Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00680

 

2021.04.26 МАГАДЛАЛ

 

О.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00591 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Бгийн хариуцагч О.Бт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бд холбогдох Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01500 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 114 410 907 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна. Зээлийн гэрээний барьцаа болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир хотхон, 78а байр, 404 тоотыг 105 666 612 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Москва хороолол 131/6 байрны 75 тоотыг 83 400 000 төгрөгөөр тус тус тооцож үнэлсэн. Тухайн орон сууц нь зах зээлийн ханшаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Очир хотхон 78а байрны 404 тоот нь 130 575 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Москва хороолол дахь байр 115 500 000 төгрөг болно. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь байрны зах зээлийн үнэлгээг хэт доогуур үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр тогтоосон учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1500 дугаар захирамжаар Ц.Анхбаатар, О.Б нараас 114 230 907 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгож, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78А байр, 404 тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2205050896 дугаарт бүртгэлтэй 54.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр, 75 тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2201016876 дугаарт бүртгэлтэй 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.Анхбаатар, О.Б нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх 145/01, 17251284/07, 17251284/0, 17251284/20 мэдэгдлийг өгсөн боловч төлбөр төлөгчдийн зүгээс төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч Ц.Анхбаатар, О.Б нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу 17251284/01, 17251284/08 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 17251284/06, 17251284/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт битүүмжлэн хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албан бичгээр ирүүлэх, хэрэв тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээг тогтоолгох болохыг мэдэгдэхэд төлбөр авагч Голомт банк ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үнэлгээчнээр үнийг тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр, 75 тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2201016876 дугаарт бүртгэлтэй 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-ийг, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 78А байр 404 тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2205050896 дугаарт бүртгэлтэй 54.23 м.кв талбайтай 2 орон сууцанд Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг тус тус шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход 2020 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 байр 75 тоот хаягт байрлах 62.71 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 83 400 000 төгрөг, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Энэбишийн өргөн чөлөө, 78А байр 404 тоот хаягт байрлах 54.23 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 105 662 612 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээний нийт 47 хуудас тайланг танилцуулж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4-145/37488 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Анхбаатар, О.Б нарт мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205050896 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16060/, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78А дугаар байрны 404 тоот хаягт байршилтай, 54.23м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-2204046876 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/6 дугаар байрны 75 тоот хаягт байршилтай, 62.71м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Бгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үнэлгээний тайлантай төлбөр төлөгч танилцахад барьцаа үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн мөн тайланд хэд хэдэн алдаа дутагдал гарсан, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчин үнэлгээ тогтоосон байна. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг зөрчиж, үнэлгээний тайланд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгө байгаа газарт үзлэг хийсэн, нүд үзсэн гэж тусгасан мөртлөө дээрх барьцаа эд хөрөнгийн дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй нь барьцаа эд хөрөнгийн үнэлгээ буурах шалтгаан болсон мөн хуулийн 3.1.5-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг заалтыг иж бүрэн засварын өртөг, ажлын хөлс зэргийг тухайн үеийн мөнгөөр илэрхийлэх үнийн дүнг гаргаагүй, мөн тайланд үнэлэгдээгүй эд хөрөнгүүдийг тусгаагүй болно. Үнэлгээний тайланд шинжээч зах зээлийн хандлагын аргыг ашиглаж хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо үнэгүй.мн болон бусад сайтыг ашигласан гэж бичсэн боловч эх сурвалж болох линкийг тайланд тусгаагүй нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг зөрчсөн. Тайланд ашигласан сайтууд руу орж үзэхэд харьцуулсан эд хөрөнгүүдийн эх сурвалж олдохгүй байгаа нь барьцаа эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан эх сурвалжгүй болох нь тогтоогдож байна. Хөрөнгийн жишиг үнийг тогтоохдоо эх сурвалжийг тайланд заагаагүй нь харьцуулсан 2 эд хөрөнгийн байршил, онцлог шинжтэй, дэд бүтэц, үйлчилгээнд ойр, эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан нь тодорхойгүй байна. Энэ нь Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-т заасныг зөрчсөн. Анхан шатны шүүхээс зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо хөрөнгийн төлөв байдлыг тодорхойлж, ижил төрлийн байдлыг тодорхойлж, ижил төрлийн эд хөрөнгөтэй харьцуулж, эх сурвалжаа заасан, мөн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч О.Б нь О.Бт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2205050896 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78А дугаар байрны 404 тоот хаягт байршилтай, 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 105 666 612 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2204046876 дугаарт бүртгэлтэй, , Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/6 дугаар байрны 75 тоот хаягт байршилтай, 62.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83 400 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01500 дугаар захирамжаар Ц.Анхбаатар, О.Б нараас 113 867 264.36 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205050896 дугаартай, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78А дугаар байрны 404 тоот хаягт байрлах 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204046876 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/6 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 62.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 23-25 дугаар тал/

Төлбөр төлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2017/13370 дугаар захирамж гарч, мөн өдөр 102/ГХ2017/01283 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна. Үүний улмаас барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17251284/01, мөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17251284/08 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17251284/06, мөн сарын 25-ны өдрийн 17251284/08 дугаар тогтоолуудаар тус тус хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 20-22, 30-35 дугаар тал/

Талуудаас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр төлөгч нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78А дугаар байрны 404 тоот хаягт байрлах орон сууцыг 130 152 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/6 дугаар байрны 75 тоот хаягт байрлах орон сууцыг 144 233 000 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 57 дугаар тал/ Хариуцагч байгууллагаас уг хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/514 дугаартай тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийг, 10/511 дугаартай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 58, 61 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаанд маргаагүй, зөвхөн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргаж байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

Шинжээч Файн эстимэйт ХХК-аас О.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204046876 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/6 дугаар байрны 75 тоот хаягт байрлах 62.71 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 83 400 000 төгрөгөөр, шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь Ц.Анхбаатарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205050896 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78А дугаар байрны 404 тоот хаягт байрлах 54.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 105 666 612 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Дээрх үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын аргыг ашигласан байх бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 76-123 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолдоо Шинжээчийн дүгнэлтэд дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй нь үнэлгээ буурах шалтгаан болсон гэх агуулгаар тайлбарлаж байх боловч дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд дагалдах эд хөрөнгө байсан эсэх, дагалдах эд хөрөнгө нь үнэлгээнд нөлөөлөх эсэх талаар баримт гаргаж, нотлоогүй байна.

Түүнчлэн, дээрх дүгнэлтүүдэд иж бүрэн засварын өртөг, ажлын хөлс, үнэлэгдээгүй эд хөрөнгийг тусгаагүй гэх гомдлын үндэслэлээ нотолсон баримт буюу уг орон сууцуудад хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий засвар хийсэн, ямар хэмжээтэй ажлын хөлс зарцуулсан, засвар хийгдсэнээр хөрөнгийн үнэлгээнд нөлөөлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн Файн эстимэйт ХХК-ийн хийсэн шинжээчийн дүгнэлтэд уг орон сууцны ерөнхий засвар сайн, Сэлэнгэ эстимэй ХХК-ийн хийсэн шинжээчийн дүгнэлтэд орон сууцанд урсгал засвар хийгээгүй болохыг тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ашигласан сайтын эх сурвалж болох линкийг тайланд тусгаагүй, тайланд ашигласан сайтууд руу хандахад харьцуулсан хөрөнгүүд олдоогүй гэж тайлбарлажээ. Хэргийн 86-88, 115,116 дугаар талд шинжээчийн дүгнэлтэд тухайн үед ашигласан эх сурвалжуудыг тусгасан байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.8-д заасныг зөрсөн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Дүгнэлт гаргах үед ашигласан эх сурвалжуудад заагдсан харьцуулсан эд хөрөнгүүд нь хожим байхгүй болсон нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж үзэх боломжгүй. Учир нь харьцуулж жишиг болгосон хөрөнгүүдийн хувьд цахим хаягийн мэдээллээс тодорхой хугацааны дараа, тодорхой үндэслэлүүдээр арилах боломжтой.

Нэхэмжлэгчээс шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК, Файн эстимэйт нь орон сууцнуудыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ЭНХТӨР