Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00591

 

2021 оны 03 сарын 10 өдөр                          Дугаар 102/ШШ2021/00591                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*** тоотод оршин суух, У овогт О ын Б /РД:*** /,

 

Хариуцагч: ***, өөрийн байранд оршин байх, Н ,

 

хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б д холбогдох “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 114,410,907 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна. Зээлийн гэрээний барьцаа болох *** тоотыг 105,666,612 төгрөгөөр, *** тоотыг 83,400,000 төгрөгөөр  тус тус тооцож үнэлсэн. Тухайн орон сууц нь зах зээлийн ханшаар *** тоот нь 130,575,000 төгрөг, *** дахь байр 115,500,000 болно. Гэтэл *** нь байрны  зах зээлийн үнэлгээг хэт доогуур үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр тогтоосон учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 32-ны өдрийн 1500 дугаар захирамжаар Ц.А , О.Б нараас 114,230,907 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгож, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан *** тоот хаягт байрлах эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй 54.23 м2 талбайтай 2 өрөө орон сууц, **** тоот хаягт байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй 62.71 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.А , О.Б нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх *** мэдэгдлийг өгсөн боловч төлбөр төлөгчдийн зүгээс төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ц.А , О.Б нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу *** тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт битүүмжлэн хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1д зааснаар албан бичгээр ирүүлэх, хэрэв тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээг  тогтоолгох болохыг мэдэгдэхэд төлбөр авагч “Г” ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 177.1-т зааснаар мэргэжлийн үнэлгээчнээр үнийг тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр, 75 тоот хаягт байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй 62.71 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг хөрөнгийн үнэлгээний “*** ” ХХК-ийг, *** тоот хаягт байрлах эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй 54.23 м2 талбайтай 2 орон сууцны “*** ” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход 2020 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар *** тоот хаягт байрлах 62.71 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 83,400,000 төгрөг, *** тоот хаягт байрлах 54.23 м2 талбайтай  2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 105,662,612 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээний нийт 47 хуудас тайланг танилцуулж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.А , О.Б нарт мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч О.Б нь Н т холбогдуулан эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 54.23м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 62.71м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн дээрх шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хэт багаар хийсэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар захирамжаар хариуцагч Ц.А , О.Б нараас 113,867,264.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар  гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 54.23м2 талбай бүхий 2 өрөө орон сууц болон эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 62.71м2 талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** дугаар захирамжийн дагуу *** тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17251284 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 54.23м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн *** дүгээр тогтоолоор, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 62.71м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн.

 

Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ***, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот тогтоолуудаар хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “*** ” ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот тогтоолоор, харин “*** ” ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/511 тоот тогтоолоор тус тус шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

   

Шинжээчид эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 54.23м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 105,666,612 төгрөгөөр,  эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 62.71м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба эдгээр хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.А , О.Б нарт  мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаангүй.   

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. “*** ” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 83,400,000 төгрөг гэж,  “*** ” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 105,666,612 төгрөг гэж тус тус тогтоосон байна. Ийнхүү үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт хямд гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч Н т холбогдох үнэлгээ  хүчингүй болгуулах тухай О.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын *** 6 дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 54.23м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 62.71м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Б гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                            Н.ХАНГАЛ