Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2018/02986/И |
Дугаар | 102/шш2019/02547 |
Огноо | 2019-09-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/шш2019/02547
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Саран... даргалж, шүүгч З.Доржнамжин, Х....заяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоожийг суулган тэмдэглэл хөтлүүлж, иргэдийн төлөөлөгч Д.Чимэдийг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Нэхэмжлэгч: ... нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-т холбогдох,
...-ийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө 55,560,244 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, А....т учруулсан гэм хорын хохирол 318,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутад Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нас барсан хэрэг гарсан. Тухайн үед А.... нь ...-ын Сайншанд татах хэсгийн машинистаар, Э....... нь туслах машинистаар тус тус ажиллаж байсан юм. Энэхүү осолтой холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ...-ийн даргын Б-II-07 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарч, Э......., А.... нарыг ажлаас нь үндэслэлгүй халсан. Улмаар Эрүүгийн ... дугаартай хэрэг үүсч, 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ШЦТ/10 дугаар тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ДШМ/07 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоол гарч, нэхэмжлэгч нарыг гэм буруугүй болохыг тогтоосон. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж үндэслэлгүй ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч нарыг осол гаргаагүй, осол гарахад ямар ч хамаагүй гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч талаас нэхэмжлэгч нарыг удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар буруутгадаг. Хуулийн уг заалтаар удаа дараа зөрчил гаргасан байхыг шаарддаг бөгөөд, 2016 онд нэхэмжлэгч нарыг сахилгын шийтгэл авч байсан талаарх баримт байдаггүй. ...-ээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нарыг буцааж ажилд нь авсан. Хариуцагч тал нэхэмжлэгч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилд авсан гэж тайлбарладаг ч Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15, 24.1-д зааснаар нэхэмжлэгч нарыг үндсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажилд орсон гэж үзэхээр байна. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаал гарсан ба, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар ажилд орсон. Ажилгүй байсан 14 сар 22 хоног буюу ажлын 328 хоног байгаа.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7-д зааснаар нэхэмжлэгч А....ийн нэг өдрийн хөдөлмөрийн хөлс 86,976 төгрөг, үүнийг 328 хоногт үржүүлэн 26,788,608 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин. Э.......ын нэг өдрийн ажлын хөлс 73,072 төгрөгийг 328 хоногт үржүүлэн 23,967,616 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч тал тус тус төлөхөөр байна. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаартай Ээлжийн амралт олгох тухай зааврын 2-д зааснаар А....ийн сүүлийн 12 сарын дунджаас тооцон ээлжийн амралтын мөнгө 2,334,396 төгрөг, Э.......ын сүүлийн 12 сарын дунджаас тооцон ээжлийн амралтын мөнгө 1,729,976 төгрөгийг тус тус гаргуулах. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ...-ийн даргын ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхийг шаардаж байна.
Мөн нэхэмжлэгч А.... ажилгүй байсан хугацаандаа 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай сайн дурын даатгалын гэрээ байгуулан, нийт 318,800 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нийгмийн даатгал төлсөн. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг үндэслэлгүй ажлаас халсан нь тогтоогдсон бөгөөд, хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч А.... Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай дээрх гэрээг байгуулж, нийгмийн даатгал төлж байсан тул уг 318,800 төгрөгийг өөрт учирсан гэрээний бус гэм хорын хохирол гэж үзэн, Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу ...-ээс шаардаж байгаа.
Харин нэхэмжлэгч А.... нь Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай байгуулсан сайн дурын даатгалын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч нар тушаал авах үедээ үндэслэлтэй, үндэслэлгүй ажлаас халагдсан эсэхээ мэдэхгүй байсан. Өөрсдийн буруугаас хүн нас барсан гэж бодож байсан. Гэтэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гарсан тогтоолоор өөрсдийгөө буруугүй, үндэслэлгүй ажлаас халагдсан гэдгийг мэдсэн. Иймд 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, нэхэмжлэгч нар 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
А.... нь ...-ын Сайншанд дахь Татах хэсгийн даргын 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс ачааны хөдөлгөөний илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар, 2004 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сэлгээний хөдөлгөөнд илчит тэрэгний машинчаар, Э....... нь 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ашиглалтын цехийн 3 дугаар цуваанд илчит тэрэгний туслах машинчаар тус тус ажилласан. Ажиллах хугацаандаа А.... 2016 оны 7 дугаар сард 2 сарын хугацаатай 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. 2017 онд өмнө гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Э.......ын хувьд 2012, 2014 онуудад сахилгын шийтгэл авсан ч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 08 цаг 45 минутын үед Чойр өртөөнөөс Шивээ-Овоон татах хэсэгт галт тэрэгний туслах найруулагч нь зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцад зүтгүүр болон вагоны хооронд хавчуулагдаж нас барсан. Осол гарах үед А.... машинчаар, Э....... туслах машинчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед машинчаар ажиллаж байсан А...., Э....... нарын 4 ажилтанд 2017 оны Замын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Замын даргын 2009 оны А-55 дугаартай тушаал биелүүлж ажиллаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр зэрэг болно. Нэхэмжлэгч нарыг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож ажлаас нь халсан.
Нэхэмжлэгч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ...-ийн Сайншанд дахь татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 10.3.6, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 12.9, 16.17, 17.18, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34, 10.34г, 10.35, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 11.2.7 зэргийг тус тус зөрчсөн. Иймд Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А...., Э....... нарын гэм буруугүйг шүүх тогтоосон гэж тайлбарлалаа. Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А...., Э....... нарыг Төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдал сахих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д зааснаар тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Хяналтын прокурор эсэргүүцэл бичиж, Дээд шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай тогтоол гарч, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгт н.... болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Машинч нар холболт хийсэн эсэхийг шалгаж, найруулагч дохио өгсөн тохиолдолд хөдөлгөөн эхлэх ёстой. Гэтэл тухайн үед технологийн процесс, Хөдөлмөрийн сахилга зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон. Сэлгээний бригадад туслах найруулагч, машинч, найруулагч, холбогч нар ордог. Тэдний үйл ажиллагаа бие биенээсээ хамааралтай, харилцан уялдаатай байдаг. Тийм учраас хамтын хариуцлагын тухай асуудал яригдана.
Эрүүгийн хариуцлага, Хөдөлмөрийн сахилга, зөрчлийн асуудлыг ялгаж салгаж, зөв дүгнэх ёстой. Хэдийгээр нэхэмжлэгч нарыг Эрүүгийн хэрэгт гэм буруугүй гэж цагаатгасан ч эдгээр хүмүүс Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, машинч нарын мөрдвөл зохих эрх зүйн актууд, дүрэм, журам, Замын даргын тушаалууд зэргийг тус тус зөрчсөн. Машинч нар хөдөлгөөн эхлүүлж, ажилтан хавчуулагдаж нас барсан. Нэхэмжлэгч нарыг ноцтой зөрчил гаргасан болохыг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ослын газрын ажилласан комиссын акт, хэргийн газрын үзлэг, нэхэмжлэгч нарын гараар бичсэн тодорхойлолт, радио станцын бичлэг шалгасан акт, Шивээ овоо салбарын шуурхай хурлын тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ...-ийн шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно.
2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сайншанд татах хэсгээс нэхэмжлэгч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллуулсан. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр даргын 507, 509 дүгээр тушаал, хамтын гэрээ зэргээр нэхэмжлэгч нарыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар ажиллуулахаар, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 579 дугаартай тушаалыг тус тус үндэслэж ажиллуулсан. Э....... ажиллаж байхдаа ажлын байранд архи ууж, согтуу ирсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Ажилд эгүүлэн авсан талаар баримт байхгүй.
А...., Э....... нар ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр авч, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хуулийн хугацаанд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болно. Нэхэмжлэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гадуур шалгагдаж, анхан шатны шүүхээс шийдвэр гарч, Давж заалдах хүртэл 21 хоног цагдан хоригдсон. Энэ хоног ажилгүй байсан хугацаанд тооцогдохгүй. Нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацаа 14 сар 20 хоногийн хугацааны 55,220,240 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлын 317 хоног, үүнээс 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 42, хуанлийн 57 хоног байна. Энэ хугацааны хохирол 3,046,291 төгрөгийн 7,272,582 төгрөгийг шүүхийн шийдвэрээр олгосон. А....ийн нэг өдрийн цалин 59,431 төгрөг, Э.......ын нэг өдрийн цалин 47,300 төгрөг. А.... 4,045,220 төгрөг, Э....... 2,880,540 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж тус тус авсан. А....ийн Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан Сайн дурын даатгалын гэрээний дагуу төлсөн гэх 318,800 төгрөгийг бид хариуцахгүй. Учир нь түүний ажиллах хугацаанд гаргасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас хүний амь нас хохирсон. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А...., Э....... нар нь хариуцагч ...-т холбогдуулан, Замын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А....ийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,788,608 төгрөг, ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын нөхөн олговорт 2,334,396 төгрөг, нийт 29,123,004 төгрөг, Э.......ын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 23,967,616 төгрөг, ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын нөхөн олговорт 1,729,976 төгрөг, нийт 25,697,592 төгрөг буюу, бүгд 55,560,244 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, А....т учруулсан гэм хорын хохирол 318,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гаргасан хэмээн тайлбарлаж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн, дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.... нь 2004 онд ...-ын Сайншанд татах хэсэгт Илчит тэрэгний машинчаар, Э....... нь 2009 онд Сайншанд депод Илчит тэрэгний туслах машинчийн ажилд тус тус томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар тогтвортой ажиллаж, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Замын даргын Б-II-07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс тэднийг өөрсдийнх нь ажил олгогчид бичгээр гаргасан хүсэлтээр ...-ын Сайншанд татах хэсэгт Туслах ажилтнаар авч ажиллуулан, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс ...-ын Сайншанд татах хэсэгт Туслах машинчаар томилогдсон байх бөгөөд, нэхэмжлэгч Э....... хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ажлын байранд согтуурсан үндэслэлээр ажлаас халагдсан бол, нэхэмжлэгч А.... одоо уг ажилдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил олгогчид гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх 29, 31-32, 60-67, 125-139/
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймаг, Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч Б....жаргал хавчуулагдан нас барсан осол гарж, тухайн осолд Тээврийн прокурорын газраас 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, А...., Э....... нарыг Ц...., З.... нарын хамт шалгаж, Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ...-ийн даргын Б-II-07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, ...-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн А, И, З заалтууд, Замын нэгдүгээр орлогч дарга ... А.В., Замын ерөнхий инженер ... А.Р. нарын удирдан хийсэн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн шийдвэрийн санал зэргийг үндэслэн, нэхэмжлэгч А...., Э....... нарыг уг хэрэгт холбогдсон Чойр өртөөний дарга Ц...., Чойр өртөөний галт тэрэгний найруулагч З.... нарын хамт ...Чойр өртөөний харъяа Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч нь өртөөний 1 дүгээр зам дээр байсан 5/0 хагас вагонд зүтгүүр залгах сэлгээний ажил хийх үед зүтгүүр болон эхний вагоны угсраа хооронд хавчуулагдаж нас барсан осол гарсантай холбогдуулан Техник ашиглалтын дүрэм, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, ...-ын даргын 2009 оны А-55 дугаар тушаалыг биелүүлж ажиллаагүй... гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /1 дүгээр хх 58-59/
Нэхэмжлэгч А...., Э....... нар 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажил олгогчийн дээрх шийдвэрийг гардан авч, улмаар 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс тус бүр 2,101,066 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч, А.... нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ байгуулсан болох нь тэдний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /2 дугаар хх 82-83/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор А...., Э......., Ц...., З.... нарыг Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил хорих ял шийтгэсэн бол, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот магадлалаар Тээврийн прокурорын газраас Ц...., А...., Э....... нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, З....ыг 1 жил хорих ял шийтгэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1 дүгээр хх 5-28, 34-42/
Түүнчлэн, нэхэмжлэгч нар хууль бусаар цагдан хоригдсон 57 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, тус бүр 3,636,291 төгрөгийг төрөөс гэм хорын хохиролд тооцон гаргуулахаар шаардсаныг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар шийдвэрээр Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хх 143-145/
Нэхэмжлэгч нар эрүүгийн хэрэг Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсанаас хойш ажил олгогчид өргөдөл гаргасныг ажил олгогч ... хүлээн ав, тэдний өргөдлөөр, мэргэжлийн дагуу Э.......ыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс ашиглалтын цехэд илчит тэрэгний туслах машинчаар, А....ийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс ашиглалтын цехэд илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /1 дүгээр хх 125-139/
Улмаар А...., Э....... нар 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тэднийг ажлаас халах тухай шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх болон ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, ...тухайн осол болоход А...., Э....... нар гэм буруугүй болох нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн учраас ажил олгогч тэднийг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэдгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн шүүх хуралдааны тогтоолыг гардаж авснаар мэдсэн учир, эрх зөрчигдсөн болохоо мэдсэн тэр үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх ба, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг ажилтнууд гаргаагүй байхад ажлаас халсан... гэх агуулга бүхий тайлбар хийн мэтгэлцсэн бол,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлийг няцааж, ...нэхэмжлэгч нарыг Эрүүгийн хэрэгт гэм буруугүй гэж цагаатгасан ч тэд Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, машинч нарын мөрдвөл зохих эрх зүйн актууд, дүрэм, журам, Замын даргын тушаалууд зэргийг тус тус зөрчсөнөөс машинч нар хөдөлгөөн эхлүүлж, ажилтан хавчуулагдаж нас барсан. ...ноцтой зөрчил гаргасан болохыг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ослын газрын ажилласан комиссын акт, хэргийн газрын үзлэг, нэхэмжлэгч нарын гараар бичсэн тодорхойлолт, радио станцын бичлэг шалгасан акт, Шивээ овоо салбарын шуурхай хурлын тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ...-ийн шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно гэж тайлбарлан мэтгэлцэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчлагдсан бөгөөд, хариуцагч байгууллага хуулийн дээрх зохицуулалтын ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт зааснаар аливаа иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болох ба, гэрээний талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, мөн хуулийн 369.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг нарийвчилсан хуулиар буюу Хөдөлмөрийн тухай хуулиар тогтооно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцлүүдийг хуульчилсан бөгөөд, тэдгээр шаардлагыг хангасан гэрээг уг хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр байгуулахаар заасан шаардлагад нэхэмжлэгч А...., Э....... нарын ажил олгогч, хариуцагч ...-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нийцсэн байна.
Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт ажилтан ...аваарь сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчиж хүнд болон бүлэг осол гаргасан, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй... зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд, энэхүү нөхцөл ....-ын Сайншанд татах хэсгийн хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5, 10.3.6-д тус тус заажээ. /1-р хх-60, 63, 72/
Хэдийгээр нэхэмжлэгч А...., Э....... нарыг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн хэвээр үлдээсэн боловч, тэдэнд хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэхээр Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсаны дагуу сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна.
Харин Сахилгын шийтгэл ногдуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч нар 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй байна.
Хуульд заасан дээрх хугацаанд ажил олгогчийн шийдвэртэй холбоотой шүүхэд гомдол гаргаагүй шалтгааныг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, буруутай эсэхээ мэдээгүй, ... улмаар Улсын дээд шүүхээс гэм буруугүй болох нь тогтоогдсоноор ажлаас буруу халагдсан болохоо мэдэж, гомдол гаргасан... гэж тайлбарлан, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, хэрэв хэтэрсэн гэж үзвэл эрүүгийн хэрэг шалгагдаж, буруутай эсэх нь шийдвэрлээгүй байхад халагдсан учир хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн учир Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан... гэж тус тус тайлбарлан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн.
Нэхэмжлэгч нарыг цагаатган, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарч, уг магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн гэх хяналтын шатны шүүх хуралдаанаас хойш 2 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ханджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн өдрөөс бус, харин ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Нэхэмжлэгч нар уг хугацааг хэтрүүлэхдээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэдэг нь өөрөөс үл хамаарах шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй бөгөөд, тэд энэ хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн болохоо хүлээн зөвшөөрч, сайн дурын нийгмийн даатгалын гэрээ байгуулан шимтгэл төлж байсан зэрэг нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, 2018 оны 3 дугаар сард нэхэмжлэгч нар ажил олгогчид хандан, өргөдөл гаргаснаар тэдний хувийн байдлыг үндэслэн ажил олгогчийн зүгээс дахин ажилд нь авсан байдал тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нар ...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Улсын дээд шүүхийн №250 тоот тогтоолыг 7 дугаар сард гардан авсан даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлан, тогтоол гардан авсан тухай баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн боловч, энэ нь хуульд заасан 1 сарын хугацаанд шүүхэд хандсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд, мөн хуулийн 129.3 дахь хэсэгт зааснаар уг хугацааг сэргээн тогтоох боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А...., Э....... нарын шүүхэд гаргасан ...-ийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө 55,560,244 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч А....ийн ...-ээс гэм хорын хохиролд 318,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
А.... нь хариуцагч ...-ийн буруутай үйлдлээс шалтгаалан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын даатгалын гэрээ байгуулж, улмаар 318,800 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учир Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол учирсан гэж үзэн дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч ...А.... нь ажиллах хугацаандаа гаргасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас хүний амь нас хохирсон учир хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
Нэхэмжлэгч А.... 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг өөрийн сайн дураар, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж, уг гэрээ болон хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлд 318,800 төгрөг төлсөн нь хариуцагч ...-ийн буюу ажил олгогчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин нэхэмжлэгч А....ийн гаргасан гэм хорын хохиролд 318,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 10,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, ...-т холбогдуулан гаргасан, Замын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговорт 55,560,244 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, А....т учруулсан гэм хорын хохирол 318,800 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А...., Э....... нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А....ийн гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10,200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАН...
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Х....ЗАЯА