Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00811

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00811

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00910 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК-д холбогдох

Барьцааны зүйлийн зөрүү 16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК захирал Ч.Ч миний 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх С ломбардад өөрийн эзэмшлийн 000 улсын дугаартай хар хөх өнгийн Форд экспедишн маркийн машиныг явах нөхцөлтэйгөөр зээлэнд тавьж 6 000 000 төгрөг авсан юм. Эрүүл мэндийн шаардлагын улмаас төлбөрөө төлж чадалгүй 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С ломбардын дэргэдэх Т ХХК-тай тохиролцож өөрийн зүгээс хүсэлт бичиж өгч Форд экспедишн маркийн хар хөх өнгөтэй 0000 улсын дугаартай машиныг зарж борлуулахыг зөвшөөрч зээлийн үндсэн төлбөр болон хүү алданги 12 500 000 төгрөг болсныг төлж барагдуулаад үлдэгдэл мөнгийг надад олгохоор тохиролцсон. Би энэ машиныг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Хүслэн гэдэг хүнээс 33 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Би 33 000 000 төгрөгийн үнэтэй машинаа 6 000 000 төгрөгийн зээлд тавьж эргэн төлөлт хийлгүй худалдаж борлуулах эрх нь олгосон нь үнэн. Миний машиныг зараад 12 500 000 төгрөгийн зээлд хүү алдангийг тэглэсэн байдаг, үлдэгдэл 20 500 000 төгрөг үлдэж байна. Би хэдийгээр үлдэгдэл 20 500 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч Т ХХК-аас уян хатан байдал гаргаж үлдэгдэл 16 000 000 төгрөг албан ёсоор нэхэмжилж байна. Би Т ХХК-д 28 000 000 төгрөгөөр худалдах машин, эсхүл би зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би Ы ХХК-д 28 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан. Миний нүд харахгүй, хөл гэмтсэн, хүний асаргаанд байгаа. Машины зарсан зөрүү 16 000 000 төгрөгөө авмаар байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр талууд зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 000 улсын дугаартай Форд экспедишн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч, талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу талууд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний 1.2.6-т зээлийн эргэн төлөлтийг 30-аас дээш хоног хэтрүүлсэн байна. Зээлийн эргэн төлөх хугацааг 540 хоногоор хэтрүүлсэн тул автомашиныг хураан авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Нэхэмжлэгчтэй 000 улсын дугаартай автомашиныг худалдан борлуулаад, зөрүү төлбөрийг буцаан олгох талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. 000 улсын дугаартай Форд экспедишн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, зээл, үндсэн хүү, алдангийн төлбөрийг хаалгах хүсэлттэй гэдгээ өөрөө зөвшөөрсөн учир худалдан борлуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн тээврийн хэрэгслийн зөрүү төлбөртэй холбоотой талууд харилцан тохиролцсон зүйл байхгүй. Энэ нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн фидуцийн гэрээгээр нотлогдоно. Фидуцийн гэрээ байгуулагдсан учир тээврийн хэрэгслийн зөрүү төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээ байгуулснаар зээлдэгч мөнгийг эргэн төлөөгүй тохиолдолд эд хөрөнгийг өмчлөлдөө авч, гэрээг дуусгавар болгоно. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс Т ХХК нь 000 улсын дугаартай Форд экспедишн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. Фидуцийн гэрээний онцлог нь үүргийг гүйцэтгэл хангуулж байгаа эд хөрөнгө үүргийг үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч эрсдэлээ өөрөө хүлээнэ. Зээлдэгч зээлээ төлөөгүй буюу зээл төлөх боломжгүй болсон үед үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө авч, эрсдэлээс өөрийгөө хамгаална. Харин зээлдэгч нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх агуулгатай. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг бодитоор гаргуулж авснаар фидуцийн гэрээ дуусгавар болж үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-иас 16 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсыг тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ч.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК-аас 6 000 000 төгрөг зээлсэн. 33 000 000 төгрөгийн үнэ бүхий 000 улсын дугаартай Форд экспэдишн маркийн машинаа барьцаанд тавьж зээл авсан. 6 000 000 төгрөгийн зээлийн 1 жилийн төлбөр нь үндсэн зээл хүүтэйгээ нийлээд 7 500 000 төгрөг болох ёстой байсан. Гэтэл Ч.Ч авто машины осолд орж хэвтэрт орсны улмаас зээлээ төлж барагдуулаагүй байдаг. Ч.Ч Т ХХК-ийн менежер н.Баярмагнай гэдэг хүн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр фидуцын гэрээ байгуулахдаа ямар үр дагавартай болохыг тайлбарлаж өгөлгүй гэрээ байгуулаад зогсохгүй 28 500 000 төгрөгөөр зарна тэгээд зөрүүг нь танд өгнө гэж хэлээд Ч.Чаар баталгаа бичүүлж авсан байдаг. Ч.Чын зүгээс өвчтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж миний машиныг зарж болохгүй шүү ах нь 33 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм шүү гэж удаа дараалан гуйж байгаад эцэст нь шахалтад орж худалдахыг зөвшөөрөхдөө 28 500 000 төгрөгөөс доош зарж болохгүй шүү хэрэв зарагдвал зөрүүг нь ахдаа өгөөрэй гэж тохиролцсон атлаа үнэгүйдүүлэн хямд үнээр зарсан нь Ч.Чын хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ гэж үзэхээс өөр аргагүй байдал харагдаж байна. 33 000 000 төгрөгийн үнэ бүхий 000 улсын дугаартай Форд экспэдишн маркийн машиныг эвдрэл гэмтэлтэй байсан тэгээд хямдруулан зарсан гэдэг боловч уг эвдрэлтэй гэдгийг нотолсон зүйл огт байхгүй байгаа нь туйлийн хачирхалтай байгаа юм. Иймд Н ХХК-ийн захирал Ч.Чын Т ХХК-иас 16 000 000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс дахин шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан барьцааны зүйлийн зөрүү мөнгө 16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н ХХК нь Т ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 03802552 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 30 хоногийн 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгө болох 6 000 000 төгрөгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй байна. /хх.11/

Анхан шатны шүүх хариуцагч барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгож зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.

Т ХХК-ийн С авто ломбард нь Н ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж, 000 улсын дугаартай, хар хөх өнгийн Форд Экспедишн маркийн автомашиныг хариуцагч Т ХХК-ийн нэр дээр бүртгүүлжээ./хх.13/

Анхан шатны шүүх талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна.

Учир нь, хариуцагч Т ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээлдэгчтэй Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулах байтал Иргэний хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу 000 улсын дугаартай, хар хөх өнгийн Форд Экспедишн маркийн автомашиныг нэхэмжлэгч Н ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, Барьцаалан зээлдэх газар нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийг хэрэглэх боломжгүй бөгөөд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан хэм хэмжээгээр зохицуулагдах бөгөөд мөн хуулийн 286.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...Зээлийн эргэн төлөх хугацааг 540 хоногоор хэтрүүлсэн тул автомашиныг хураан авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Нэхэмжлэгчтэй 000 улсын дугаартай автомашиныг худалдан борлуулаад, зөрүү төлбөрийг буцаан олгох талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй гэж тайлбарласан байна.

Фидуцийн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжсэн 000 улсын дугаартай, хар хөх өнгийн Форд Экспедишн маркийн автомашин бусдад худалдан борлуулагдсан байгаа тул биет байдлаар буцаах боломжгүй болсон үйл баримт тогтоогджээ.

Хэргийн 54 дүгээр талд иргэн Г.Батжаргалаас С ломбардын захиралд гаргасан өргөдлийн хуулга авагдсан, уг өргөдөлд Г.Батжаргал нь тус ломбардаас 000 улсын дугаартай Форд Экспедишн маркийн машиныг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 8 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл 6 000 000 төгрөгийг жилийн хугацаатай төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан талаар бичсэн байна. Дээрх бичгийн баримтыг үндэслэн С авто ломбард маргааны зүйл болж буй автомашиныг 14 000 000 төгрөгөөр бусдад худалдсан гэж үзэж уг үнээр автомашины үнийг тооцох боломжгүй юм.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 2 880 000 төгрөг, алдангид 4 440 000 төгрөг нийт 13 320 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-гээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч нь 000 улсын дугаартай, хар хөх өнгийн Форд Экспедишн маркийн автомашиныг 33 000 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч тал маргааны зүйл болж буй автомашины үнийг хэдэн төгрөгөөр худалдсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул дээрх гэрээний үнээр тооцож уг үнийн дүнгээс зээлийн үүргийг хасч /33 000 000-13 320 000=19 680 000/ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 16 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 16 000 000 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж Н ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 16 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 237 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО