Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00187

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00016 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 538 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: Т.С

          Хариуцагч: Б.Б нарт холбогдох

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90,684,978 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Бгийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...банк ХХК нь Т.С, Б.Б нартай 2014-12-12-ны өдөр №ЗГ-43, №БГ-43 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, тус банкнаас 87,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож БГД, ...-р хороо, ..-р хороолол, Чингүнжав гудамж ... байр .. тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22050... дугаарт бүртгэгдсэн, 66 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч Т.С, Б.Б нар нь 2017-12-14-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлөлтөө бүрэн төлөөгүй явсаар 278 хоног хугацаа хэтрүүлж ...банк ХХК-ийг хохироосон. Зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 83,740,598 төгрөг, үндсэн хүү 6,907,454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926 төгрөг байгаа. Иймд хариуцагч Т.С, Б.Б нараас нийт 90,684,978 төгрөгийг гаргуулан, зээлийн барьцаанд тавьсан 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тал тайлбартаа: ...банк ХХК-тай 2014-12-12-ны өдрийн №ЗГ-43, №БГ-43 тоот орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 87,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж, БГД, ..-р хороо, Чингүнжав гудамж, ... тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай 3 өрөө орон сууц худалдан авсан. Банк биднээс үндсэн зээл 83,740,598 төгрөг, үндсэн хүү 6,907,454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926 төгрөг, нийт 90,684,978 төгрөгийг нэхэмжилсэн. Бид 2017-11 сарыг дуустал үндсэн зээл 5,813,704 төгрөг, зээлийн хүү 19,837,606 төгрөг, нийт 25,651,311 төгрөг төлсөн байна. Банкны нэхэмжилж байгаа дээрх мөнгөн дүн зээлийн гэрээ болон бидний төлсөн мөнгөн дүнгээс зөрүүтэй байгаа тул ...банк ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 102/ШШ2019/00016 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.С, Б.Б нараас 90,684,978 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, Чингүнжав гудамж, .. байр, .. тоот хаягт байршилтай, 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 681,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С, Б.Б нараас 681,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...банк ХХК-д олгожээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 538 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

     Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк биднээс үндсэн зээл 83,740,598.84, үндсэн хүү 6,907,454.03, нэмэгдүүлсэн хүү 36,926.02, нийт 90,684,978.89 төгрөгийг нэхэмжилсэн. Бидний өнөөдрийг хүртэл төлсөн үндсэн зээлийн төлбөр нь банкны дээрх үндсэн зээлийн төлбөрөөс 5,854,303.22 дүнгээр зөрүүтэй байгаа тул Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна. Иймд бидний гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “...банк” ХХК 2018-09-18-ны өдөр шүүхэд хандаж, Т.С, Б.Б нараас нийт 90,684,978.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардахдаа “...2014-12-12-ны өдөр авсан зээлээ төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 83,740,598.84 төгрөг, гэрээний хүү 6,907,454.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,926.02 төгрөг болж байна..” гэжээ. 

       Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээлийн төлбөрт нийт 25,651,311 төгрөг төлсөн...тооцоо зөрүүтэй байна...” гэж маргасан байна. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

      Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     “...банк” ХХК нь 2014-12-12-ны өдөр ЗГ-43 дугаартай зээлийн гэрээ байгуулж Т.С, Б.Б нарт 87,700,000 төгрөгийг /сарын 0,67/ жилийн 8 хувийн хүүтэй 240 сар /20 жил/-н хугацаатай зээлүүлж, Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хороолол, Чингүнжав гудамжны .. байр .. тоот хоёр хүний буюу хариуцагч нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалж мөн өдөр БГ-43 дугаартай гэрээ байгуулсан, зээлийн төлбөрөөс хариуцагч нар гэрээний дагуу төлж байсан ба энэ талаар зохигч маргаагүй байна.   

      Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд зарим төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон боловч энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зарим зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

     Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Харин үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй.   

     Т.С, Б.Б нар 2015-01-06-ны өдрөөс 2034-12-06-ны өдөр хүртэл  сар бүрийн 06-ны өдөр 732,894.60 төгрөг төлөхөөр тохирсон ч 2017-12-14-ний өдрөөс төлбөр төлөөгүй нь 20 жилийн буюу урт хугацаатай гэрээнд ялимгүй зөрчил эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т нийцээгүй гэж үзнэ.       

     Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй буюу хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 538 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 108,619 төгрөгийг захирамжаар хариуцагчид буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ