Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03587

 

2020 оны 12 сарын 22 өдөр                     Дугаар 102/ШШ2020/03587                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Ө овогт С ийн Б /РД:*** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** байр, *** супер маркет, “Х ” ХХК /РД:*** /-д холбогдох,

 

13,434,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , хариуцагчийн төлөөлөгч А.А , хариуцагчийн өмгөөлөгч С.О , нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд “Х ” ХХК-ийн захирал С.А тэй би найз Б.О аар дамжуулан танилцсан. С.А надтай уулзахдаа “...би алт, мөнгө, монет, цахилгаан бараа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх, цаашдаа авто ломбард ажиллуулах хүсэлтэй байгаа. Надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй болно” гэж хэлээд надтай хамтран ажиллах санал тавьсан. Ингээд би “Х ” ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж эхэлсэн. Би 2017 оноос хойш тус компанид ажиллахдаа эрүү, иргэний шүүх хуралдаануудад оролцож, цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг маргаанууд дээр нь ажилласан байдаг бөгөөд энэ хугацаанд нийт 30 автомашиныг хариуцагч компанид олж өгөх, зээл төлүүлэх ажлыг хийсэн. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Х ” ХХК нь надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний үнийн дүнг бид 16,394,400 төгрөг гэж тохирсон. Би нийтдээ 160,000,000 орчим төгрөгийн үнэлгээ бүхий барьцааны зүйл болох автомашиныг “Х ” ХХК-д олж өгч, зээлийг төлүүлсэн. Хариуцагч “Х ” ХХК-ийн зүгээс надад олж өгсөн, хийсэн ажлын хөлсийг 10 хувь байхаар тохирсон учраас уг 160,000,000 төгрөгийн 10 хувь нь 16,394,400 төгрөг болж байгаа юм. Уг гэрээний “Хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо хэсэг дээр би 16,394,400 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлсний үлдэгдэл 14,934,400 төгрөг гэж бичсэн. Гэхдээ уг тоог бичихэд хариуцагчийн төлөөлөгч С.А өөрөө байсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн учир би бичсэн. Хариуцагчийн төлөөлөгч С.А нь уг гэрээ байгуулагдсанаас хойш надад бэлнээр 1,500,000 төгрөг, дансаар 1,104,200 төгрөг, мөн 200,000 төгрөгт тооцож гар утас өгсөн байдаг. Бидний анх тохирсон 16,394,400 төгрөгөөс хариуцагчийн төлөх үлдэгдэл нь 14,934,400 төгрөг болсон. Уг төлбөрөөс 2020 оны 3 дугаар сард надад бэлнээр өгсөн 1,500,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 13,434,400 төгрөг болж байгаа. Уг мөнгийг хариуцагч “Х ” ХХК-иас би нэхэмжилж байгаа юм.  Над руу дансаар шилжүүлсэн 1,104,200 төгрөг, мөн 200,000 төгрөгт тооцож гар утас өгсөн нь энэ нэхэмжлэлд хамаагүй, өмнөх төлбөртөө тооцож өгсөн байгаа. Өнөөдрийн хурал дээр хариуцагч талаас “гар данс” гээд бичгийн баримтууд өгч байна. Уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна би эдгээр баримтууд дээр огт гарын үсэг зурж байгаагүй, уг баримтуудын дагуу мөнгө авч байгаагүй. Ганц нэг удаа хоол унааны мөнгө авч байсан нь үнэн. Гэхдээ би үүнээс их ажил хийгээд явж байсан гэдгийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үлдэгдэл 13,434,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэхдээ бид урьд нь найз нөхдийн харилцаатай байсан учир би гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсний хөлсөндөө 10,000,000 төгрөгийг төлбөрт авахад татгалзах зүйлгүй. Уг нь ингээд эвлэрье гэхээр хариуцагч зөвшөөрөхгүй байгаа гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч С.Б тай 2016 онд танилцсан. С.Б нь манайд албан ёсоор ажилладаггүй. Хамгийн анх би түүнд “...2-3 автомашинаа барьцаалсан хүмүүс олдохгүй байна. Эдгээр хүмүүсийг олж өг”, харин шүүхээр явах шаардлагатай бол дуудаад тухай үед нь үнээ тохироод явах саналыг л тавьсан. Тэрнээс биш С.Б нь бидэнд 30 автомашин олж өгөөгүй. Нэхэмжлэгч хэлээд байгаа шигээ өдөр шөнөгүй бидэнд зүтгээд манай ажлыг хөөцөлдөөд явсан зүйл байхгүй. Тэгээд ч барьцаалсан машинаа эрж хайх, цагдаагаар явах хөөцөлдөх ажилд дандаа би цуг явж байсан. Ер нь бол манай үйл ажиллагаа тогтсон, ганц нэг зээлдэгч нарыг эс тооцвол бусад зээлдэгч нар өөрсдөө төлбөрөө төлөөд, хэл ам гаргалгүй явдаг. Бидэнд тийм их хуулийн ажил бусдаар хийлгэх шаардлага ч байхгүй. Би төлбөрийг бэлнээр болон дансаар тухай бүрд нь төлөөд явж байсныг нэхэмжлэгч дурдахгүй байна.  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Х ” ХХК нь нэхэмжлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ төлбөр төлөх хэсэг нь тухайн үедээ хоосон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг хоосон зайд нь өөрөө төлбөрийн хэмжээг нөхөж бичсэн байна. Ер нь бол нэхэмжлэгч С.Б нь надтай найз нөхөд гэж явдаг, манай ажлаар байнга чөлөөтэй орж гардаг байсан. Ингэж явахдаа хэд хэдэн албан бичиг дээр бусдын гарын үсгийг дуурайн зурж, тамга тэмдэг чөлөөтэй ашиглаж явсныг бид шүүх дээр ирээд л мэдлээ. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “С.Б т” гэж хаягласан төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, төлбөрөө төлнө гэсэн агуулга бүхий бичиг байгаа. Уг албан бичиг дээрх гарын үсэг нь А.А гийн гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин А.А гийн ах А.Ш гэж хүн гарын үсэг зурсан. Тухайн үедээ нэхэмжлэгч нь А.Ш т “...яаралтай ажил гарсан тул гарын үсгээ зур” гэж хэлсэн тул хоосон цаасан дээр гарын үсэг зураад тамга дарсан байдаг. Гэтэл С.Б нь ийм нэхэмжлэл гаргах гээд анхнаасаа бэлдээд явж байсан байна. Нэхэмжлэгч “...би 30 автомашин олж өгсөн, 3 хэрэг шүүхээр шийдвэрлүүлсэн. Эрүү, иргэн зөрчлийн хэрэг дээр явсан” гэж байна. Гэтэл ийм их ажил хийсэн гэдэг нь ганцхан гэрээгээр шийдэгдэж байгаа нь эргэлзээтэй. Хуульч тэр дундаа өмгөөлөгч хүн явсан, өмгөөлсөн хэрэг болгон дээрээ гэрээ байгуулж хөлс мөнгөө тохирох ёстой. Хуульчийн үйл ажиллагаандаа баримтлах ёстой дүрэм гэж байдаг. Уг дүрэмд ч ийм шаардлагыг тавьдаг. Гэтэл хөлс мөнгөө хэрхэн тохирсон нь мэдэгдэхгүй ганц гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хуульчийн үйл ажиллагаанд баримтлах ёс дүрэмтэй зөрчилдөж байгааг шүүх анхаарах ёстой.  Анх гэрээ байгуулж байхад ийм их хэмжээний төлбөртэй байхаар огт тохироогүй. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид өмгөөллийн хөлс гэж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 370,200 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, нийтдээ 1,104,200 төгрөг, мөн 200,000 төгрөгт тооцож гар утас зэргийг өгч байсан. Мөн манайхаас хэрэгт өгсөн “гар данс”-наас үзэхэд бид нэхэмжлэгчид их, бага хэмжээгээр хоол унаа, өмгөөллийн хөлсийг өгч байсан нь харагдана. Гэрээний үнийг нэхэмжлэгч өөрөө нөхөж, нууцаар бичсэн, гэрээний дагуу ийм их мөнгөн дүнг шаардах хэмжээний ажил хийсэн гэдэг нь эргэлзээтэй, хөлс мөнгөө хэрхэн тохирсон нь мэдэгдэхгүй ганц гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хуульчийн үйл ажиллагаанд баримтлах ёс дүрэмтэй зөрчилдөж байгаа, нэхэмжлэгчийн хийсэн гээд байгаа ажлуудын дагуу хариуцагчид ямар нэг ашигтай байдал үүсээгүй, бусдаас авах ёстой авлагууд нь хариуцагчид орж ирээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч С.Б болон хариуцагч “Х ” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” авагджээ. Уг гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч буюу өмгөөлөгч С.Б нь “Х ” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх, үүний хариуд “Х ” ХХК нь тодорхой төлбөр төлөхөөр харилцан тохирсон байна.

 

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 13,434,400 төгрөгийг нэхэмжилж шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу би хариуцагч компанид үйлчилгээ үзүүлсэн учир би гэрээгээр тохирсон төлбөрийн үлдэгдлээ авна. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч компани надад 14,934,400 төгрөгийн өртэй байсан бөгөөд 3 дугаар сард 1,500,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл нь 13,434,400 төгрөг байна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлын үндэслэлүүдээ “...гэрээний үнийг нэхэмжлэгч өөрөө нөхөж, нууцаар бичсэн”,

“...гэрээний дагуу ийм их мөнгөн дүнг шаардах хэмжээний ажил хийсэн гэдэг нь эргэлзээтэй”,

“...хуульч, өмгөөлөгч хүн үйлчилгээ үзүүлсэн, өмгөөлсөн хэрэг болгон дээрээ гэрээ байгуулж, тэр болгон дээрээ хөлс мөнгөө нарийвчлан тохирох ёстой. Хуульчийн үйл ажиллагаандаа баримтлах ёстой дүрэмд ч ийм шаардлагыг тавьдаг. Гэтэл хөлс мөнгөө хэрхэн тохирсон нь мэдэгдэхгүй ганц гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хуульчийн үйл ажиллагаанд баримтлах ёс дүрэмтэй зөрчилдөж байгаа”,

“...нэхэмжлэгчийн хийсэн гээд байгаа ажлуудын дагуу хариуцагчид ямар нэг ашигтай байдал үүсээгүй, бусдаас авах ёстой авлагууд нь хариуцагчид орж ирээгүй” гэсэн агуулгуудаар тайлбарлаж байна.

 

Харин талууд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулан гарын үсэг зурж, тамга дарсан талаар маргаангүй байна.  

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус заажээ.

 

Талуудын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний заалтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй, хүчин төгөлдөр байна. 

  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцдог. 

 

Нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан шаардлагаа нотлох үүднээс хэрэгт “Х ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “...Таны ирүүлсэн гэрээний үүрэгт нийт 14,934,400 төгрөг гаргуулах хүсэлттэй танилцлаа. Гэрээнд заагдсан төлбөрийг зөвшөөрч байна” гэсэн агуулгатай, “С.Б т” гэсэн албан бичиг,

“Х ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хандсан албан бичиг,

“Х ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Тээврийн цагдаагийн газарт хандсан албан бичиг,

өөрийн биечлэн оролцсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, уг захирамжийг үндэслэж гарсан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1097 дугаартай гүйцэтгэх хуудас,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ***  дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, уг захирамжийг үндэслэж гарсан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж, 

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Х ” ХХК-иас С.Б т өгсөн итгэмжлэл,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийдвэр,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэр,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

 

Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш, харин ажиллах процесс өөрөө байдаг бөгөөд дээр дурдсан баримтуудыг талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад ажиллагч буюу нэхэмжлэгч уг гэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.   

 

Ийм учраас нэхэмжлэгч С.Б т Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үүргийг буюу үлдэгдэл төлбөрөө хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж шүүх үзлээ.

 

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний хавсралтын “Хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо” гэсэн хэсгийн 1-д “Хууль зүйн үйлчилгээний хөлс нь нийт 16,394,400 төгрөг байна”, 3-т “Хууль зүйн үйлчилгээний хөлсний үлдэгдэл 14,934,400 төгрөг...” гэж тусгагджээ.

 

Дээр дурдсанчлан хариуцагч “Х ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А.А уг гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан талаар зохигчид маргаагүй. Харин “...гэрээний хавсралт дахь ‘хууль зүйн үйлчилгээний хөлс’, мөн ‘хууль зүйн үйлчилгээний хөлсний үлдэгдэл’ гэсэн хэсгүүд нь гэрээ байгуулах үед хоосон байсан. Гэтэл уг хэсгүүдийг нэхэмжлэгч дараа нь нөхөж бичсэн байна” гэж маргасан.

 

Улмаар өөрийн татгалзлаа нотлох үүднээс хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний “Хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо”-ны үнийн дүн болох 16,394,400 /арван зургаан сая гурван зуун ерэн дөрөв дөрвөн зуу/ төгрөг, үлдэгдэл 14,934,400 төгрөг гэсэн бичиглэл нь А.А гийн гарын үсэгтэй нэг ижил зүйл /бал/-ээр, мөн нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулсан. 

 

2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2854 дүгээр шинжээчийн дүгнэлтэд  “...бичиглэлүүдийг нэг цаг хугацаанд бичигдсэн эсэх, нэг ижил зүйл /бал/-ээр бичигдсэн эсэх зэрэг асуултууд нь криминалистикийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” гэж тусгагдсан байх бөгөөд хариуцагч тал энэ талаар шүүхэд дахин хүсэлт гаргаагүй.

 

Түүнчлэн хэрэгт “Х ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “...Таны ирүүлсэн гэрээний үүрэгт нийт 14,934,400 төгрөг гаргуулах хүсэлттэй танилцлаа. Гэрээнд заагдсан төлбөрийг зөвшөөрч байна” гэсэн агуулгатай, “С.Б т” гэсэн албан бичиг авагдсан. Уг албан бичигт “Х ” ХХК-ийн тамга дарагдсан талаар зохигчид маргаангүй. Харин “Захирал” гэсний ард зурагдсан “А.А ” гэсэн гарын үсгийг А.А гийн ах болох А.Ш зурсан болох нь гэрчээр асуугдсан А.Ш болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.   

 

Хариуцагчийн зүгээс “...С.Б нь манай оффист байхдаа компанийн албан бланк болон тамгыг ашиглаж ийм бичиг үйлдсэн”, “...уг албан бланк дээр мөнгө өгөх талаар бичсэн зүйл байгаагүй, хоосон байсныг нэхэмжлэгч сүүлд өөрөө нөхөж бичсэн” гэж тайлбарласан. Гэвч хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.

 

Ийм учраас хариуцагч “Х ” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар С.Б т 14,934,400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзнэ. 2020 оны 3 дугаар сард нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг 14,934,400 төгрөгөөс хасаад үлдэх 13,434,400 төгрөгийг хариуцагчаас шаардсан талаар дээр дурдсан.  

 

Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд заасан байдаг.

 

Хэрэгт авагдсан А.А гийн “Хаан” банкны дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч С.Б нь нийт 1,104,200 төгрөгийг хүлээн авсан байна. Мөн тэрээр шүүх хуралдаанд “...надад хариуцагч тал 200,000 төгрөгийн үнэ бүхий гар утас өгсөн” гэсэн тайлбарыг гаргасан. Иймд дансаар шилжүүлсэн 1,104,200 төгрөг, гар утасны үнэ 200,000 төгрөг, нийт 1,304,200 төгрөгийг хариуцагч “Х ” ХХК нь гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж үзэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. 

 

Нэхэмжлэгч “...урьд нь найз нөхдийн харилцаатай байсан учир би гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсний хөлсөндөө 10,000,000 төгрөгийг төлбөрт авахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Уг тайлбарыг үндэслэж нэхэмжлэгчийн шаардсан 10,000,000 төгрөгөөс 1,304,200 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг хариуцагч “Х ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгтэй харшлахгүй гэж шүүхээс үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-иас 8,695,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,738,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-иас 154,083 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ