Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/шш2019/00090

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, туул гол0 байр, 01 тоотод оршин байх, “Н” ХХК /ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 57/5 байр, 0тоотод оршин суух, Б овогт Г .... //-д холбогдох,

  

зээлийн гэрээний үүрэгт 11,653,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариуцагч Г....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г..... нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Н” ХХК-тай №18054 дугаартай барьцаат зээлийн гэрээ /фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр 11,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, “Соната-7” маркы 0 УББ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Өөрөөр хэлбэл уг автомашины эзэмшигчийн нэрийг зээлдүүлэгч “Н” ХХК-д шилжүүлсэн ба Г..... нь өөрөө тус автомашиныг унах, ашиглалтандаа байлгах нөхцлөөр гэрээг байгуулсан. Ингээд зээл авсан өдрөө буюу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус автомашины эзэмшигчийн нэрийг “Н” ХХК-ийн нэрээр бүртгүүлж, автомашинаа өөрөө аваад явсан. Үүнээс хойш Г..... 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эхний төлөлтөд үндсэн зээл 1,100,000 төгрөг, сарын хүү 110,000 төгрөг, нийтдээ 1,210,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс хойш төлбөрөө хийхгүй байсан учир бид дараах нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Үндсэн зээл 9,900,000 төгрөг.

2/ 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацааны 3 сарын хүү 330,000 төгрөг. Бид 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож гэрээ цуцлах мэдэгдлийг Г.....д өгсөн. Иймд бид 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа.

3/ 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 122 хоногийн алданги 3,623,400 төгрөг. Алдангийг бид үндсэн төлбөр 9,900,000 төгрөгөөс тооцсон ба 1 хоногийн алданги нь 29,700 төгрөг болж байгаа.  

Ингээд дээрх байдлаар тооцон үзэхэд хариуцагч Г.С гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нь 13,853,400 төгрөг болж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч Г..... нь хүнээр дамжуулж 2,200,000 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийг 13,853,400 төгрөгөөс хасахаар түүний одоо төлөх ёстой төлбөр нь 11,653,400 төгрөг болж байгаа юм. Иймд хариуцагч Г.С11,653,400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн шаардлагын үндэслэлээ тодруулж шүүхэд өгсөн ба хариуцагч уг шаардлага, түүний үндэслэлтэй танилцсан, хугацаа авах шаардлагагүй гэсэн тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.   

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №18054 дугаартай барьцаат зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусч байгаа. Гэхдээ хариуцагч зээлээ буцаан төлөхгүй байсан учраас бид гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалсан байгаа. Энэ талаараа Г.....д мэдэгдэл өгсөн.

Гэрээнд заасны дагуу бид тээврийн хэрэгслийг манай байгууллагад авчирч өгөхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлсээр автомашиныг авчирч өгөөгүй. Сүүлд нь Г..... уг автомашиныг бусдад залилуулж алдсан болохыг мэдсэн. Бид энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж холбогдох баримтуудыг нь гарган өгч, тайлбараа өгсөн байгаа. Нэгэнт Г..... манай байгууллагаас зээл авсан учир тэрээр өөрөө гэрээний үүргээ хариуцах ёстой. Г..... манайхаас авсан мөнгөө хаана, хэндээ өгч, яаж зарцуулсан нь бидний асуудал биш.

Хариуцагч биднийг даатгалын байгууллагаас мөнгөө олж авах ёстой мэтээр тайлбарлаж байна. Бид даатгалын байгууллагад хандсан боловч тус байгууллага “...автомашин алга болсон, бусдад залилуулсан гэх асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, энэ асуудал дуусахаас нааш даатгал өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Бид эрүүгийн хэргээр уг барьцааны зүйл болох автомашины асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд даатгалаас мөнгийг нь аваад Г.....д өгөх болно. Мөн хариуцагч биднийг зээлийн эрсдлийн сан руугаа урьдчилгаа мөнгө авсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Бид 11,000,000 төгрөгийг шууд Г.....д өгсөн, энэ талаараа хариуцагч маргахгүй байгааг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.   

 

Хариуцагч Г..... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч “Н” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №18054 дугаартай барьцаат зээлийн гэрээ /фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр 11,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан нь үнэн. Манай нөхрийн найз н.М“Софт” гэх нэртэй бааранд дуудлагаар хоол хүргэж өгөх үйлчилгээ явуулах, хамтран ажиллах зорилгоор уг зээлийг авсан. н.Мэндбаяр нэг автомашин, миний бие нэг автомашиныг тус тус худалдан авахаар болж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд өөрсдийн худалдан авсан 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, “Соната-7” маркын, 0 УББ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Зээл аваад уг автомашины өмчлөгчийн нэрийг зээлдүүлэгч “Н” ХХК-д шилжүүлсэн. Ингээд автомашинаа өөрсдөө аваад явсан. Нэхэмжлэгчээс нийтдээ 11,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Гэхдээ хүлээж авсны дараа 2,200,000 төгрөгийг зээлийн эрсдлийн дундын санд байршуулсан. Мөн барьцаат зээлийг авахдаа урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Зээл, зээлийн хүүнд нь  нийтдээ 1,210,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сард төлж байсан. Үүнээс хойш ямар нэг төлбөр төлөөгүй. Учир нь өөрийн авсан автомашинаа бусдад залилуулан алдсан бөгөөд энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Зээлийн төлбөрөөс эдгээр мөнгийг хасах ёстой гэж бодож байна. Би гэрээ байгуулсан, мөнгийг авсан боловч автомашиныг би авч унаагүй учир нэхэмжлэлийг хариуцах ёсгүй. Гэрээ байгуулах үед даатгалын гэрээ бас байгуулсан. Нэхэмжлэгч нэгэнт даатгалтай учраас даатгалын байгууллагаасаа мөнгөө буцаан авах боломжтой гэж бодож байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,200,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад миний өмнөөс хэн төлснийг би мэдэхгүй, манай нөхрийн найз н.М төлсөн байх боломжтой. Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, түүний үндэслэл, тооцоололтой нь хурлаас өмнө танилцсан. Шүүх хуралдааныг цааш шууд үргэлжлүүлэх хүсэлтэй гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Н” ХХК болон Г..... нар 18054 тоот “Барьцаат зээлийн гэрээ” /фидуци/ байгуулжээ. Уг гэрээгээр “Н” ХХК нь 11,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар Г.....д олгохоор болсон ба гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож 2011 онд үйлдвэрлэгдсэн 0 УББ улсын дугаартай, Соната-7 маркын автомашиныг барьцаалсан байна. 

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ. Түүнчлэн, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.   

 

Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Хариннэхэмжлэгч Н” ХХК нь хариуцагч Г.С №18054 дугаартай, барьцаат зээлийн гэрээ /фидуци/-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээ цуцлах хүртэл хугацааны буюу 3 сарын хүү, алдангид нийтдээ 11,653,400 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ. 

   

Нэхэмжлэлд “...зээлдэгч Г..... 2018 оны 5 дугаар сараас хойш зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, ...зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийг төлж, барагдуулах талаар тодорхой санаачилга гаргаагүй, ...барьцааны зүйлийг үрэгдүүлсэн” гэж дурдагдсанаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүрэг зөрчигдөж байгааг, мөн энэ байдал хэвээр үргэлжилсэн нөхцөлд гэрээ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр цуцлагдах агуулга бүхий мэдэгдлийг бичгийн хэлбэрээр Г.....д мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Г.....тай гэрээ байгуулж, гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, гэрээний хариуцлага болох зохих хэмжээний алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч Г..... 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1,210,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн тал дээр зохигчид маргаангүй. Иймд хариуцагч Г..... үндсэн зээлийн үлдэгдэл 9,900,000 төгрөг, гэрээ цуцлах хүртэл хугацааны буюу 3 сарын хүү 330,000 төгрөг, нийт 10,230,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Г..... 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2,200,000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг үндэслэж 2,200,000 төгрөгийг хасахад 8,030,000 төгрөг үлдэнэ.  

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

Талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Шүүх аливаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Г.Сонгуулийн гүйцэтгээгүй үүргийг 9,900,000 төгрөгөөр тодорхойлж, 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг хариуцагч Г.С шаардсан. 

 

2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 74 хоног байна. Иймд нэхэмжлэгч тал хариуцагч Г.С алдангид 2,197,800 төгрөг шаардах эрхтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 227,800 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй. 

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.С нийт 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г..... өөрийн татгалзлаа “...11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас бэлнээр хүлээн авсан эсэх талаараа маргахгүй, гэхдээ би зээлийн эрсдлийн санд 2,200,000 төгрөг байршуулсан, ...3,000,000 төгрөгийг зээлийн урьдчилгаанд өгсөн, ...зээлийн мөнгийг би өөрөө аваагүй учир зээлийг хариуцахгүй” гэж тайлбарласан боловч тэрээр өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотлоогүй, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн өөрийн хүлээн авсан зээлийг бусдад шилжүүлсэн байх нь зээлдэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6  дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.С 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,653,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С  174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ