Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00910

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .............. тоот хаягт байрлах, Н ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, Т ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцааны зүйлийн зөрүү мөнгө 16.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 08 сарын 15-ны өдөр Т ХХК-аас 6.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөөд автомашинаа авна гэж бодож байсан. 1 жилийн төлбөр 7.500.000 төгрөг болох ёстой байсан. Зээлээ төлөөд 2 жил болж байхад осолд орсны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон. Баярмагнай гэдэг залууд төлбөрөө төлж чадахгүй байгаа талаар учраа хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад миний машиныг зарсан байсан. Би машинаа 33.000.000 төгрөгөөр худалдаж авсан, ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан. Гэтэл миний машиныг 12.000.000 төгрөгөөр зарсан байсан. Би гомдолтой байна, зөрүү мөнгөө авах гэж шүүхэд хандсан. Би удаа дараа ах нь машинаа буцааж авна, ахынхаа машиныг битгий зараарай гэж хэлж байсан. Намайг хөлгүй болсон учир дээрэлхэж миний машиныг надад хэлэлгүйгээр зарсан байсан. Машинаа авахаар 10.000.000 төгрөг авч очиход машиныг өгөөгүй. Үүнтэй холбоотой баримт хэргийг материалд байгаа. Иймээс би машиныхаа зөрүү мөнгийг авья, хүнийг эд хөрөнгийг үнэгүйдүүлж болохгүй. Би "Т" ХХК-д 28.000.000 төгрөгөөр худалдах машин, эсхүл би зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би "П" ХХК-д 28.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан. Миний нүд харахгүй, хөл гэмтсэн, хүний асаргаанд байгаа. Машины зарсан зөрүү 16.000.000 төгрөгөө авмаар байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Фидуцийн гэрээ байгуулсныг зөвшөөрч байгаа. Гэхдээ Ч.Ч-т ямар үр дагавартай болохыг тайлбарлаж өгөөгүй. "Т" ХХК-ийн менежертэй уулзаж ярилцаад, бичгээр тодорхойлолт гаргаж өгсөн талаар нэхэмжлэгч ярьдаг. Уг тодорхойлолтыг "Т" ХХК-аас хавтаст хэрэгт гаргаж өгөхгүй байгаа. Автомашиныг хураан аваад, зарсан үйл баримт харагдаж байна. Зарахдаа Ч.Ч-т ямар үнээр, хэнд зарсан талаар огт мэдэгдээгүй. Тухайн үед Ч.Ч өвчтэй байсан талаар нотлох баримтаа гаргаж өгсөн. Энэ хүний хөл нь хугарсан, нүд нь харахгүй болсон. Иймд Ч.Ч-ын хууль ёсны эрх ашгийг зөрчиж автомашиныг зарсан байх бүрэн үндэслэлтэй байна. Автомашин эвдрэл гэмтэлтэй байсан гэдэг боловч тэрийг нотлох техникийн үзлэгээр орж, тогтоосон баримт байхгүй. Зөвхөн амаараа л тайлбарлаж байгаа. Ч.Ч миний автомашинд ямар ч асуудал байхгүй, 33.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарладаг. Хүний үнэ цэнэтэй зүйлийг зарчихаад одоо эвдрэл гэмтэлтэй, зарах гэж удсан гэж хэлж болохгүй. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 сарын 15-ны өдөр талууд зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00-00 ААА улсын дугаартай Форд экспедишн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч, талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу талууд 2018 оны 08 сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 2018 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Зээлийн гэрээний 1.2.6-т зээлийн эргэн төлөлтийг 30-аас дээш хоног хэтрүүлсэн байна. Зээлийн эргэн төлөх хугацааг 540 хоногоор хэтрүүлсэн тул автомашиныг хураан авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 сарын 10-ны өдөр дууссан. Нэхэмжлэгчтэй 00-00 ААА улсын дугаартай автомашиныг худалдан борлуулаад, зөрүү төлбөрийг буцаан олгох талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. 00-00 ААА улсын дугаартай Форд экспедишн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, зээл, үндсэн хүү, алдангийн төлбөрийг хаалгах хүсэлттэй гэдгээ өөрөө зөвшөөрсөн учир худалдан борлуулах нь зүйтэй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн тээврийн хэрэгслийн зөрүү төлбөртэй холбоотой талууд харилцан тохиролцсон зүйл байхгүй. Энэ нь 2018 оны 08 сарын 15-ны өдрийн фидуцийн гэрээгээр нотлогдоно. Фидуцийн гэрээ байгуулагдсан учир тээврийн хэрэгслийн зөрүү төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ байгуулснаар зээлдэгч мөнгийг эргэн төлөөгүй тохиолдолд эд хөрөнгийг өмчлөлдөө авч, гэрээг дуусгавар болгоно. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс Т ХХК нь 5100 УНЧ улсын дугаартай Форд экспедишн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. Фидуцийн гэрээний онцлог нь үүргийг гүйцэтгэл хангуулж байгаа эд хөрөнгө үүргийг үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч эрсдэлээ өөрөө хүлээнэ. Зээлдэгч зээлээ төлөөгүй буюу зээл төлөх боломжгүй болсон үед үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө авч, эрсдэлээс өөрийгөө хамгаална. Харин зээлдэгч нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх агуулгатай. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу эд хөрөнгийг бодитоор гаргуулах авснаар фидуцийн гэрээ дуусгавар болж үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлд хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан эсэх талаархи асуудал яригдана. Хэрвээ хуулийн этгээдээр нэхэмжлэлээ гаргасан бол тамга тэмдэг дарагдсан байх ёстой. 2020 оны 07 сарын 21-ний өдөр өөрөө зарах зөвшөөрөл өгсөн гэдэг зүйл яригддаг. Зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй учир тухайн үр дагавар үүссэн. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ойлгож байгаа нь харагдаж байна. Зээл хүүний тооцооллын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн картын огноо нь 2020 оны 08 сарын 01-ний өдөр байгаа. Гэтэл зээлийн гэрээ, фидуцийн гэрээний харилцаа хугацаа дууссаны дараа болсон асуудал. Тухайн эмнэлгийн карт нотлох баримтын шаардлага хангаж байгаа, үндэслэл бүхий гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ нь маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Талууд зөрүү мөнгийг тохиролцсон гэж нэхэмжлэгч ярьсан. Тийм тохиролцоо байгаагүй гэдгийг Ч.Б төлөөлөгч хэлсэн. Нэхэмжлэгч тухайн автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдан авсан гэсэн. Худалдах худалдан авах гэрээг хийхдээ 2017 оны 04 сарын 26-ны өдрийн огноотой, гэтэл уг гэрээг баталгаажуулсан нотариатын огноо нь 2017 оны 04 сарын 25-ны өдөр буюу гэрээ байгуулагдахаас 1 хоногийн өмнө баталгаажуулсан нь ямар учиртай юм бэ? Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу нотлох баримт эргэлзээгүй үнэн зөв байх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа. Хэрвээ 33.000.000 төгрөгөөр худалдаж авсан ч тухайн хүний эдэлгээнээс хамаарч үнэ нь буурна. Тиймээс 33.000.000 төгрөгийн автомашин байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Фидуцийн гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болж байна. Тухайн автомашиныг 2019 оны 12 сард хураан аваад 2020 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй. Зээлээ төлөөд эд хөрөнгөө буцааж авах боломж байсан. Өөрөө зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөд буцаан авах боломж байхад аваагүй байж, нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан тул зөрүү төлбөрийг асуудал яригдахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан барьцааны зүйлийн зөрүү мөнгөнд 16.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зээлийн төлбөрт фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлэн авч, өглөг, авлага дууссан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Н ХХК нь Т ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 03802552 тоот 6.000.000 төгрөгийг 30 хоногийн 4.0 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, хариуцагчийн өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай, хар хөх өнгийн Форд Экспедишн маркийн автомашиныг хариуцагч Т ХХК-ийн нэр дээр бүртгүүлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дуусахад хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй учир 2019 оны 11 дүгээр сард хураан авч, 2020 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг тооцож, фидуцийн гэрээний зүйл болох 00-00 ААА улсын дугаартай автомашиныг худалдан борлуулахыг хариуцагч байгууллагад зөвшөөрсөн талаар зохигчид маргахгүй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Г.Батжаргалд 8.000.000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдэх 6.000.000 төгрөгт фидуцийн болон зээлийн гэрээ байгуулж, худалджээ. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээний зүйл болох 00-00 ААА улсын дугаартай автомашиныг гуравдагч этгээдэд 14.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Талуудын хоорондын маргааны асуудал нь барьцааны зүйлийг бага үнээр худалдсантай холбоотой маргаж байна.

Нэхэмжлэгч тал хүний 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан автомашиныг 14.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцсон нь үндэслэлгүй, 30.000.000 төгрөгөөр худалдах боломжтой гэж 16.000.000 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасныг баримтлан шаардаж байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж татгалзаа тайлбарлаж байна.

Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч 11 сарын хугацаанд өөрөө санаачлага гарган автомашиныг худалдан борлуулаагүй, улмаар хариуцагч байгууллагад автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрсөн, автомашин нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 30.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотолж чадаагүй, фидуцийн гэрээг ойлгоогүй, энэ талаар хариуцагч байгууллагаас тайлбарлаж өгөөгүй гэх боловч хууль мэдэхгүй байдал нь түүнийг гэрээний талаар төөрөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй байх тул нийт 14.000.000 төгрөгийн үүрэгт 2019 оны 11 дүгээр сард үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох 00-00 ААА улсын дугаартай, хар хөх өнгийн Форд Экспедишн маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авсан байна.

Фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдлээ өөрсдөө хүлээдэг.

Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэхээр байх тул Н ХХК-ийн барьцаа хөрөнгийн зөрүү мөнгө 16.000.000 өгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-иас 16.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсыг тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ