Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02091

 


 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

        Дугаар 183/ШШ2021/02091

                          Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, С.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш П” ХХК-д холбогдох,  

            Гэрээнээс учирсан хохиролд 15.443.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо,  Морингийн гудамж, “Санни сайт” хотхон, 813 тоот таун хаусын 2 давхарт өргөтгөл, дээврийн ажил хийлгэхээр “Ш П” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК нь хугацаандаа ажиллаа хийж гүйцэтгээгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сард ихэнх ажилаа дуусгаж, 2021 оны хавар дээврийн террасны шал, бариул зэргийг хийж дуусгасан юм. Гэвч зуны улирал эхэлж, 6 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд орсон борооны улмаас 2 давхрын унтлагын өрөө, ажлын өрөө, зочны өрөөний таазнаас ус гоожиж, гипсэн таазнууд хууларч, дээврийн нуруу хотойж, хавтангууд цүлхийж, обой хуурч, шал норж завсар гарах зэрэг олон доголдол гарсан. Тухайн үед ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК-д мэдэгдэж, засаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл засаж өгөөгүй. Иймд уг ажлын доголдлыг засварлахад 14.708.000 төгрөг болох талаар үнэлгээ тогтоогдсон тул 14.708.100 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 735.000 төгрөг, нийт 15.443.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа худал мэдүүлэг өгсөн байна. Гэрээний дагуу 2020 оны 8 дугаар сард ажил хийж дуусгасан. Гэрээний шаардлага гаргах хугацаа дууссан байна гэжээ

       Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

С.Д-ийн нэхэмжлэлтэй, “Ш П” ХХК-д холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 15.443.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Ш П” ХХК, С.Д нарын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус 813 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дугаар давхрын 142 м.кв талбайтай өргөтгөлийн ажлыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор чанарын шаардлага хангасан хэмжээнд хийж гүйцэтгэх, захиалагч С.Д нь ажлын хөлсөнд нийт 35.200.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус 813 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дугаар давхрын 142 м.кв талбайтай өргөтгөлийн ажил буюу 142 м.кв талбайтай хуучин дээвэр нураах, 23 м.куб блок дүүргэлтийн өрлөг, 142 м.кв талбайтай дээврийн налуу нуруу хийх, дээврийг хар цаас болон төмөрлөх, 142 м.кв талбайтай дотор таазны дулаалга осв хавтан, 7 ширхэг 27 м.кв вакум цонх, 1 ширхэг 1.8 м.кв вакум хаалга, дээврийн террасны шал бариул хийх, 1 давхраас 2 давхарт гарах шат хийх, 2 давхрын гадна фасад хийх ажлыг хийж дуусган, 2020 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд захиалагч С.Д-д хүлээлгэн өгсөн /ажил хүлээлцэх акт үйлдээгүй/ болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголтой буюу “Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус 813 тоот барилгын 2 давхрын барилгын дээврийн нуруу, дээврийн төмөр хотойсны улмаас 2021 оны 6 дугаар сарын 24, 25-ны өдөр орсон борооны ус нэвтэрч, гипсэн таазнууд хууларч, ОСВ хавтан нэлэнхүйдээ норж хотойн цүлхийж, хана таазны обой норж хууларсан, паркетан шал норж зай завсар гарсан” болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “Ф В” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлангаар нотлогджээ.

Захиалагч С.Д-оос уг доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК-д мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-д зааснаар захиалагч С.Д нь уг доголдлыг арилгах зардал болох “Ф В” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайланд “...таазнаас борооны ус нэвтэрсний улмаас гипсэн таазнууд хууларч, ОСВ хавтан нэлэнхүйдээ норж хотойн цүлхийж, хана таазны обой норж хууларсан, паркетэн шал норж зай завсар гарсаныг засварлах зардал 14.708.100 төгрөг” гэснийг үндэслэн ажил гүйцэтгэгч “Ш П” ХХК-иас шаардах эрхтэй юм.

Мөн нэхэмжлэгч С.Д нь үнэлгээний ажлын хөлсөнд 735.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Ф В” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Кассын орлогын ордер гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч “Ш П” ХХК-иас 735.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгох нь зүйтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ш П” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд буюу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 14.708.100 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 735.000 төгрөг, нийт 15.443.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т заасантай нийцэж байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...гэрээний дагуу 2020 оны 8 дугаар сард ажил хийж дуусгасан, шаардлага гаргах хугацаа дууссан” гэсэн байх тул түүнийг гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой талаар, уг доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар, мөн хохирлын үнэлгээний талаар маргаагүй гэж дүгнэв.

Мөн “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч тухай гомдлын шаардлагыг гэрээнд өөрөөр заагаагүй бол хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй доголдол дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Д-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбогдуулан шаардлага гаргах хугацаа өнгөрөөгүй болохыг дурдав.

Түүнчлэн, шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Ш П” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 15.443.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 235.600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ш П” ХХК-иас 235.165 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД