Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01020

 

“А П Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/00678 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А П Э Э” ХХК-ийн хариуцагч “Э Г И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 580 282 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А П Э Э” ХХК-ийн зүгээс “Э Г И” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 7/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 29 300 472 төгрөгөөр тохиролцсон. Уг ажил нь Нийслэлийн гэр хорооллын цахилгаан сүлжээ дэд станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах 20 000 айл өрхийг 4 квт-ын хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах, техникийн боломж, нөхцөлийг бүрдүүлэх ажил буюу хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллагаанд оруулж хүлээлгэн өгөх ажил байсан. Гэрээний 3.2.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас шилжүүлсэн. Гэрээний 3.2.2-т заасан тоног төхөөрөмж, ажлын байран бүрэн бүтэн ирснээр 20 хувийн төлбөр төлөгдсөн. Одоо нийтдээ 60 хувийн төлбөр төлөгдсөн байгаа. Гэтэл гэрээний 3.2.2-т заасан ажил гүйцэтгэж дууссаны дараа төлөгдөх ёстой байсан 20 хувийн төлбөр, улсын комисст хүлээлгэж өгсний дараа төлөгдөх 20 хувь, нийт гэрээний 40 хувийн төлбөрийг төлөөгүй байна. Энэ хугацаанд хариуцагч руу удаа дараа албан бичиг хүргүүлж, мэйл хаягаар нягтлангууд холбогдож, төлбөрийг төлж дуусгах талаар хүсэлт, шаардлагаа тавьж байсан. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 11 720 188 төгрөг, алданги 5 860 094 төгрөг, нийт 17 580 282 төгрөгийг “Э Г И” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх байгуулсан. Уг ажил нь улсын төсвийн цаг хугацаатай ажил байсан учраас нэхэмжлэгч байгууллагатай гэрээний гол заалтуудыг агуулгыг тодруулсан. “А П Э Э” ХХК-д тавьсан саналын дагуу ажлын нийт үнийн дүнгийн 40 хувийг урьдчилгаа хэлбэрээр өгье, харин тухайн ажлыг чанар, стандартын шаардлага хангасан, КН28/А12 загварын хувиарлах шийд, реле хамгаалалт зэрэг шинэ тоног төхөөрөмжүүдийг 12 хоногийн дотор нийлүүлж мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудаар тоног төхөөрөмжүүдээ угсарч, суурилуулан, цахилгаан шугамд холбох ажлыг 7 хоногийн дотор гүйцэтгэж, захиалагч “Э Г И” ХХК-д Эрчим хүчний хууль тогтоомжийн дагуу актаар хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож, гэрээг байгуулсан. Захиалагч “Э Г И” ХХК урьдчилгаа 40 хувийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Гүйцэтгэгч “А П Э Э” ХХК гэрээний 2.2-т заалтын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүх ажлаа дуусгах ёстой байтал 4 сар гаруй хугацаанд ажлаа дуусгаагүй, дутуу доголдолтой ажлаа актаар хүлээлгэж өгөхгүй алга болсон. Мөн “А П Э Э” ХХК-ийн захирал н.Бямбадорж 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр чанарын шаардлага хангасан КЛ28А12 загварын ячейка ажлын талбарт буусан, тээврийн төлбөр яаралтай төлөх шаардлагатай гэж утсаар ярьсан учир 20 хувийн төлбөрийг нэмж авсан. 2 жилийн дараа үлдэгдэл 40 хувийг төлбөрийг, алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир манай компани ерөнхий захиалагч талд 26 255 542 төгрөгийн алданги төлж хохирсон. “Э Г И” ХХК нь “А П Э Э” ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа 5 хоногоор хэтэрч байгааг сануулж, 0.1 хувийн алданги тооцож, гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж байсан баримт “А П Э Э” ХХК-ийн захирал н.Бямбадоржийн утасны үзлэгээр гарч ирсэн. 2018 оны 09 дүгээр сар хүртэл “А П Э Э” ХХК-д ажлаа хийж дуусгах талаар 2 удаа албан бичиг явуулсан. Ажлын сайн үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээгээ цуцалсан. Энэ талаар албан бичиг хүргүүлсэн. Хариу ирүүлээгүй учир “Автоматик сольюшин” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Гаалийн байгууллага ячейкыг 4 913 803 төгрөгөөр суурь үнэлгээг хийж, 1 031 898 төгрөгийн татвар оногдуулж, нийтдээ 6 000 000 гаруй төгрөгөөр оруулж ирсэн. Зургийн үзэхэд КН28А12 загварын тууж, шошго байхгүй, хайрцаг сав баглаа боодол байхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хуучин ячейка байсан учир шинэ ячейкаар солих үүрэг даалгавар өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шинэ ячейкны урьдчилгаа шаардахаар нь очтол КТФ4 гэсэн туузан наалттай, урд талдаа КН28А12 гэсэн бичигтэй, хуучин хөнгөн цагаан Монголд ашиглаж байгаад актлагдсан байж болох хуучин ячейка тавьсан байсан. Орчин үеийн бараа бүтээгдэхүүн цахим орчинд харахаар КН28А12 загвар гэсэн туузан наалттай байдаг. Нэхэмжлэгч компаниас болж ажил саатсан, мөн инженер техникийн ажилтан байхгүй байсан. Ерөнхий захиалагч Улаанбаатар дулааны сүлжээ манай байгууллагаас ажил хүлээн авах ёстой, туслан гүйцэтгэгчээс хүлээж авахгүй. “А П Э Э” ХХК-аас болж маш их хэмжээний алданги төлсөн. Иймд урьдчилгаа 60 хувь болох 17 580 283 төгрөгийг “А П Э Э” ХХК-д өгсөн, 3 221 891 төгрөгийг илүү төлсөн. Манай байгууллага “А П Э Э” ХХК-аас мөнгө авах ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг баримтлан хариуцагч “Э Г И” ХХК-иас 5 220 188 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А П Э Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 360 094 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э Г И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98 473 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 12 360 094 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй. “Э Г И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсон ажлыг албан ёсоор акт үйлдэж хүлээлцээгүй. Тухайн тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэхэд ашигласан багаж, сэлбэг хэрэгслийн гарал, үүсэл тодорхой, гаалийн бүрдүүлэлт болон бусад холбогдох баримт бичиг байгаа, гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал болон бусад холбогдох хүмүүс хүлээн авч байгаа үйл баримт байгаа. Хариуцагч үүнийг үндэслэн төлбөрийг төлөхтэй холбоотой хийгдэж байсан тохиролцоо гэхчлэн бидний хооронд үүссэн олон тохиролцоо байсан боловч шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулж үзэлгүйгээр, тэдгээрт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн шүүх маргаан бүхий ажил үүрэг нь яг ямар ажил байсан талаар огт төсөөлөлгүй, ажлын онцлогийг нь нарийвчлан тогтоолгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд шүүхэд нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Э Г И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "Автоматик Сольюшин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалгат ажлыг дуусгасан гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь бид шүүхэд тайлбар гаргахдаа ажлаа бүрэн гүйцэтгэсэн, ийнхүү өөр компанитай гэрээ байгуулах талаар бидэнд огт мэдэгдээгүй, тиймээс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, ”Автоматик Сольюшн” ХХК-тай байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд гэрээт ажлын хөлс, төлбөрийг хэрхэн тооцож төлөх талаар тусгайлан заасан. Анхан шатны шүүх нь гэрээний энэхүү заалтанд бодит дүгнэлт хийгээгүй бөгөөд логик ойлголтоор бол шүүх 5 220 188 төгрөгийн ажлын хөлс, материалын зардлыг хариуцагч төлөөгүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгээгүй гэж дүгнэсэнтэй адил шийдвэр гаргаж, “А П Э Э” ХХК-ийг барааны үнээр, ажлын хөлсөөр хохироосон шийдвэрийг гаргаад байна. Мөн нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээж аваагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч алданги тооцох эрхтэй гэж заасан. Ажлаа дутуу хийсэн, үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ажлын хэмжээ тодорхойгүй байсан нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байх тул нэхэмжлэгчийг анз шаардах эрхгүй гэж тодорхойгүй, хууль бус дүгнэлт хийж, бидний эрхийг хөндсөн нь шүүх нэг талд үйлчилснийг харуулж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв үнэлж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “А П Э Э” ХХК нь хариуцагч “Э Г И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрт 11 720 188 төгрөг, алданги 5 860 094 төгрөг, нийт 17 580 282 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 07/04 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах 20 000 айл өрхийг 4.0 квт-ын хүчин чадалтай цахилгаан халаагуураар хангах техникийн боломж бүрдүүлэх ажил багц-07 ажлын Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хороо, ТЭЦ-2 станцын 6 квт-ын Тоосго 1 фидерийн ачааллыг хувааж, 10 кв-д шилжүүлэх, ХВ-48 хуваарилах байгууламжийн өргөтгөлийн реле хамгаалалтын ажил буюу Инно Енержи ХХК-ийн Шифр:ИЭ02/2017-1 тоот зурагт тусгагдсан бүх ажлыг цогцоор нь 19 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь дээрх ажлыг хийхэд шаардлагатай бараа материалын зардал 23 300 472 төгрөг, ажлын хөлс 6 000 000 төгрөг, нийт 29 300 472 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 11-15 дугаар тал/ Уг гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 60 хувийн төлбөр болох 17 580 282 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид гаргаж, үндсэн захиалагч байгууллага болох Эрчим хүчний хөгжлийн төвөөс ирүүлсэн мэдэгдлээр ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна. /хэргийн 17, 38 дугаар тал/ Дээрх тогтоосон нэмэлт хугацаанд нэхэмжлэгч гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэж дуусаагүй тул хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай албан бичгээр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. /хэргийн 48 дугаар тал/

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусгасан” гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д “Гүйцэтгэгч захиалгат ажлыг гүйцэтгэлийн бичиг баримт, ажил хүлээлцсэн акт болон бусад шийдвэрээр хүлээлцэнэ” гэж заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлоогүй байна. Мөн хийж гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээж аваагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Гэрээний 3.2.2-д зааснаар “гэрээний үнийн дүнгийн үлдэх 20 хувийг ажил гүйцэтгэж дуусаад акт болон дагалдах бичиг баримтыг үйлдэн, үлдэгдэл 20 хувийг тухайн төслийг улсын комиссод хүлээлгэн өгснөөр буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлс төлөх” үүргийг хариуцагч хүлээсэн байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан хариуцагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч “Э Г И” ХХК нь нэхэмжлэгч байгууллагын дутуу гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгүүлэхээр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Автоматик сольюшин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, үлдэх ажлыг “Автоматик сольюшин” ХХК             6 500 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, хөлс төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү гэрээнд заасан ажил нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дутуу ажил байсан болохыг нэхэмжлэгч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гараагүй тул түүнийг гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн буюу хөлсийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзэхгүй. /хэргийн 41-45 дугаар тал/

Иймд дээрх гэрээний үнэ 6 500 000 төгрөгийг зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл 40 хувийн төлбөр 11720 188 төгрөгөөс хасч, хийсэн ажлын үлдэгдэл хөлсөнд 5 220 188 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ.

Талуудын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 07/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний 7.4-т “Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заажээ. Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хариуцагч буюу захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дах хэсэгт зааснаар алданги шаардах эрхээ алдсан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/00678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             

                           ШҮҮГЧИД               Н.БАТЗОРИГ

                                                                                                                                      С.ЭНХТӨР