Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/00678

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............ байрлах, А ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Архангай аймаг, ................ тоот хаягт байрлах, Э ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.580.282 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж, гэрч Ё.Б, Ч.О, О.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн зүгээс Э ХХК-тай 2018 оны 04 сарын 06-ны өдөр 7/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн нь 29.300.472 төгрөгөөр тохиролцсон. Уг ажил нь Нийслэлийн гэр хорооллын цахилгаан сүлжээ дэд станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах 20.000 айл өрхийг 4 кВт-ын хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах, техникийн боломж, нөхцөлийг бүрдүүлэх ажил буюу хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллагаанд оруулж хүлээлгэн өгөх ажил байсан. Гэрээний 3.2.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг Э ХХК манайх руу шилжүүлсэн. Гэрээний 3.2.2-т заасан тоног төхөөрөмж, ажлын байран бүрэн бүтэн ирснээр 20 хувийн төлбөр төлөгдсөн. Одоо нийтдээ 60 хувийн төлбөр төлөгдсөн байгаа. Гэтэл гэрээний 3.2.2-т заасан ажил гүйцэтгэж дууссаны дараа төлөгдөх ёстой байсан 20 хувийн төлбөр, улсын комисст хүлээлгэж өгсний дараа төлөгдөх 20 хувь, нийт гэрээний 40 хувийн төлбөрийг төлөөгүй байна. Энэ хугацаанд Э ХХК руу удаа дараа албан бичиг хүргүүлж, мэйл хаягаар нягтлангууд холбогдож, төлбөрийг төлж дуусгах талаар хүсэлт, шаардлагаа тавьж байсан. Албан бичиг хүргүүлэхэд хариу өгдөггүй. Сүүлд хариу өгөхдөө танай дутуу орхисон ажлыг өөр газраар гүйцэтгүүлээд, тоног төхөөрөмжийг өөр газраар суурилуулаад, ажиллагаанд оруулаад, хүлээлгэн өгсөн гэдэг хариуг өгч, үлдэгдэл 40 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 11.720.188 төгрөгийг, алданги 5.860.094 төгрөг , нийтдээ 17.580282 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж, А ХХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК, А ХХК-тай 2018 оны 04 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, 23-р хороог Тэц-2 станцын 6 кВт-ын тоосго 1 ячейкыг 60 кВт-д шилжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг ажил нь улсын төсвийн цаг хугацаатай ажил байсан учраас нэхэмжлэгч байгууллагатай гэрээний гол заалтуудыг агуулгыг тодруулсан. А ХХК-д тавьсан саналын дагуу ажлын нийт үнийн дүнгийн 40 хувийг урьдчилгаа хэлбэрээр өгье, харин тухайн ажлыг чанар, стандартын шаардлага хангасан, КН28/А12 загварын хувиарлах шийд, реле хамгаалалт зэрэг шинэ тоног төхөөрөмжүүдийг 12 хоногийн дотор нийлүүлж мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудаар тоног төхөөрөмжүүдээ угсарч, суурилуулан, цахилгаан шугамд холбох ажлыг 7 хоногийн дотор гүйцэтгэж, захиалагч Э ХХК-д Эрчим хүчний хууль тогтоомжийн дагуу актаар хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож, гэрээг байгуулсан. Захиалагч Э ХХК урьдчилгаа 40 хувийг 2018 оны 04 сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Гүйцэтгэгч А ХХК гэрээний 2.2-т заалтын дагуу 2018 оны 04 сарын 28-ны өдөр бүх ажлаа дуусгах ёстой байтал 4 сар гаруй хугацаанд ажлаа дуусгаагүй, дутуу доголдолтой ажлаа актаар хүлээлгэж өгөхгүй алга болсон. Мөн А ХХК-ийн захирал н.Б 2018 оны 05 сарын 28-ны өдөр чанарын шаардлага хангасан КЛ28А12 загварын ячейка ажлын талбарт буусан, тээврийн төлбөр яаралтай төлөх шаардлагатай гэж утсаар ярьсан учир 20 хувийн төлбөрийг нэмж авсан. 2 жилийн дараа үлдэгдэл 40 хувийг төлбөрийг, алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар гүйцэтгэгч компани үүрэгт ажлаа хийгээгүй нь харагдаж байна. Нэхэмжлэгч компани 2018 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ажлаа дуусгаагүй байсан, гэрээний үүргийн 2 сараар хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Ажлаа дуусгахыг удаа, дараа шаардсан. Гэтэл ажлаа хийгээгүй, 17 хоног ячейка буулгасан гэж тайлбарладаг. Эрчим хүчний яам, эрчим хүчний хөгжлийн төвөөс Э ХХК-д өгсөн багц 07 барилга угсралтын ажлын эцсийн тооцоо, санхүүгийн баримтыг хуулбар үнэн тамгатай нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир манай компани ерөнхий захиалагч талд 26.255.542 төгрөгийн алданги төлж хохирсон. Э ХХК нь А ХХК-д 2018 оны 05 сарын 01-ний өдөр гэрээний хугацаа 5 хоногоор хэтэрч байгааг сануулж, 0.1 хувийн алданги тооцож, гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж байсан баримт А ХХК-ийн захирал н.Бийн утасны үзлэгээр гарч ирсэн. 2018 оны 09 сар хүртэл А ХХК-д ажлаа хийж дуусгах талаар 2 удаа албан бичиг явуулсан Ажлын сайн үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул 2018 оны 09 сарын 14-ний өдөр гэрээгээ цуцалсан. Энэ талаар албан бичиг хүргүүлсэн. Хариу ирүүлээгүй учир А ХХК-тай 2018 оны 09 сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. А ХХК 2018 оны 05 сарын 04-ний өдөр ажлын зургийн дагуу захиалсан ячейкыг суурилуулах боломжгүй байсан учир дахин захиалж хийлгэхээр болсон гэсэн албан бичгийн шүүхэд гаргаж өгсөн байсан. Улсын чанартай тендерийн ажлын зураг алдаатай гарсан байх магадлал бараг байхгүй. Хэрэв тийм тохиолдол гарсан бол Иргэний хуулийн 350.1.3-т заасны дагуу гэрээний хугацаа хэтэрснээс хойш биш, гэрээний хугацаа эхлэхээс өмнө мэдэгдэх ёстой байсан. А ХХК манай компанитай гэрээ байгуулахдаа эрчим хүчний стандартанд нийцсэн КН28А12 загварын тоноглогдсон ячейкыг 5300 доллар буюу 12.677.600 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Гаалийн байгууллага ячейкыг 4.913.803 төгрөгөөр суурь үнэлгээг хийж, 1.031.898 төгрөгийн татвар оногдуулж, нийтдээ 6.000.000 гаруй төгрөгөөр оруулж ирсэн. Зургийн үзэхэд КН28А12 загварын тууж, шошго байхгүй, хайрцаг сав баглаа боодол байхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хуучин ячейка байсан учир шинэ ячейкаар солих үүрэг даалгавар өгсөн. 2018 оны 05 сарын 28-ний өдөр шинэ ячейкны урьдчилгаа шаардахаар нь очтол КТФ4 гэсэн туузан наалттай, урд талдаа КН28А12 гэсэн бичигтэй, хуучин хөнгөн цагаан Монголд ашиглаж байгаад актлагдсан байж болох хуучин ячейка тавьсан байсан. Орчин үеийн бараа бүтээгдэхүүн цахим орчинд харахаар КН28А12 загвар гэсэн туузан наалттай байдаг. Нэхэмжлэгч компаниас болж ажил саатсан, мөн инженер техникийн ажилтан байхгүй байсан. Ерөнхий захиалагч Улаанбаатар дулааны сүлжээ манай байгууллагаас ажил хүлээн авах ёстой, туслан гүйцэтгэгчээс хүлээж авахгүй. А ХХК-аас болж маш их хэмжээний алданги төлсөн. Нэхэмжлэгч компани хийсэн бүх ажлыг үгүйсгээгүй. Ячейкаас бусдыг 100 хувиар тооцож үзэхээр 10.622.872 төгрөг болж байгаа. Ямар ч ажлыг актаар хүлээж авах ёстой байсан. 7 хоногийн ажлыг 2 сар болсон. Нэхэмжлэгч байгууллага 4 сарын хугацаанд хийж чадаагүй. 6.000.000 төгрөгийн ажлыг 20 хувиар тооцож бодох ёстой. А ХХК үндсэн тохиролцоогоо зөрчсөн учир гэрээний 4.2, 4.3, 4.5, 5.4, 6.1, 6.2, 7.2 заалтууд хэрэгжээгүй. Ерөнхий гүйцэтгэгч компани дүрэм журмын дагуу талбайн журнал хөтөлж, бүх зүйлийг хийгээд ажлыг хүлээлгэж өгдөг. А ХХК нь мэргэжлийн ажилтнаар ажил гүйцэтгүүлнэ гэсэн. Манай компани гэрээний үнийн дүнгийн 60 хувийг шилжүүлсэн байхад А ХХК Иргэний хуулийн 206.1, 208.1, 222.1.1, 222.1.2, 186.1, 211.1 заалтууд болон гэрээний 7.2, 2.2, 3.2.2, 5.4, 4.3, 4.5, заалтуудыг ноцтой зөрчсөн. Манайх нэхэмжлэгч компанид гэрээний үнийн дүнгийн 14.358.392 төгрөг төлөх ёстой. Гэтэл урьдчилгаа 60 хувь болох 17.580.283 төгрөгийг А ХХК-д өгсөн. 3.221.891 төгрөгийг илүү төлсөн. Манай байгууллага А ХХК-аас мөнгө авах ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрт 11.720.188 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 5.860.094 төгрөг, нийт 17.580.282 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч ажлаа хугацаа хэтрүүлж, чанарын шаардлага хангахгүй, дутуу хийсэн, хариуцагчийн зүгээс гэрээг цуцалсан, дутуу ажлыг өөр байгууллагаар хийлгэж дуусгасан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

А ХХК нь Э ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 07/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр А ХХК нь Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж, хүчин чадлийг нэмэгдүүлэхэд шаардагдах 20.000 айл өрхийг 4.0 кВтын хүчин чадалтай цахилгаан халаагуураар хангах техникийн боломж бүрдүүлэх ажил БАГЦ-07 ажлын Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо, ТЭЦ-2 станцын 6кВт-ын Тоосго 1 фидерийн ачааллыг хувааж, 10кВ-д шилжүүлэх, ХВ-48 хуваарилах байгууламжийн өргөтгөлийн реле хамгаалалтын ажил буюу Инно Енержи ХХК-ийн Шифр:ИЭ02/2017-1 тоот зурагт тусгагдсан бүх ажлыг цогцоор нь 19 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн, шаардлага хангасан үр дүнг Э ХХК-д хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байх тул Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг баримтлан талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд дээрх ажлыг хийхэд шаардлагатай бараа материалын зардал 23.300.472 төгрөг, ажлын хөлс 6.000.000 төгрөг, нийт 29.300.472 төгрөг байхаар, урьдчилгаа төлбөрт 40 хувь, бараа ажлын байранд ирэхэд 20 хувь, ажил гүйцэтгэж дуусаад акт үйлдэхэд 20 хувь, Улсын комисс хүлээн авч, комиссын акт бүрэн зурагдсны дараа үлдсэн 20 хувийг төлөхөөр тохиролцож, гэрээнд заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 40 хувийн төлбөрт 11.720.188 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20 хувийн төлбөрт 5.860.094 төгрөгийг дансаар төлжээ.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгчийн БНХАУ-аас захиалсан ячейка нь өөр ирсэн гэж гэрээний хугацаа сунгах хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Э ХХК-д ирүүлснээр гэрээний хугацааг сунгажээ. Хэдийгээр ямар хугацаагаар сунгасан нь тодорхой бус байх боловч Э ХХК-д захиалагч байгууллага болох Эрчим хүчний хөгжлийн төвөөс ирүүлсэн мэдэгдлээр ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 3.2.2-т заасны дагуу бараа ажлын байранд хүргэгдсэн тул 20 хувийг төлбөрийг төлнө үү гэсэн албан бичгийг А ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч компанид хүргүүлж, улмаар энэ төлбөр 5 дугаар сарын 28-ны өдөр шилжсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Зохигчийн маргаан нь ажлаа бүрэн хийж дууссан, ажлынхаа дийлэнх хэсгийг хийгээгүй гэдэг маргаан.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж зааснаар 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/18 тоот А ХХК-ийн ажлын гүйцэтгэл хүргүүлэх тухай албан бичгээр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, энэ хугацаанаас хойш төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж алданги тооцсон байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/18 тоот А ХХК-ийн ажлын гүйцэтгэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн талаар цахим шууданд хийсэн үзлэгээр тус албан бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч компанийн нягтлан бодогчийн цахим шуудан руу илгээсэн, хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах 20.000 айл өрхийг 4.0 кВтын хүчин чадалтай цахилгаан халаагуураар хангах техникийн боломж бүрдүүлэх ажил БАГЦ-07 ажлын ХВ-48 хуваарилах байгууламжийн өргөтгөлийн реле хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлс төлсөн зэргээс нэхэмжлэгчийн гаргасан албан бичгийг тухайн хугацаанд илгээсэн болох нь, нэхэмжлэгч ажлаа дуусгасан байсан гэдэг байдал тогтоогдохгүй байна.

Улмаар зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д Гүйцэтгэгч захиалгат ажлыг Гүйцэтгэлийн бичиг баримт, ажил хүлээлцсэн акт болон бусад шийдвэрээр хүлээлцэнэ, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар ажлын үр дүнг гэрээнд зааснаар хүлээлгэж өгсөн баримт байхгүй, талууд ажлын үр дүнг хүлээлцээгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ажил гүйцэтгэгч А ХХК-д үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн байна.

Гэсэн ч энэ нэмэлт хугацаанд ажил дуусаагүй тул захиалагч Э ХХК нь гэрээг цуцалж, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалгат ажлыг дуусгажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг бараа материалын хамт 14.358.392 төгрөг болсон, 3.221.891 төгрөгийг илүү төлсөн гэж маргаж байх боловч, үлдэх ажлыг А ХХК-иар 6.500.000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн дутуу орхисон ажлыг 6.500.000 төгрөг гэж дүгнэж, гэрээний 40 хувийн төлбөр 11.720.188 төгрөгөөс хасч тооцоход 5.220.188 төгрөгийн ажлын хөлс, материалын зардлыг хариуцагч төлөөгүй байх тул түүнээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 07/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний 7.4-т Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгчид төлнө гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардаж байна.

Хэдийгээр анзын гэрээг бичгээр байгуулсан, төлбөрийг дутуу төлсөн нөхцөл байдал байгаа боловч ажлаа дутуу хийсэн, үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ажлын хэмжээ тодорхойгүй байсан нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байх тул нэхэмжлэгчийг анз шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 5.220.188 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.360.094 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Э ХХК-иас 5.220.188 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.360.094 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98.473 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.МӨНХЦЭЦЭГ