Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00533

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00533

 

 

 

С.Б-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03587 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч ХА ХХК холбогдох

Ажлын хөлс 13 434 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн төлөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд ХА ХХК-ийн захирал А.Амартүвшинтэй би найз Б.Одгаригаар дамжуулан танилцсан. Би 2017 оноос хойш тус компанид ажиллахдаа эрүү, иргэний шүүх хуралдаануудад оролцож, цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг маргаанууд дээр нь ажилласан байдаг бөгөөд энэ хугацаанд нийт 30 автомашиныг хариуцагч компанид олж өгөх, зээл төлүүлэх ажлыг хийсэн. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ХА ХХК нь надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Хариуцагч ХА ХХК-ийн зүгээс надад олж өгсөн, хийсэн ажлын хөлсийг 10 хувь байхаар тохирсон учраас уг 160 000 000 төгрөгийн 10 хувь нь 16 394 400 төгрөг болж байгаа юм. Уг гэрээний Хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо хэсэг дээр би 16 394 400 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлсний үлдэгдэл 14 934 400 төгрөг гэж бичсэн. Хариуцагчийн төлөөлөгч А.Амартүвшин нь уг гэрээ байгуулагдсанаас хойш надад бэлнээр 1 500 000 төгрөг, дансаар 1 104 200 төгрөг, мөн 200 000 төгрөгт тооцож гар утас өгсөн байдаг. Уг төлбөрөөс 2020 оны 3 дугаар сард надад бэлнээр өгсөн 1 500 000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 13 434 400 төгрөг болж байгаа. Өнөөдрийн хурал дээр хариуцагч талаас гар данс гээд бичгийн баримтууд өгч байна. Уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна би эдгээр баримтууд дээр огт гарын үсэг зурж байгаагүй, уг баримтуудын дагуу мөнгө авч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үлдэгдэл 13 434 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэхдээ бид урьд нь найз нөхдийн харилцаатай байсан учир би гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсний хөлсөндөө 10 000 000 төгрөгийг төлбөрт авахад татгалзах зүйлгүй гэжээ. 

 Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч С.Б-тай 2016 онд танилцсан. С.Б- нь манайд албан ёсоор ажилладаггүй. Хамгийн анх би түүнд ...2-3 автомашинаа барьцаалсан хүмүүс олдохгүй байна. Эдгээр хүмүүсийг олж өг, харин шүүхээр явах шаардлагатай бол дуудаад тухай үед нь үнээ тохироод явах саналыг л тавьсан. Би төлбөрийг бэлнээр болон дансаар тухай бүрд нь төлөөд явж байсныг нэхэмжлэгч дурдахгүй байна.  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ХА ХХК нь нэхэмжлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ төлбөр төлөх хэсэг нь тухайн үедээ хоосон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг хоосон зайд нь өөрөө төлбөрийн хэмжээг нөхөж бичсэн байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн С.Б-т гэж хаягласан төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, төлбөрөө төлнө гэсэн агуулга бүхий бичиг байгаа. Уг албан бичиг дээрх гарын үсэг нь А.Амартүвшингийн гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин А.Амартүвшингийн ах А.Шинэ-Амар гэж хүн гарын үсэг зурсан. Тухайн үедээ нэхэмжлэгч нь А.Шинэ-Амарт ...яаралтай ажил гарсан тул гарын үсгээ зур гэж хэлсэн тул хоосон цаасан дээр гарын үсэг зураад тамга дарсан байдаг. Гэтэл С.Б- нь ийм нэхэмжлэл гаргах гээд анхнаасаа бэлдээд явж байсан байна. Нэхэмжлэгч ...би 30 автомашин олж өгсөн, 3 хэрэг шүүхээр шийдвэрлүүлсэн. Эрүү, иргэн зөрчлийн хэрэг дээр явсан гэж байна. Гэтэл ийм их ажил хийсэн гэдэг нь ганцхан гэрээгээр шийдэгдэж байгаа нь эргэлзээтэй. Анх гэрээ байгуулж байхад ийм их хэмжээний төлбөртэй байхаар огт тохироогүй. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид өмгөөллийн хөлс гэж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 370 200 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 200 000 төгрөг, нийтдээ 1 104 200 төгрөг, мөн 200 000 төгрөгт тооцож гар утас зэргийг өгч байсан. Мөн манайхаас хэрэгт өгсөн гар данс-наас үзэхэд бид нэхэмжлэгчид их, бага хэмжээгээр хоол унаа, өмгөөллийн хөлсийг өгч байсан нь харагдана. Гэрээний үнийг нэхэмжлэгч өөрөө нөхөж, нууцаар бичсэн, гэрээний дагуу ийм их мөнгөн дүнг шаардах хэмжээний ажил хийсэн гэдэг нь эргэлзээтэй, хөлс мөнгөө хэрхэн тохирсон нь мэдэгдэхгүй ганц гэрээгээр ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хуульчийн үйл ажиллагаанд баримтлах ёс дүрэмтэй зөрчилдөж байгаа, нэхэмжлэгчийн хийсэн гээд байгаа ажлуудын дагуу хариуцагчид ямар нэг ашигтай байдал үүсээгүй, бусдаас авах ёстой авлагууд нь хариуцагчид орж ирээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХА ХХК-аас 8 695 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 738 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХА ХХК-аас 154 083 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Хуульчийн мэргэжлийн дүрмээр хуульч, үйлчлүүлэгч, хуульчид хоорондын харилцаа, хуульчдын нийтийн өмнө хүлээх үүрэг, ашиг сонирхлын зөрчил, нууцлал, эрх хэмжээ, хараат бус байдал болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулна гэж, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаандаа энэ хуулийн 41.6.5-д заасан Ёс зүйн дүрмийг баримталж ажиллана гэж тус тус заажээ. Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд байгуулагдсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцааг дээрх дүрмүүдээр зохицуулахаар хуульчилсан байна. Гэтэл шүүх "ХА" ХХК-ийн захирап А.Амартүвшин, өмгөөлөгч С.Б- нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний зорилго, хүрээ, хөлс зардлын талаар Хуулчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасчаар хуульчийн мэргэжлийн дүрэм, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээр илүү нарийвчлан зохицуулсан байх тул энэ дүрмийн заалтуудыг хэрэглэж тухайн маргааныг шийдвэрлэх ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан байхад шүүгч хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын үр дүн биш, ажиллах процесс гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрвээ ажиллах процесс нь өөрөө ажлын хөлс зардал гэж тооцох юм бол талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгасан мөнгөн дүн ямар ажлын хүрээнд хамаарах байсан нь нотлогдоогүй.

Нэхэмжлэгч хийсэн ажлын үр дүн гэж 2 албан бичиг, 2 гүйцэтгэх хуудас, 1 захирамж, 3 шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтууд нь өмгөөлөгч С Болдбаатарын нэхэмжлэлдээ дурьдсан 160 000 000 орчим төгрөгийн үнэлгээ бүхий барьцааны зүйл болох 30 автомашиныг "ХА" ХХК-д олж. өгч төлүүлсэн гэх зээлийн дүнг нотлох хангалттай баримт болж чадаагүй. Мөн С.Б- нь "ХА" ХХК-ийн албан маягт, тамгыг ашиглан, ХА ХХК нь төлбөрийг хүлээн зөвшөөрсөн мэтээр хуурамч баримт бичиг үйлдэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд түүн дээрх гарын үсэг нь А.Амартүвшингийнх биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүх уг баримтыг үнэлээгүй нь хуульд нийцээгүй. Нэгэнт баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байхад гэрээнд үнийн дүнг нэхэмжлэгч хуурамчаар нөхөж бичсэн байна гэсэн хариуцагчийн тайлбар бодитой байгаад ч шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч ХА ХХК-д холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 13 434 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч ХА ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч ХА ХХК нь үйлчилгээ үзүүлсний хөлс төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-нд талууд гарын үсэг зурж, тамга дарсан талаар маргаагүй байна. /хх-ийн 7-8/

 

Дээрх гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан дээрх гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо, ХА ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ...Таны ирүүлсэн гэрээний үүрэгт нийт 14,934,400 төгрөг гаргуулах хүсэлттэй танилцлаа. Гэрээнд заагдсан төлбөрийг зөвшөөрч байна гэсэн агуулгатай, С.Б-т гэсэн албан бичиг, ХА ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хандсан албан бичиг, ХА ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Тээврийн цагдаагийн газарт хандсан албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/02020 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, уг захирамжийг үндэслэж гарсан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1097 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/02085 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, уг захирамжийг үндэслэж гарсан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1172 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/11388 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ХА ХХК-аас С.Б-т өгсөн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02293 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/02153 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/01979 дугаартай шийдвэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг хууль заасан журмын дагуу үнэлжээ.

 

Нэхэмжлэгчийн миний 3 жилийн ажлын хөлс гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн ...С.Б-тай 2016 онд танилцсан. С.Б- нь манайд албан ёсоор ажилладаггүй. Хамгийн анх би түүнд 2-3 автомашинаа барьцаалсан хүмүүс олдохгүй байна. Эдгээр хүмүүсийг олж өг гэсэн харин шүүхээр явах шаардлагатай бол дуудаад тухай үед нь үнээ тохироод явах саналыг л тавьсан... гэх тайлбар, нэхэмжлэгчийн хэдэн оноос эхэлж ажилласан бэ гэсэн асуултад ...2 жил болж байгаа байх... гэж хариулсан гэрч А.Шинэ-Амарын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 224-225/

 

Гэрээний хавсралтад заасан хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо Хууль зүйн үйлчилгээний хөлс нь нийт 16 394 400 төгрөг байна, 3-т Хууль зүйн үйлчилгээний хөлсний үлдэгдэл 14 934 400 төгрөг... гэсэн бичмэл баримтад ХА ХХК-ийг төлөөлч А.Амартүвшин гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсныг хуулиар хориглосон хэлцэл гэж үзэхгүй, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Харин ХА ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ...Таны ирүүлсэн гэрээний үүрэгт нийт 14 934 400 төгрөг гаргуулах хүсэлттэй танилцлаа. Гэрээнд заагдсан төлбөрийг зөвшөөрч байна гэсэн агуулгатай, С.Б-т гэсэн албан бичигт А.Амартүвшин гарын үсэг зураагүй, түүний өмнөөс гэрч А.Шинэ-Амар гарын үсэг зурсан болох нь гэрч А.Шинэ-Амарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг албан бичгийг хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн баримт гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй.

 

Хариуцагч талаас ...гэрээний хавсралт дахь хууль зүйн үйлчилгээний хөлс, мөн хууль зүйн үйлчилгээний хөлсний үлдэгдэл гэсэн хэсгүүд нь гэрээ байгуулах үед хоосон байсан, нэхэмжлэгч дараа нь нөхөж бичсэн байна... гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тайлбар өөр нотлох баримтаар нотлогдоогүй, шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2854 дүгээр дүгнэлтээр уг байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Б- нь дансаар хүлээн авсан 1 104 200 төгрөг, гар утасны үнэ 200 000 төгрөг, нийт 1 304 200 төгрөгийг хариуцагч ХА ХХК нь гэрээний төлбөрт өгсөн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон ба анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбарыг үндэслэн хариуцагчаас ажлын хөлс 8 695 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.

 

Хариуцагч хуурамч баримт бичиг үйлдэж, түүн дээрх гарын үсэг нь А.Амартүвшингийнх биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүх уг баримтыг үнэлээгүй нь хуульд нийцээгүй гэж гомдол гаргаж байгаа боловч гэрээний хавсралтад заасан хууль зүйн үйлчилгээний төлбөрийн талаарх тохиролцоо гэсэн бичмэл баримтад ХА ХХК-ийг төлөөлж А.Амартүвшин гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар няцааж чадаагүй, уг нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХА ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 156 488,47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ