Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00669

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00669

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Хандгайтын ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Х овогт Д-ийн Д /РД:.../,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, Хайрхан ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, И овогт Д-ийн Д /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт түр оршин суух, Э овогт Ч-ын Б /РД:.../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Д нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чех улсаас Мерседес бенз актросс 1835 загварын 2001 онд үйлдвэрлэсэн улаан өнгөтэй ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг Монгол улсад оруулж ирсэн. Д.Д нь 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Дт уг тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах, тээврийн хэрэгслийг хүлээлцэх бүрэн эрхийг олгож итгэмжлэл өгсөн. Д.Дын төрсөн ахын найз болох Ч.Б нь уг тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авах гэрээгээр худалдан авахаар тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг Д.Дын ах Д.Д, Ч.Б нар байгуулсан. Тээврийн хэрэгслийн үнэ 46,000,000 төгрөг байхаар тохиролцож, төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор автомашины эзэн Дэмбэрэлийн Даваанямын эзэмшлийн Чех улс дахь 0000001918623193-0800 дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Ч.Б нь гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг авч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа боловч үнийг төлөхгүй хохироож байна. Иймд Ч.Бээс автомашины үнэ болох 46,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг Д.Д нь энэ гэрээг хийсэн учраас хамтран нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Ч.Б нь дээрх тээврийн хэрэгслийг авч одоог хүртэл ашиглаж байгаа бөгөөд Орос Монголын хооронд ачаа тээвэрлэж байсан нь үүний тайлбараар тогтоогдож байгаа. Одоо энэ машин Д.Д, Д.Д нарт байхгүй гэжээ.

 

Хамтран нэхэмжлэгч Д.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Д.Д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг Ч.Бтэй байгаалсан. Гэрээний 2.1-д тээврийн хэрэгслийн үнэ 46,000,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Д.Дын эзэмшлийн Чех улс дахь 0000001918623193-0800 дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Ч.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Миний бие гэрээг байгуулсан боловч 46,000,000 төгрөгийг Д.Д авах ёстой. Иймд Ч.Бээс 46,000,000 төгрөг гаргуулж Д.Дд олгоно уу гэжээ.

 

Хариуцагч Ч.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Б миний бие 2015 онд Оросын холбооны улсаас шил зөөх, мөн 2016 онд хүнсний бараа зөөх зорилгоор Д.Доос зарах ачааны автомашин байна уу гэж асуусан. Д.Д надад 2016 онд үйлдвэрлэгдсэн сая орж ирсэн машин байгаа гээд үзүүлсэн. Энэ машин нь цагаан өнгөтэй, чиргүүлтэй машин байсан, энэ болж байна асуудалгүй биз дээ гэхэд асуудалгүй гээд яг авах гэтэл улаан толгойтой машин зааж өгөөд энэ бол илүү даац сайтай, дулаалга сайтай машин гэсэн. Тухайн үед тэр машиныг авах сонирхолгүй байсан. Яагаад гэвэл толгой, чиргүүл нь өөр өнгийн машин байна, уг нь стандартаараа ижил өнгийн байвал зүгээр, өөр өнгөтэй бол Орос улсад явуулдаггүй гэхэд Д.Д нь зүгээрээ, асуудал байхгүй, улаан өнгийн толгойтой нь илүү сайн учраас ах нь дүүгийн хувьд зөвлөөд улааныг нь ав гэсээр байгаад улааныг нь авсан.

Ингээд Д.Д ахыг үзлэгт оруулж харуулъя гэхэд том машиныг нааш цааш явуулаад яахав, таньдаг газар байгаа, тэнд оруулчихъя. Чи зүгээр мөнгийг нь шилжүүлчих гэсэн. Тэгээд оношлуулаад оношилгоо асуудалгүй гэсэн бичиг авсан байсан. Уг машинаар Оросын холбооны улс явах гээд бэлтгэл хангах үед энэ машин нэг л биш байна, хүнд үзүүлье гэсэн. Тэр хүн нь манай хамаатны н.Батаа гэдэг хүн байсан. н.Батаагаар машины бөгсөн хэсэгт асуудал байсныг засуулсан. Тухайн үед засуулсан зардал надаас гарсан. Н.Батаа ах тэр үед энэ машин нэг биш байна шүү, араа нь хааяа орохгүй, дээрээс нь бөгс асуудалтай, Орос руу ахыг нь унаад цуг яваад өг гээд байна. Ах нь бол итгэж явж чадахгүй, өөр жолооч ол гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед Д.Д ах мэддэг байсан, хойшоо, урагшаа их явдаг, энэ хоёр Улаанбаатар хотоос гарч яваад Эрхүү хотод оношилгоонд орсон байсан. Зөв зүгээр байсан бол оношилгоонд оролгүй зөв зүгээр яваад ирэх ёстой байсан. Ямар учраас орсноо тухайн үед хэлээгүй. Яагаад оношлогоонд орсон юм бэ гэхэд н.Энхболд ах улаан гэрэлнүүд нь асаад байсан болохоор унтраалгах гэж орсон юм гэж хэлсэн.

Даац нь сайн гээд явуулсан машин Оросын холбооны улсын Курган хотод толгойны даац хэтэрсэн гэсэн асуудлаар нэг хоносон. Ингээд нэг ёсондоо эргэлзээ төрж эхэлсэн. Он гарангуут Д.Д ахтай дахиад хүнсний ногоондоо явсан. Гэхдээ би найзыгаа дагуулж явсан. Тэр үед би машиндаа нэг ч сууж үзээгүй байж байгаад анх удаа сууж үзсэн. Яагаад гэвэл Д.Дид итгэж байсан учраас. Ингээд манай найз бид 2 сууж явсан. Д.Д ах Курган хот хүртэл барьж явсан. Манай найз Давка ах аа, Батдэлгэрээ 5, 6 улаан гэрэл заасан байна, үүнийгээ үзүүлээч ээ, харуулаач ээ гэж бид хоёрын дэргэд хэлж байсан. Улаан-Үүдээс ирснээс хойш ирэх замдаа машин араандаа орохгүй Баянчандманийн цаана 2 цаг гаран эвдэрч зогссон. Эвдрэл нь тогтоогдохгүй 2 цаг зогссоны эцэст араандаа ороод 1, 2 дугаар араагаар явсаар байгаад манай үйлдвэр дээр ирсэн. Энэ хооронд лууван хөлдөх, хайрагдах асуудал гарсан. Ингээд ирснээс хойш би Д.Д ахад хэлсэн дүүд нь энэ машиныг авахад тун хэцүү болоод байна. Нэгд нь эвдрэлүүд нь их байна. Хоёрт нь таны даац сайтай гэсэн цагаан толгойтой машинтай чинь адилхан даацтай байна. Гуравт миний санхүү ерөөсөө болохгүй байна. Та өөрөө учраа ол гэсэн. Тэгэхэд За ах нь өөрөө Замын- үүд рүү явж зохицуулъя гэсэн. Ингээд 2, 3 хоног явсан. Тухайн үед явж ирчихээд н.Батаагийн хашаанд авчирч тавьчихаад байсан. Манай хашаа зайтай ч н.Батаагийн хашаанд тавьдаг байсан. Дахиад 3 дахь удаа жолооч олж өгөөч гэсэн. Манайд ажилладаг жолооч бий. Тэр жолооч Орос тэрэг барьдаг байсан. Зохицоод яв гэхэд н.Батзоригийг авч явсан. Хотоос гарсан гэсэн. Тэгээд оройхон нь Налайхын цаад талд эвдрээд зогсчихлоо гэж утсаар дуудсанаар би н.Батбаяр гэдэг найзтайгаа очиж, чирч н.Батбаярын хашаанд оруулсан. Тэгээд өөрөө машинаа аваад явсан байсан. Ийм л зүйл болсон. Би машин авсан нэртэй байсан боловч миний нэр дээр шилжээгүй, миний ашиглалт хамгаалалтад нэг ч удаа шилжүүлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д, Д.Д нар нь хариуцагч Ч.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд огт ирээгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой тээврийн хэрэгсэл байсан гэж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тээврийн хэрэгслийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас мөнгөн төлбөрийн шаардлага гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд гэрээний зүйлийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлж, хариуцагч төлбөрийг тогтсон хугацаанд хүүгүйгээр төлөх, төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолд алданги төлөх талаар тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чех улсаас Мерседес бенз актросс 1835 0 загварын 2001 онд үйлдвэрлэсэн улаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг Монгол улсад оруулж ирж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өөрийн төрсөн дүү Д.Дт уг тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах, тээврийн хэрэгслийг хүлээлцэх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.

 

Улмаар тухайн тээврийн хэрэгсэл 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Дийн нэр дээр бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон тул Д.Д нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардахгүй эрхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Ч.Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Мерседес бенз актросс 1835 0 загварын, ачааны зориулалттай, 90-75 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Д.Д нь Ч.Бт шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний үнэ болох 46,000,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Дын дансанд шилжүүлэх, төлбөр төлөгдсний дараа тээврийн хэрэгслийг Ч.Бийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр ... тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч нарт байхгүй, Ч.Бт байгаа гэж, харин хариуцагч Ч.Б нь ... тээврийн хэрэгслийг Д.Д надад шилжүүлж өгөөгүй гэж харилцан зөрүүтэй мэдүүлж байх боловч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаанд оролцсон гэрч Я.Батбаяр Д.Д нь 2 бенз гадаадаас оруулж ирээд нэгийг нь Ч.Б аваад манай хашаанд тавьдаг байсан. Гарч орох болгонд Д.Д машиныг барьдаг байсан, хамгийн сүүлд эвдэрчихлээ гээд манай хашаанд оруулж ирсэн. Тэгээд сүүлдээ улаан толгойтой ачааны машиныг зарахаар болсон гээд Д.Дийн дүү гэх нэг залуу ирээд Таван толгойд ажилладаг баз хүргэн нь авахаар болсон, ирвэл өгөөд явуулаарай гэж хэлсэн. Ирэхгүй удаад байхаар нь хэлсэн чинь за ах нь одоо авна гээд гурвуулаа ирээд чирээд аваад явсан гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч Д.Д нь тээврийн хэрэгслийг хариуцагч Ч.Бийн эзэмшилд өгсөн нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Мерседес бенз актросс 1835 0 загварын 2001 онд үйлдвэрлэсэн улаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал нь хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан байх тул хариуцагч гэрээний үнийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Бээс 46.000.000 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэгч Д.Д, Д.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР