Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02765

 

2021 оны 11 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2021/02765 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:  дүүргийн 00 дугаар хороо,  хэсэг, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигон овогт   /РД:2601/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч:  дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Иргэдэд үйлчлэх төв байранд байрлах, дүүргийн засаг даргын Тамгын газарт холбогдох

 

 

 

Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 3 780 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., түүний өмгөөлөгч Ц.Халиун /ШТЭҮД-2217/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2014 оноос  дүүргийн 13 дугаар хороонд Хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах болоогүй, мөн би 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Корона вирусын халдвар илрүүлэх РСР шинжилгээ өгч, 21-ний өдөр шинжилгээний хариу эерэг /халдвартай/ гарч, 2021.04.22-04.31-ний өдрийг дуустал хугацаанд гэрийн тусгаарлалтад байж, эмчилгээ хийлгэж байх хугацаанд хариуцагч байгууллагаас намайг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2021.04.30- ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг тушаалд дурдсан сахилгын болон ёс зүйн зөрчлийг би огт гаргаагүй болно. Иймд хариуцагч байгууллагын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул уг хугацаа дуусгавар болох 2022.01.02-ны өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, мөн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас учирсан хохирол болох /2021.05-10 сарыг дуустал нийт 6 сарын ажлын хөлс/ 630000*6=3780000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба тушаалыг хүчингүй болгуулах, гэрээний хугацаа дуусах хүртэл хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах шаардлагаасаа татгалзаж байгаа. Иймд хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол 3 780 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ц.ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-д Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус зааснаар ажиллуулагч гэрээнээс хугацааны өмнө татгалзсан. Ц. удирдлагаас өгсөн болон гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, ёс зүйн хэм хэмжээг зөрчин хорооны албан хаагчидтай зүй бус харьцсан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд гэрээгээр хүлээсэн үүрэгт ажпаа хийгээгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан талаар тус дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар албан бичгээр Ц. нь хөлсөөр ажиллах гэрээний 3.1.4, 3.1.14 дэх заалтыг удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлуулах хүсэлт ирүүлсэн. Дээрх байдлыг судлан үзээд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар Ц.ийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Мөн Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж зааснаар ажиллуулагч нь 2021 оны 4 дүгээр сарыг дуустал хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажиллагчид бүрэн төлсөн тул гэрээ цуцалснаас үүссэн хохирол шаардах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

 

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

 

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч  дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, гэрээний хугацаа дуусгавар болох 2022 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэл хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж, гэрээг үндэслэлгүй цуцалсны улмаас учирсан хохирол 3 780 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж өөрчилсөн бөгөөд шүүх хуралдаанд хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, гэрээний хугацаа дуусгавар болох 2022 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэл хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж, үлдэх шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.

 

 

 

Хариуцагч нэхэмжлэгчийн ажилласан хугацааны хөлсийг бүрэн төлсөн. Хуульд заасан үндэслэл журмаар гэрээг цуцалсан, хохирол төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

 

 

Маргааны эрх зүйн бичиг баримт болох 2018 оны 01 сарын 02-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээгээр нэхэмжлэгч Ц.ийг  дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн  дугаар хэсгийн ахлагчаар нэг жилийн хугацаатай ажиллуулахаар, хөлс буюу сарын урамшуулал 360 000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр олгохоор тохиролцон, гэрээнд  дүүргийн Засаг даргын тамгын газар, 13 дугаар хорооны Засаг дарга болон ажиллагч Ц. нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

 

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

 

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тодорхойлсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээг талууд 2018 оны 01 сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацааг сунгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, харин гэрээний хугацаа дуусгавар болсны дараа гэрээний харилцаа хэвээр үргэлжилсээр байсан тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

 

 

 

Гэрээний 2.1.1-д ЗДТГ нь хорооны Засаг даргын саналыг үндэслэн хэсгийн ахлагчийг томилж, чөлөөлөх гэрээ байгуулахаар, 2.2.5-д хорооны Засаг дарга хэсгийн ахлагч нарын ажлын үр дүнг сар бүр үнэлж дүгнэн, баталгаажуулж Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлнэ гэж заажээ.

 

 

 

Хэрэгт  дүүргийн 13 дугаар хорооны хэсгийн ахлагч нарын 2021 оны 4 дүгээр сарын ажил дүгнэсэн үзүүлэлт, мөн хорооны Туул тосгоны Захирагчийн ажлын албаны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хорооны Засаг даргаас ХУДЗДТГазарт хүргүүлсэн Ц.ийн хөлсөөр ажиллах гэрээг цуцлах хүсэлт зэрэг баримтаас дүгнэхэд ажиллагч буюу нэхэмжлэгч Ц. нь гэрээний харилцаанд хүлээх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

 

Хариуцагч  дүүргийн Засаг даргын тамгын газар тус дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын саналыг үндэслэн нэхэмжлэгч Ц.тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсныг буруутгах боломжгүй байна.

 

 

 

Тодруулбал, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой ба 13 дугаар хорооны Туул тосгоны Захирагчийн ажлын албаны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгох илэрхийллийг нэхэмжлэгч Ц. мэдсэн байна.

 

 

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

 

 

Мөн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч гэрээ цуцлагдахаас өмнөх хугацааны хөлсөө бүрэн авсан болох нь цалингийн карт гэх баримтаар тогтоогдож байна.

 

 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй нь дээр гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох тул нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардах эрхгүй юм.

 

 

 

Иймд нэхэмжлэгч Ц.ийн хариуцагч  дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсны улмаас учирсан хохирол 3 780 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

 

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 204 дугаар зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.ийн хариуцагч  дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсны улмаас учирсан хохирол 3 780 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ