Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02275

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/02275

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүргийн 232 тоотод оршин суух В овогтой Э.С  /РД:00000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүргийн өөрийн байранд байрлах “Х” ХХК-д холбогдох,

орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж /ШТЭҮ-****/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

А.С миний бие Х ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б дүүргийн 204 тоотод 78,71 мкв орон сууцыг мкв нь 2 300 000 төгрөгөөр тооцон нийт 181 033 000 төгрөгөөр орон сууцыг захиалсан. Төлбөрийн эхний хэсэг буюу 54 333 000 төгрөгийг бэлнээр “Х” ХХК-нд тушаан үлдэгдэл 126 700 000 төгрөгийг банкны 8 хувийн орон сууцны зээлээр төлөхөөр тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээ авч, орон сууцандаа орсон.

Захиалан бариулан орон сууцандаа орж сууцны талбайгаа хэмжиж үзэхэд 3 м.кв орчим дутаж байсан тул мэргэжлийн байгууллага болох “Э” ХХК-нд хандан албан ёсны хэмжилт хийлгэж үзэхэд орон сууцны нийт талбай нь 75,81 м.кв гарсан нь гэрээнээс 2,9 м.кв дутаж байсан. Иймд “Х” ХХК-нд хандан тохиролцохыг хүссэн боловч “Х” ХХК-иас миний худалдан авсан орон сууцанд хэмжилт хийж, 1,58 м.кв илүү гэсэн дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтан нь гарын үсэг зуран өгч, миний асуудлыг хэлэлцэхгүй гэж хаасан. Иймд “Х” ХХК-иас орон сууцны м.кв зөрүү 2,9 м.кв үнэ болох 6 670 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:

Бид байрыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, акт үйлдэн, өмчлөлийн гэрчилгээг гаргуулан авсан. Улмаар бид авсан байрандаа мэргэжпийн байгууллагаар буюу “Э” ХХК-иар талбайн хэмжилт хийлгэж үзэхэд талбайн хэмжээ нь 75.81 м.кв буюу 2.9 м.кв дутуу гарсан. Ингээд энэ тухай “Х” ХХК-ний удирдлагад 2015.07.01-ний өдөр албан бичгээр мэдэгдэхэд “Х” ХХК-ийн зүгээс бидэнд өөрийн хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэсэн ба “Х” ХХК-ийн хийлгэсэн хэмжилтийн компанийн хэмжилтээр орон сууцны талбай хэмжээ 80,29 м.кв гарсан гэж хариу ирүүлсэн бөгөөд уг хариу нь ямар ч үндэслэлгүй тул бид шүүхэд хандсан юм.

Уг асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр тухайн орон сууц нь анх гэрээгээр тохиролцсон хэмжилтээр 76.30 м.кв гэж тогтоосон бөгөөд гэрээ хийсэн талбайн хэмжээнээс 2.41 м.кв дутуу гарсан нь тогтоогдсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дутуу талбайн хэмжээ болох 2.41 м.кв үнэ буюу 5 543 000 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бид талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах худалдан авах гэрээ гэдэгтэй маргаан байхгүй. “Х” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1.2 дахь хэсэгт “Х” ХХК-ийн Б дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 11 дүгээр байрнаас 78,71 м.кв 3 өрөө бүхий орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Х” ХХК-ийн зүгээс байр ашиглалтад орсон гэж мэдэгдээд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр албан ёсны акт үйлдээд байрандаа орсон. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нь гаргаж өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд 78,71 м.кв 3 өрөө орон сууц бэлэн болсон гэж гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээж авахдаа хэмжилт хийлгэе гэсэн боловч “Х” ХХК-ийн зүгээс нэгэнт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахдаа албан ёсны хэмжилт хийдэг тул метр квадратын зөрүүний асуудал байхгүй гэж мэдэгдсэн боловч 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байрандаа хэмжилт хийлгэхэд 75 м.кв буюу 3 м.кв дутуу гарсан бөгөөд энэ талаар “Х” ХХК-д мэдэгдсэн. Мэдэгдсэн учраас л “Х” ХХК-аас өөрсдийнхөө инженерийг авч ирээд хэмжилт хийлгээд харин ч илүү 80 м.кв гарсан гэсэн байдаг. “Х” ХХК-ийн хяналтын инженер н.С гэж хүн албан ёсны дүгнэлт гаргасан. Тиймээс эд хөрөнгийн доголдлын талаар бид байранд ороод 3 сарын дараа “Х” ХХК-д мэдэгдсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлсэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг гаргасан. Талууд гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй, өмчлөх эрхээ 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлж авсан, 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт 6 сарын хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргах асуудал биш, зөвхөн эд хөрөнгийн баталгаат хугацаа буюу энэ доголдлыг илрүүлэх хугацаа үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь буруу тайлбарлаж байна.  Нэхэмжлэгчээс 78,71 метр квадратын 1 метр квадратыг 2 300 000 төгрөгөөр тооцож 181 000 000 төгрөг авчихаад 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 3 м.кв дутуу байрыг тухайн үед дутуу гэдгийг нь мэдээгүй та нарын буруу гэсэн асуудал ярьж байхыг хараад харамсаж байна. Иймд дутуу хүлээлгэн өгсөн 2,41 м.кв үнэ болох 5 543 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр байр захиалсан гэж байна. Захиалсан биш худалдан авсан юм. 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байрыг улсын комисс хүлээж авсан. А.С-ыг захиалан бариулах гэрээ хийсэн гэж хэлж байгаа үед ашиглалтад орсон байсан. Бэлэн байсан байрыг худалдсан. Захиалсан гэдэг чинь захиалгын ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдана. Хэрвээ захиалсан бол бид үүрэг аваад гүйцэтгэх ёстой. Гэтэл А.С-ын хувьд бэлэн байсан байрыг худалдаж авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ болу худалдах, худалдан авах гэрээ. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээж авсан. Тиймээс уг байрыг хүлээн авах үедээ м.кв зөрүүтэй асуудлыг мэдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэж үзэх ёстой. Улсын бүртгэлийн гэрчилгээ буюу өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдөр гарсан. Иймээс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар мэдэх боломжтой байхад худалдан авсан, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй байхад энэ хугацаагаа хэтрүүлсэн тул шаардах эрхгүй. Мөн “Х”  ХХК-д мэдэгдээгүй, өргөдөл хүсэлт гаргасан эсэхийг мэдэхгүй, “Х” ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хэмжилт хийсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Снь “Х” ХХК-нд холбогдуулан орон сууцны 2,41 м.кв талбайн зөрүүнд 5 543 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Х” ХХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, м.кв дутуу талбайтай орон сууц шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул орон сууцны 2.41 м.кв-ын зөрүүнд 5 543 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгч Э.С-тай орон сууцны үнэ, талбайн хэмжээг харилцан тохиролцоод гэрээ байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн, эд хөрөнгийг хүлээж авахдаа доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрч нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч “Х” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах №Н11/204 тоот гэрээ байгуулж, хариуцагч нь Б дүүргийн  204 тоотод байрлах, 78.71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2 300 000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, нийт 181 033 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 3-р хуудас/

Зохигч талууд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, Орон сууцны захиалгын гэрээ, талуудын тайлбараар Б дүүргийн 204 тоот хаягт байрлах, 78.71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч нь өөрийн материалаар барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнэ болох 181 033 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 23-нд улсын комисс хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид олгогдсон, орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 19-нд хүлээн авч, нүүн орсон үйл баримт  тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө  хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний нөхцлийг зөрчиж, доголдолтой хөрөнгө хүлээлгэн өгсөн болох нь “Э” ХХК, “Т” ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлт, тайлангаар нотлогдоно, орон сууцыг м.кв дутуу гэдгийг хүлээн авах үед илрүүлэх боломжгүй боловч хуульд заасан хугацаандаа доголдлыг илрүүлж мэдэгдсэн гэж, хариуцагч нь уг орон сууцыг м.кв дутуу буюу доголдолтой гэдгийг мэдэх боломжтой байхад хүлээн авсан, хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй тул шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн.

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн “Э” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлтэд “...хэмжилтээр тухайн орон сууцны нийт талбай Sнийт=75,81 м.кв гарав”, “Тэтү” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд “...Б дүүргийн 204 тоот Sнийт=76,30 м.кв” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн дүгнэлтийн дагуу хүлээн авсан орон сууц нь 2,41 м.кв зөрүүтэй байгаа тул 5 543 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Зохигч талууд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Нарны хороолол-2 дугаар ээлжийн 11 байр 204 тоотыг хүлээлцсэн болох нь байр хүлээлцсэн актаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч нь энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэжээ.

 Хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдана” гэсэн боловч орон сууцны м.кв зөрүүтэй байгааг хүлээж авах үедээ мэдсэн гэж үзэх үндэслэлгүй, орон сууцны талбайн хэмжилтийг хувь хүн өөрөө бие даан хийх боломжгүй, Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хууль болон “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 6058:2009-т “...орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн тайлангаар нотлогдож байна.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь сууцны м.кв зөрүүтэй байгаа талаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид мэдэгдэж, бичгээр өргөдөл гаргасан гэсэн. /хэргийн хуудас/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг өргөдлийг хүлээн аваагүй, мэдэхгүй гэж мэтгэлцсэн боловч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Х” ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр “...Баянгол дүүрэг 3 хороо 11 байр 4 орц 204 тоот орон сууцны одоо байгаа талбайн хэмжээ Sнийт=80,29 м.кв, гэрээнд тусгагдсан хэмжээ 78,71 м.кв, хэмжилтээр илүү гарсан талбайн хэмжээ 1,58 м.кв, сууцны нийт талбайн хэмжээ Sнийт=80,29 м.кв” гэснээр хэмжилт хийж, орон сууцны доголдлын талаар мэдсэн гэж үзэхээр байна. /хэргийн хуудас/

Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Э.С-д хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар маргаагүй бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “Х” ХХК-нд талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар мэдэгдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч байрны м.кв зөрүүтэй эсэх талаар хэмжилт хийж дүгнэлт гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан гэж үзэв.

Хариуцагч нь орон сууцны м.кв дутуу гэдэг нь тагт, верандыг буруу тооцоолсноос болсон гэж мэтгэлцэж, дахин шинжээч томилсон бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №09-03/2018 тоот “Э” ХХК-ийн хэмжилт хийж дүгнэлт гаргасан тухай тайланд “...1.талуудын тагт болон веранд гэж маргаж бус талбай нь “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009-н дагуу ТАГТ болно. 2.Хэмжилтээр тухайн орон сууцны тагтны талбай St нь 3,70х0,3=1,11 м.кв гарав /MNS 6058:2009-н дагуу тагтны талбайг 0,3 гэсэн итгэлцүүр хэрэглэн бууруулан авна/ ” гэжээ. /хэргийн хуудас/

Иймд дээрх шинжээчийн дүгнэлтийн талаар зохигч талууд маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд зааснаас дутуу эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №09-03/2018 тоот “Э” ХХК-ийн хэмжилт хийж дүгнэлт гаргасан тухай тайлангийн дагуу тооцоход нийт м.кв нь 75.83 м.кв /Sc нийт=23,76+14,10+13,88+5,14+11,77+6,07=74,72 м.кв+1,11=75,83/  буюу м.кв зөрүү нь 2,88м.кв /2,88х2 300 000=6 624 000 төгрөг/ болж байх боловч нэхэмжлэгч нь 2,41 м.кв зөрүүнд 5 543 000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд хариуцагч “Х” ХХК-иас орон сууцны талбайн 2.41 м.кв-ын зөрүүнд 5 543 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч “Х” ХХК-аас орон сууцны талбайн зөрүүнд 5 543 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 103 638 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ХУЛАН