Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/00016

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж , өөрийн байранд байрлах, К /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 0 тоотод оршин суух, Б овогт Т ... /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 0 тоотод оршин суух, Бовогт Б ... /РД: нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 90,684,978.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т...., Б.... нараас зээлийн гэрээний үүрэг 90,684,978.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь К нь иргэн Т...., Б.... нартай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ЭГ-43, №БГ-43 тоот “Зээлийн болон Барьцааны гэрээ” байгуулан, тус банкнаас 87,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж 47/3 байр 0 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 66 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч Т...., Б.... нар нь 2017 оны 12 сарын 14-нөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлөлтөө бүрэн төлөөгүй явсаар 278 хоног хугацаа хэтэрч К иргэн Т...., Б.... нарын хооронд байгуулсан №ЭГ-43 тоот “Зээлийн гэрээ”-ний зохих заалтуудыг зөрчин банкийг хохироосон.

 

 


Зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 83,740,598.84 төгрөг, үндсэн хүү 6,907,454.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926.02 төгрөг байгаа. Иймд хариуцагч Т...., Б.... нараас нийт 90,684,978.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: К-ийн зүгээс Т...., Б.... нараас 90,684,978.89 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 0 тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-0 дугаартай, 66 м2 талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хариуцагч нарт нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө эргэн төлөхийг сануулж байсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх талаар ярилцах байх гэж хүлээсэн ч хариуцагч Т.... нэг удаа утсаар ярьснаас өөр ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 90,684,978.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Т...., Б.... нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Т.... болон Б.... би К-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ-43, №БГ-43 тоот орон сууцны зээл болон барьцааны гэрээ байгуулан 87,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж,  Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжав гудамж, 47/3-0 тоот хаягт байрлах 66 м2 талбайтай 3 өрөө орон сууц худалдан авсан. К 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу бид дараах тайлбарыг хүргүүлж байна. Банк биднээс үндсэн зээл 83,740,598.84 төгрөг, үндсэн хүү 6,907,454.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926.02 төгрөг, нийт 90,684,978.89 төгрөгийг нэхэмжилсэн. Бид 2017 оны 11 дүгээр сарыг дуустал үндсэн зээл 5,813,704.0 төгрөг, зээлийн хүү 19,837,606.62 төгрөг, нийт 25,651,311 төгрөг төлсөн байна. Банкны нэхэмжилж байгаа дээрх мөнгөн дүн зээлийн гэрээ болон бидний төлсөн мөнгөн дүнгээс зөрүүтэй байгаа тул К-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр К болон Т...., Б.... нар №ЗГ-43 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр К нь Т...., Б.... нарт87,700,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттайгаар олгохоор харилцан тохирчээ /хх 4-7 хуудас/. 

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч нарийн зүгээс Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 0 тоот орон сууцыг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч К нь хариуцагч Т...., Б.... нарт холбогдуулж 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ-43 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 83,740,598.84 төгрөг, үндсэн хүү 6,907,454.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926.02 төгрөг, нийт 90,684,978.89 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ. 

 

Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээний дагуу зээлийг олгосон болон уг зээл зориулалтын дагуу буюу орон сууц худалдан авахад зарцуулагдсан эсэх асуудал дээр талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэлд “...зээлдэгч Т...., Б.... нар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгээ бүрэн төлөөгүй явсаар 278 хоног хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний 4.2.1, 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10 дахь заалтуудыг зөрчиж банкийг хохироосоор байна” гэж дурдагдсанаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна. 

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан. 

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн “...зээлдэгч Т...., Б.... нар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгээ бүрэн төлөөгүй явсаар 278 хоног хугацаа хэтрүүлсэн” гэх тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй ба тэдний шүүхэд бичгээр өгсөн тайлбарт “...бид 2017 оны 11 дүгээр сарыг дуустал үндсэн зээл 5,813,704.0 төгрөг, зээлийн хүү 19,837,606.62 төгрөг, нийт 25,651,311 төгрөг төлсөн” гэснээс үзэхэд зээлдэгч нар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ-43 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл буцаан төлөх үүргээ 2017 оны 11 дүгээр сараас хойш гүйцэтгээгүйг нотолж байна.

  

Энэ нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ-43 тоот зээлийн гэрээний 4.2, 4.2.1-д “зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд бүрэн төлөх”, 8.3, 8.3.1, 8.3.3, 8.3.10 дахь хэсгүүдэд “Дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана”, “Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн”, “Зээлдэгч гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/, “Зээлийн болон барьцааны гэрээний заалтыг удаа дараа /2 ба түүнээс дээш зөрчлийг ойлгоно/ зөрчсөн бол” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.    

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний үүрэг зөрчигдөж байгааг, мөн энэ байдал хэвээр үргэлжилсэн нөхцөлд гэрээ цуцлагдахыг бичгийн хэлбэрээр мэдэгдсэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна /хх 30 хуудас/.

 

Иргэний хэрэгт зохигч талууд өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрсдөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй оролцдог. Харин хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлага болоод татгалзалтай холбоотой баримтуудыг өөрсдөө олж авах боломжгүй нөхцөлд шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч банк бидний төлсөн зээлийн тооцооллыг буруу хийсэн” гэсэн агуулгаар тайлбарласан. Гэвч тэд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн зээлийн тооцооллыг зөвшөөрөөгүй, буруу гэсэн татгалзлаа хариуцагч нар нотлоогүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 0 дугаар зүйлийн 0.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.   

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэгэнт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Иймд хариуцагч Т...., Б.... нараас үндсэн зээл 83,740,598.84 төгрөг, үндсэн хүү 6,907,454.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926.02 төгрөг, нийт 90,684,978.89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.    

 

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтланхариуцагч Т...., Б.... нараас 90,684,978.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Колгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжав гудамж, 47/3 байр, 0 тоот хаягт байршилтай, 66 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 681,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т...., Б.... нараас 681,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К-д олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ