Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0146

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ю.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ю.*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 4553984 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ю.*******д олгож, нэхэмжлэгч Ю.*******ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ю.*******ыг ажилд эгүүлэн тогтоох буюу өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус газрын Эрүүл мэндийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Ю.******* нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлэн хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах 2 жилийн чөлөө олгосон.

Ю.******* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин хүүхэд төрүүлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөлдөө чөлөөний хугацааг дурдаагүйгээс хүүхэд асрах чөлөөг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн чөлөөг дахин олгосон. Ю.*******ын хүүхэд асрах чөлөө хуулийн дагуу дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу ажлын байраар хангах бөгөөд ямар нэгэн маргаан үүсгээгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Ю.*******ын хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг ажилгүй байсан хугацаа хэмээн тооцож ажилгүй байсан хугацааны цалинг 8 cap 20 хоногоор тооцон 4553984 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ю.*******ын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг үндэслэн ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн үзэж Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Монгол улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журмыг баталсан бөгөөд 2 дахь бүлгийн И-д төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол нь асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацаа ажилласан хугацаанд тооцно гэж заасан байтал шүүх уг байдалд үнэлэлт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-д тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог бөгөөд ажилгүй байсан хугацаа гэж тооцох боломжгүй бөгөөд Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 1 В-д заасны дагуу хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг байгууллага нь Засгийн газраас тогтоон тухай үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож нийгмийн даатгалын санд төлнө гэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлж дэвтрийг баталгаажуулсан байгаа.

Иймд анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийг үнэлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ю.******* Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас “...хүүхэд асарсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог бөгөөд ажилгүй байсан хугацаа гэж үзэх боломжгүй учир цалин гаргуулах үндэслэлгүй...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ю.******* 2012 оны 12 дугаар сарын 25 болон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс тус тус хүүхэд асрах чөлөө авсан байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа орох хүсэлтээ гаргасан болох нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасныг зөрчиж, Ю.*******ыг хүсэлт гаргасан үеэс нь ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл өөр ажил олж өгч, цалин хөлс авах төрийн албан хаагчийн баталгааг хангах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ю.*******ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг бодохдоо тооцооллын алдаа гаргажээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг хэрэгт авагдсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Шилжүүлэн томилох тухай” Б/38 дугаар тушаалыг үндэслэн 443433 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх нийт ажлын 185 хоногийн /443433:21,5=20625х185/, 3815625 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгохоор байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ю.*******ыг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь буруу юм.

Учир нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ю.*******ын өмнө нь ажиллаж байсан Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн орон тоо түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хасагджээ. Иймд нэгэнт хасагдсан албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох үндэслэлгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу нэхэмжлэгчид өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт даалгах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ю.*******ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ю.*******д өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 3 815 586 /гурван сая найман зуун арван таван мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ю.*******д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                     

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН