Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00559

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00559

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02091 дугаар шийдвэртэй,

С.Д-ийн нэхэмжлэлтэй

“Ш” ХХК-д холбогдох,

Гэрээнээс учирсан хохиролд 15,443,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Морингийн гудамж, “Санни сайт” хотхон, 813 тоот таун хаусын 2 давхарт өргөтгөл, дээврийн ажил хийлгэхээр “Ш” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэгч “Ш” ХХК нь 2020 оны 10 дугаар сард ихэнх ажлаа дуусгаж, 2021 оны хавар дээврийн террасны шал, бариул зэргийг хийж дуусгасан бөгөөд гэрээний дагуу хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй.

2021 оны 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд орсон борооны улмаас 2 давхрын унтлагын өрөө, ажлын өрөө, зочны өрөөний таазнаас ус гоожиж, гипсэн таазнууд хууларч, дээврийн нуруу хотойж, хавтангууд цүлхийж, обой хуурч, шал норж завсар гарах зэрэг олон доголдол гарсан. Тухайн үед ажил гүйцэтгэгч “Ш” ХХК-д мэдэгдэж, засаж өгөхийг хүссэн боловч засаж өгөөгүй.

Иймд уг ажлын доголдлыг засварлахад 14,708,000 төгрөг болох талаар үнэлгээ тогтоогдсон тул уг төлбөрийг үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 735,000 төгрөгийн хамт нийт 15,443,100 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа худал мэдүүлэг өгсөн байна. Гэрээний дагуу 2020 оны 8 дугаар сард ажил хийж дуусгасан. Гэрээний шаардлага гаргах хугацаа дууссан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 15,443,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 235,600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас 235,165 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Бид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан нийт 142 м.кв дээврийн налуу нуруу хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. Бодит байдал дээр нэмэлт ажлууд хийгдсэн бөгөөд тухайн үед С.Д-той 9,465,000 төгрөгийг нэмж өгөхөөр тохиролцсон учраас ажлыг хийж дуусгасан.

Мөн тус барилга нь анхнаасаа 1 давхар амины орон сууцны зориулалттай байсан учраас бид барилгыг 2 давхар болгон өөрчлөхөд дээвэр хотойно гэж хэлсэн боловч С.Д- нь зүгээрээ гэж хэлэн Ц.Дөлгөөнмөрөнгөөр дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн, мөн дээвэр хотойх тул баганаар тулаад хийж өгье гэж хэлэхэд өөрөө татгалзсан. С.Д-ийн хувьд анхнаасаа 1 давхрын зориулалтай барилгыг 2 давхар болгож өөрчилсөн бөгөөд Ц.Дөлгөөнмөрөнгөөс барилгын зураг төсөл болон бусад зургуудыг гаргуулан авч, үл хөдлөхийн гэрчилгээн дээр 2 давхар барилга гэж бичүүлэн авсан бөгөөд гол зорилго нь энэ байсан.

Мөн С.Д-ийн амины орон сууц нь дээврээсээ ус гоождог байсныг манайхаар янзлуулсан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ манай дээврийн ажил хийхээс өмнө ус гоожиж байсан зургуудыг хөрөнгийн үнэлгээнд өгч үнэлгээ гаргуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардаж авч хуульд заасан хугацаандаа гомдол гаргаж байгаа болно.

Иймээс дээрх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид шүүх хуралдаанд оролцож Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ эдлэж шүүх хуралдаанд мэтгэлзэх, шинжээч томилуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт барилгын өргөтгөл гэж заасан байхад дээврийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал нэмэлт ажил хийсэн гэж тайлбарлаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2.1 дэх хэсэгт дээвэр, блок цутгах гэж заасан ба 1 давхар барилгыг 2 давхар болгож, өргөтгөж байгаа. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах зорилгоор гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Би өнөөдрийг хүртэл уг барилгад амьдарч байгаа. Хуучин 1 давхар байхдаа том өрөө, унтлагын өрөө, гарааштай байсан. Одоо 2 давхарт амьдрах боломжгүй болсон. Өмнөх зураг өгсөн гэж байгаа үндэслэлгүй. Таун хаус нь 1 давхар байшин ба шулуун нуруун дээвэртэй байж байгаад ажил гүйцэтгэх гэрээгээр налуу нуруун дээвэртэй болж байгаа. Үүнээс гадна цонх, хаалга, террас зэргийг гүйцэтгэхээр байсан. 2020 оны оны 6 дугаар сард бороо орсон. Ажлыг хүлээлгэж өгсөнөөс хойш 1 сарын дараа  бороо орж, дээврээс ус гоожсон. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэрийг талуудад шуудангаар хүргүүлсэн. Би Ц.Дэлгэрмөрөнтэй нэг хотхонд амьдардаг. Гэтэл хариуцагч 2022 оны 02 дугаар сард шийдвэрийг гардан авч, давж заалдах гомдол гаргасныг гайхаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 15,443,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Ш” ХХК, С.Д- нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч “Ш” ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус 813 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 142 м.кв талбайтай өргөтгөлийн ажлыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор чанарын шаардлага хангасан хэмжээнд хийж гүйцэтгэх, захиалагч С.Д- нь ажлын хөлсөнд нийт 35,200,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

4. 2021 оны 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд бороо орсны улмаас 2 давхрын унтлагын өрөө, ажлын өрөө, зочны өрөөний таазнаас ус гоожиж, гипсэн таазнууд хууларч, дээврийн нуруу хотойж, хавтангууд цүлхийж, обой норж хууларч, шал норсон учир засвар хийх шаардлагатай болсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Шинжээчийн дүгнэлтэд тус барилгын дээврийн хотойсон нурууг тэгшилж, шинээр төмөрлөх, унтлагын өрөө, ажлын өрөө, зочны өрөөний хууларч унасан гипсэн таазыг шинээр хийх, таазанд замаска татаж эмульсдэх, хотойж цүлхийсэн ОСВ хавтанг буулгаж шинээр хийх, унтлагын өрөөний хана таазны обойг шинээр солих, дээрх өрөөнүүдийн паркетан шалыг шинээр солихоор хохирлын үнэлгээнд оруулан тооцсоноос үзвэл хохирлын зарим хэсэг нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бол обой, паркетан шал солих нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл биш байна.

 

Иймд шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас гадна Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулснаар үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд уг маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй юм.

 

Улмаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид ариуцагчаас төлсөн 235,165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

                                      

ШҮҮГЧИД                                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                        

Э.ЗОЛЗАЯА