Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00616

 

Э.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01904 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02396 дугаар магадлалтай,

                                                                                                                       

Э.С-ын нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох

Орон сууцны талбайн зөрүү 5,543,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Содмандах “Х” ХХК-тай 2015 оны 02 сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нарны хорооллын 11 дүгээр байрны 204 тоотод 78,71 м.кв орон сууцыг м.кв нь 2,300,000 төгрөгөөр тооцон нийт 181,033,000 төгрөгөөр орон сууцыг захиалсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Энэ нь тус хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2017 оны 05 сарын 27-ны өдөр шинжээчийн дүгнэлтээр м.кв-ын хэмжээ дутуу буюу 76,30 м.кв. Үүнээс 2,41 м.кв дутуу гарсан. Дутуу гарсан м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцож 5,543,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн зүйл байхгүй. 2017 оны 03 сарын 19-ний өдөр акт үйлдэж хүлээж авсан. Тус байрыг хүлээж авахдаа м.кв-ын зөрүүтэй талаар харилцан тохиролцож ярилцсан. “Эм Эм инженеринг” ХХК-иар 2015 оны 06 сарын 29-ний өдөр хэмжилт хийлгэхэд м.кв нь 2,9 метр дутуу гарсан. 2017 оны 07 сарын 01-ний өдөр “Х” ХХК-ийн удирдлагад мэдэгдсэн. Ингээд “Х” ХХК-иас хэмжилт хийлгэхэд 80,29 м.кв буюу дутуу байна гэсэн асуудал яригдсан учраас бид шүүхэд хандсан. Иймд орон сууцны дутуу 2,41 м.кв-ын үнэ 5,543,000 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

                

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл худалдах, худалдан авах гэрээ гэж ярьж байна. Бид талуудын хооронд байгуулагдсан гэрээ орон сууц захиалан бариулах гэрээ байна уу гэдэг дээр маргаж байгаа зүйл байхгүй. “Х” ХХК-тай 2015 оны 02 сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үйл баримт гэрээний дагуу явагдаж байгаа процесс орон сууц захиалан бариулах гэрээ байна уу, худалдах, худалдан авах гэрээ байна уу үүнийг шүүх шийднэ. Бид нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байгаа. Энэ гэрээний 1,2 дахь хэсэгт “Х” ХХК-ийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 11 дүгээр байрнаас 78,71 м.кв 3 өрөө бүхий орон сууцыг худалдаж авахаар гэрээг 2015 оны 02 сарын 11-ний өдөр байгуулсан. 2015 оны 03 сарын 19-ний өдөр “Х” ХХК-ийн зүгээс байр ашиглалтад орсон гэж мэдэгдсэн. 2015 оны 03 сарын 19-ний өдөр албан ёсны акт үйлдээд байранд орсон. 2015 оны 03 сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг “Х” ХХК гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахдаа 78,71 м.кв 3 өрөө орон сууц бэлэн болсон. Үл хөдлөхийн гэрчилгээ энэ байна гэж өгсөн. Уг гэрчилгээг гаргахдаа улсын бүртгэлд албан ёсны хэмжилт хийлгээд, хэмжилт хийсэн зурагтай нь хамт улсын бүртгэлд очоод гэрчилгээ гардаг. 2015 оны 03 сарын 19-ний өдөр байрыг хүлээж авахдаа хэмжилт хийлгэе гэсэн боловч “Х” ХХК-ийн зүгээс нэгэнт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахдаа албан ёсны хэмжилт хийдэг. Үүн дээр метр квадратын зөрүүний асуудал байхгүй гэж мэдэгдсэн. 2015 оны 06 сарын 28-ны өдөр байрандаа хэмжилт хийлгэхэд 75 м.кв буюу 3 м.кв дутуу гарсан ба “Х” ХХК-д мэдэгдсэн. Мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. “Х” ХХК-иас албан ёсны хариу өгсөн. Өөрсдийнхөө инженерийг авч ирээд хэмжилт хийлгээд харин ч илүү 80 м.кв гарсан байна. “Х” ХХК-ийн хяналтын инженер н.Сүх гэж хүн албан ёсны дүгнэлт гаргасан. Дүгнэлт бүх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгч байгаа. Эд хөрөнгийн доголдлын талаар бид байранд ороод 3 сарын дараа “Х” ХХК-д мэдэгдсэн. Иргэний хуулийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө шилжүүлэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч Иргэний хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргах эрхтэй гэж байна. Энэ хуулийн заалтыг нарийн тайлбарлах юм бол гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй. Өмчлөх эрхээ 2015 оны 03 сарын 19-ний өдөр шилжүүлж авсан. 2015 оны 06 сарын 28-ны өдөр буюу 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. Иргэний хуулийн 254.6 дахь хэсэгт 6 сарын хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргах асуудал биш. Зөвхөн эд хөрөнгийн баталгаат хугацаа буюу энэ доголдлыг илрүүлэх хугацаа. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу тайлбарлаж байна. 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн. “Х” ХХК-д мэдэгдсэн. “Х” ХХК-иас албан ёсны хариу ирээд зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иргэний хуулийн 254.6 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх түүнийг мэдсэнээс хойш шаардах хугацаа алдсан зүйл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээг хариуцагч тал зөвшөөрч байвал хариуцагчийн үүрэг гэж байгаа. Нэгэнт хариуцагч худалдагч бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа учир ямар нэгэн эд хөрөнгийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Манайхаас 78,71 м.кв-ын 1 метр квадратыг 2,300,000 төгрөгөөр тооцож 181,000,000 төгрөг авчихаад 2017 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар 3 м.кв дутуу байрыг тухайн үед шаардаж аваагүй та нарын буруу гэсэн асуудал ярьж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 254.1, 254.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслээд дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн буюу эд хөрөнгийн байрны мөнгө 2.41 м.кв үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 02 сарын 02-ны өдөр энэ байрыг захиалсан гэж байна. Захиалсан биш. Өмнөх шүүх хуралдаан хойшлоход энэ байрыг улсын комисс хэзээ хүлээж авсан талаар архиваас лавлагаа ирүүлсэн. 2015 оны 01 сарын 23-ны өдөр байрыг улсын комисс хүлээж авсан. А.Содмандахыг захиалан бариулах гэрээ хийсэн гэж хэлж байгаа үед ашиглалтад орсон байсан. Бэлэн байсан байрыг худалдсан. Захиалсан гэдэг чинь захиалгын ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдана. Хэрвээ захиалсан бол бид үүрэг аваад гүйцэтгэх ёстой. Гэтэл А.Содмандахын хувьд бэлэн байсан байрыг худалдаж авсан. Энэ хэлцэл худалдах, худалдан авах гэрээ. 2015 оны 03 сарын 19-ний өдөр байрыг хүлээж авсан. Тэгээд метр квадратын зөрүүний асуудлыг 2015 оны 03 сарын 19-ний өдөр мэдсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ буюу өмчилсөн үе 2015 оны 03 сарын 04-ний өдөр байгаа, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан талаар хавтаст хэрэгт авагдсан. Худалдах, худалдан авах хэлцэл учраас Иргэний хуулийн дагуу энэ доголдлын талаар 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй. “Х” ХХК-д мэдэгдсэн талаар мэдэхгүй байна. “Х” ХХК хэмжилт хийсэн зүйл байхгүй. 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                   

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01904 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Х” ХХК-иас 5,543,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 103,638 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-ад олгож шийдвэрлэжээ.

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02396 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01904 дугаар шийдвэрийг Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд 210МА2017/02396 тоот магадлал гаргасныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэн Э.С- нь “Х” ХХК-тай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 2-р хороо, Нарны хорооллын 11 дүгээр байрны 204 тоотод байрлах 78,71 м.кв орон сууцыг худалдан авсан. Энэхүү байрны м.кв-ын зөрүүний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үед "Х” ХХК мэдсэн бөгөөд манай компанийн инженерт хэлснээ гомдлын шаардлага гаргасан хэмээн үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Шийдвэр, магадлалын үндэслэл болсон Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргасан байна гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүхэд хандан тухайн байрны тагт гэсэн ойлголтоор авагдсан талбайг Орон сууцны талбай тооцох стандарттай нийцүүлэн тайлбарлуулах гэсэн хариуцагчийн хүсэлтийг үл харгалзан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Иймээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр хандаж байна гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

Нэхэмжлэгч Э.С- нь “Х” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 5,543,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан хэмжээгээр хүлээлгэж өгсөн, худалдан авагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э.С- нь Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 240 тоот 78,71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж төлбөрийг төлөх, хариуцагч буюу “Х” ХХК нь уг барилгыг 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна. Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын барьсан орон сууцнаас сонгож, үнийг нь төлсөн ба анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 06 сарын 30-ны өдөр “Эм Эм Инженеринг” ХХК-ийн гаргасан “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, талбайг 75.81 м.кв” гэж тооцсон дүгнэлтийг үндэслэл болгон, 2,9 м.кв талбай дутуу гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг үндэслэн “ТЭТҮ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 76,3 м.кв гэж тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, мэтгэлцээнээс үзэхэд талуудын хооронд үүссэн маргаан нь орон сууцны ашигтай талбай бус харин сууцны бус зориулалттай туслах талбай нь тагт эсхүл веранд аль нь болохыг шүүхээс үндэслэлтэй тогтоох шаардлагатай байжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийн талаар буюу шинжээчийн дүгнэлтэд верандыг тагт гэж тооцсон талаар маргаж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, мэтгэлцээний зүйлийн талаарх шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай зохигчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл муутай байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/01904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02396 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 104,000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН