугацаандаа үрийн үнийг төлөөгүй 2016, 2017 оныг хүртэл явсан ба 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээг дүгнэсэн тооцоо нийлсэн акт талууд үйлдсэн. Тухайн актаар юу тохиролцсон бэ гэхээр өмнөх тосны ургамлын тооцоог дүгнэж тэглэсэн. Харин тооцоо нийлсэн актын хоёр дахь хэсгээр худалдан авсан комбайны үнэ, зээлээр авсан 3 тонн тосны ургампын үрийн үнийг нийлүүлээд 128 400 000 төгрөгийг “И н” ХХК-д ямар нэг маргаангүй төлөхөөр тохиролцсон. Тухайн тооцоо нийлсэн актыг үйлдсэнээс хойш “М-У” ХХК-иас ямар нэг төлбөр хийгдээгүй тул арга буюу /комбайныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр авсан байсан/ Тариалан эрхлэлтийг дэмжих сантай тохиролцон “М-У” ХХК руу комбайныг 120 000 000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн Ингээд “М-У” ХХК нь 3 тонн тосны ургамлын үрийн үнэ буюу 8 400 000 төгрөгийн төлбөртэй үлдсэн. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэдэгт бол манай зүгээс гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Яагаад гэхээр хоёр тал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу тухайн гэрээг харилцан тохиролцож уншиж ойлгосноор гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. Иймд “М-У” ХХК-аас үлдэгдэл 8 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид тосны ургамал хамтран тарихаар харилцан тохиролцож, манай газар дээр тосны ургамал тарьсан. Худалдан авсан гэх комбайн маань “И н” ХХК-ийн эзэмшлийнх биш, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлээр авсан комбайн байсан. Гэтэл би тухайн комбайны үнэнд хэдэн төгрөг тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх талаар шалгалгүй гарын үсэг зурсан. Тэгээд би Тариалан эрхлэлтийг дэмжих санд “И н” ХХК-ийн худалдаж авсан комбайныг өөрийн нэр лүү шилжүүлье гэж хүсэлт гаргатал “И н” ХХК нь 2010 оноос хойш Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд нэг ч төгрөгний төлөлт хийгээгүй байсан тул хүү тооцон бидний тохирсон 120 000 000 төгрөгөөс давсан байсан тул би тухайн комбайныг авахгүй гэдгээ хэлсэн. Комбайны үнийг төлөхөөр гэрээгээр хариуцлага хүпээсэн компани нь “И н” ХХК, эзэмшигч нь Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм. 5 тонн үрээр тосны ургамал тариалсан гэрээ хуулийн шаардлага хангахгүй байх гэж бодож байна. “И н” ХХК-аас аваад 2 тонн үрийг би хэрэглээд, 3 тонн үрийн мөнгийг буцааж төлнө гэсэн гэрээ болон гарын үсэг байхгүй. “ ...Хамтарч тосны ургамал тарья, үрийг “И н” ХХК гаргана, харин “М-У” ХХК-ийн газар дээр, хавар тариалалтаас намрын хураалт хүртэлх бүх зардал, техник, түлш шатахуун, хүн хүчийг бид хариуцсан, тэгээд ямар ургац хураана, түүнийгээ хувааж авна гэж тохиролцсон. Түүнээс биш тэдэн тонн ургац гарна, түүний тэрийг ингэж хуваана, тэгэхгүй бол тийм хариуцлага хулээнэ гэж тохирсон зүйл байхгүй. Мөн тосны ургамлын үрийг 1 тонныг 2 800 000 төгрөг гэж байна. Энэ нь ямар ч үндэспэлгүй. Тосны ургамал болон бусад улаан буудай ч гэсэн ялгаагүй таримал ургамап тул ямар үнэтэй, ямар чанартай үр талаар шинжээчээр тогтоолгох шаардлагатай болов уу гэж бодож байна. Намар ургацаа хуваагаад 10 000 000 хэдэн төгрөгний тосны ургамал “И н” ХХК аваад явсан. “И н” ХХК үр нийлүүлсэн гэж байна. Бид нар “И н” ХХК-ийн нийлүүлсэн үргүй ч байсан гэсэн үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой компани. Манай компанийн зүгээс “И н” ХХК-ийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Намрын ургацнаас 1 тонныг нь 1 000 000 төгрөгөөр бодоод 10 000 000 гаран төгрөгийн үнэ бүхий рапс өгсөн. Комбайны асуудал болон тосны ургамлын талаар ярьсан гар бичмэл байдаг. Түүнийг гэрээ гэж би үзэхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М-У” ХХК-аас 8 400 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “И н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 350 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02459 тоот шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Зохигчдын дээрхи тайлбар, хэргийн үйл баримтаар талуудын хооронд 3 тонн тосны ургамлын үрийг 8 400 000 төгрөгөөр зээлээр худалдсан, худалдан авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд харин гэрээний агуулга, зорилго зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна ..." гэж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт талуудын гаргасан тайлбар зэрэгт үндэслэл муутай дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь дараах тайлбараар нотлогдож байна. Тухайлбал талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээнд тосны ургамлын үр болон комбайныг “М-У” ХХК-д худалдахаар тохиролцсон. Үүнээс 3 тонн тосны ургамлыг 8 400 000 төгрөгөөр тооцон худалдсан бөгөөд тосны ургамлын үнийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд удаа дараа тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулан тооцоо нийлсэн баримт үйлдэж байсан ч ямар нэг байдлаар төлбөр төлөөгүй “М-У” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн гэх 10 сая төгрөгийн үнэ бүхий 10 тонн тосны ургамал нь нэхэмжлэгчийн өөрийн тариалсан 2 тонн тосны ургамлын ургац байсан бөгөөд хариуцагч нь дээрх тосны ургамлын төлбөр өгсөн гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй байна. Тодруулбал 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрээ дүгнэж тооцоо нийлсэн актаар үр тарианы комбайн болон тосны ургамлын З тн үр худалдсан төлбөр нь нийтдээ 128.400.000 төгрөг болохыг харилцан тохиролцож, бусад тооцоонуудыг тэглэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байхад хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь илтэд үндэслэлгүй юм. Мөн шүүх тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хуулийн дээрх заалтыг шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлан зөвтгөхдөө мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 58 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлэх тухай заасан байх ба мөн хуулийн 58 дугаар зүйлд шүүхийн тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх тухай зохицуулжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд тогтоогдохгүй буюу нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үээх боломжгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь төлбөрийн чадваргүйгээс бусад тохиолдолд улсьн тэмдэгтийн хураамжийг зайлшгүй урьдчилан төлөхөөр заасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагүй баримтад үндэслэн иргэний хэрэг үүсгэж тухайн маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарьн 05-ны өдрийн 183/ШШ2018/02459 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч “М-У” ХХК-аас нэхэмжлэгч “И н” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 8 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хэргийн 1, 10 дугаар тал/

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 149 350 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх баримтын хуулбарыг ирүүлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан аваагүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбар гаргасан байхад үүнийг тодруулалгүй хэрэгт авагдаагүй баримт буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/03479 дүгээр “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан тухай” шүүгчийн захирамжийг үнэлж, өмнө гаргасан нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч өмнө нь энэ хэргийн талаар нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авсан эсэх үйл баримт, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэл тодорхойгүй байхад түүнээс тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзнэ.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг  хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 350 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.З

 

                                            ШҮҮГЧИД                              Д.Д

 

                                                           С.Э