Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00390

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00390

 

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 183/ШШ2021/02765 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Мийн хариуцагч ХУДЗДТГт холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 3,780,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц.М миний бие 2014 оноос Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусах болоогүй, мөн би 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр коронавирусын халдвар илрүүлэх РСR шинжилгээ өгч, 21-ний өдөр шинжилгээний хариу эерэг /халдвартай/ гарч, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрийн тусгаарлалтад байж, эмчилгээ хийлгэж байх хугацаанд хариуцагч байгууллагаас намайг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг тушаалд дурдсан сахилгын болон ёс зүйн зөрчлийг би огт гаргаагүй болно. Иймд хариуцагч байгууллагын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул уг хугацаа дуусгавар болох 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, мөн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас учирсан хохирол болох /2021 оны 05 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал нийт 6 сарын ажлын хөлс/ 630,000х6=3,780,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба тушаалыг хүчингүй болгуулах, гэрээний хугацаа дуусах хүртэл хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах шаардлагаасаа татгалзаж байгаа. Иймд хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол 3,780,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж өгнө үү гэжээ.

 

 2.   Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д, 225 дугаар зүйлийн 225.1-д, 225.2 дахь хэсэгт тус тус зааснаар ажиллуулагч гэрээнээс хугацаанаас өмнө татгалзсан. Ц.М удирдлагаас өгсөн болон гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, ёс зүйн хэм хэмжээг зөрчин хорооны албан хаагчидтай зүй бус харьцсан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа хийгээгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан талаар тус дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар албан бичгээр Ц.М нь хөлсөөр ажиллах гэрээний 3.1.4, 3.1.14 дэх заалтыг удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлуулах хүсэлт ирүүлсэн. Дээрх байдлыг судлан үзээд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар Ц.Мийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Мөн Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажиллагчид бүрэн төлсөн тул гэрээ цуцалснаас үүссэн хохирол шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мийн хариуцагч ХУДЗДТГт холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсны улмаас учирсан хохирол 3,780,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Шүүхээс сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох, яг ямар сахилгын зөрчлийг хэзээ, хаана гаргасан, тухайн зөрчил нь нотлогдсон эсэхийг тодруулах, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сахилгын болон ёс зүйн зөрчил нь нотлогдож байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4б. Нэхэмжлэгчийн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй, энэ талаар хэлэлцээгүй зөвхөн өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон биеийн байдал тааруу, ажлын ачаалалтай ажиллах тул гэсэн үндэслэлээр Ц.Мийг коронавирусын халдвараар гэрийн тусгаарлалтад байж эмчилгээ хийлгэж байх хугацаанд нь хариуцагч байгууллагын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаартай тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

4в. Хэрэв хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгоогүй бол Ц.М нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, холбогдох ажлын хөлсийг авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх байсан тул шүүхээс хариуцагчаас гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол /2021.05-2021.10 сарыг дуустал нийт 6 сарын ажлын хөлс/ 630 000х6=3,780,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, баталгаажилт хийлгэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхигдуулсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.М нь ХУДЗДТГт холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хэсгийн ахлагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохиролд 3,780,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар Ц.М нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар тус дүүргийн 13 дугаар хорооны 5 дугаар хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан, талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлснөөр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгожээ. /хх-5, 21, 22/

 

            4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болоогүй ба гэрээг цуцлах үндэслэл бий болоогүй гэх үндэслэлээр 2021 оны 05 сараас 2021 оны 10 сарыг дуустал ажилгүй байсан хугацаанд авах байсан ажлын хөлсийг нэхэмжилсэн байна. 

 

6. Талуудын хоорондын Хөлсөөр ажиллах гэрээ нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан байх боловч хариуцагч байгууллага Ц.Мийг уг хугацаанаас хойш үргэлжлүүлэн ажиллуулсан. Иймд талууд гэрээг дуусгавар болгох хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тухайлан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар сунгагдсан байна. Энэ тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг баримтлах учиртай.

 

7. Иргэний хуулийн 367 дугаар зүйлд гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлсон. Гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Харин ажиллуулагчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан байна.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн”, “зөрчил гаргасан” гэж тайлбарласан.

8а. Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаар албан бичигт нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний 3.1.4-д заасан “Хэсгийн ахлагч нь захирах, захирагдах ёсыг баримтлан иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай  хүргэх, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж зөв боловсон харьцах, өөрийгөө байнга хөгжүүлэх, бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх”, 3.1.14-д заасан “Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, мэдээлэл хүргэх” гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн гэж бичсэн байна. Эдгээр зөрчлийг гаргасан буюу ажил үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримтыг нотолсон, баримтжуулсан баримт хэрэгт байхгүй байна.

 

8б. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн ажил үүргийн зөрчил гаргасан гэх байдлыг тогтоосон баримтжуулсан зүйл байхгүй, харин Ц.М нь группд байдаг, сүүлийн үед эрүүл мэндийн хувьд тааруу байгаа, мөн 57 настай, тэтгэврийн насанд хүрсэн зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.

 

8в. Дээрх хариуцагчийн гаргасан баримтыг хэрэгт авагдсан “ажил дүгнэсэн үзүүлэлт” гэх Ц.Мт 80 хувийн гүйцэтгэлтэй урамшуулал олгохоор заасантай харьцуулахад нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах үндэслэлээ хариуцагч нотлоогүй байна.

 

8г. Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасан “ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан” болохыг нотлохгүй байна.

 

9. Нэхэмжлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэхээр шаардлага гаргаагүй, харин өөрт учирсан хохирол болох цалин хөлс авах боломжгүй болсон хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэж тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн хүрээг тодорхойлох эрхтэй.

 

10. Ажиллуулагч талын санаачилгаар гэрээнд заасан гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, 2021 оны 05 сараас 2021 оны 10 сарыг дуустал хугацааны хөлсийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 3,780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мт олгож, Ц.Мийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХУДЗДТГт даалгасугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, 145,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                 ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

                                                 Д.БЯМБАСҮРЭН