Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02846

 

2021 оны 12 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/02846 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:  дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 16/3, Жи Ди төвийн 301 тоот хаягт байрлах,  ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1-1 тоот хаягт байрлах, си би ХХК /РД:/-д холбогдох,

 

          

 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1 дугаар орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, тухайн хэсгийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав /ШТЭҮД-1300/ нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Си Би ХХК-д холбогдуулан тус хоёр компанийн хамтран барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  хороолол, 41-1 тоот хаягт байрлалтай 5 давхар орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, тухайн тал хэсгийг Си Би ХХК-иас гаргуулан  ХХК-д шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргааны гол үндэслэл бол 2010 онд  ХХК болон Си Би ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  хороолол, 41-1 тоот хаягт байрлах 5 давхар орон сууцны зориулалттай барилгын хөрөнгө оруулагчаар  ХХК оролцож, барилгын ажлын гүйцэтгэлийг Си Би ХХК хариуцаж ажилласан. 2011 оноос 2015 оны хооронд барилгыг барьж, санхүүгийн тайлан дахь гүйцэтгэлээр бол 2 252 273 444 төгрөгийн өртөг бүхий 2,955 м.кв ашигтай талбай бүхий барилгыг 2014 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Си Би ХХК-ийн захирал н.Чимбат,  ХХК-ийн захирал асан, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батаа нар Удирдах зөвлөлийн тогтоол нэртэй эрх зүйн баримт бичиг үйлдэж, хоёр компани ашиг орлогоо хэрхэн хуваарилах талаараа тохиролцсон шинжтэй хэлцэл байгуулсан. Энэ хэлцэл нь 2010 оноос эхэлж явагдсан хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээгээ дүгнэсэн бичиг болсон. Энэ тогтоолыг гаргаж байх үед н.Чимбат болон н.Батаа нар хоорондоо ямар ч маргаангүй нэг айлын баз хүргэд байсан. Хэн юу оруулсан, хэн нь юу авах тал дээр маргаангүй, банкнаас зээл авч төлсөн хүүгээс чөлөөлөх зэргээр тохирч, чамд оногдох ашигт барилгын тодорхой хэдэн тоот хаалгануудыг хуваарилж өгье гээд харилцан тохирсон. Үүнээс хойш 2 жилийн дараагаас Си Би ХХК-ийн захирал Чимбат шинжээ хувиргаж, надад юм нэмж өг, би бага зүйл авсан байна гээд маргаан үүсэж, иргэний шүүхээр явсан байдаг. Тус маргаан 2 жил үргэлжилсэн байдаг ба  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1879 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Талууд маргаагүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон. Тухайн хэргээс манай маргаанд ач холбогдолтой байгаа зүйл нь удирдах зөвлөлийн тогтоол гэдэг баримт бичгээ үгүйсгэж, хэрэгсэхгүй болгох зорилготой н.Чимбат захирал заргалдсан боловч харамсалтай нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш н.Чимбат захирал дахиж энэ асуудлаар маргаагүй. Миний ойлгосноор хөрөнгө, ашиг, орлогоо хуваарилж авсан удирдах зөвлөлийн тогтоол бол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүнийг эрх зүйн баримтын хувьд дүгнэлт хийсэн. Энэ бол тогтоол бол биш байна. Нэрээс нь болж хүчингүй болгох талаар маргаж байгаа хэдий ч эрх зүйн баримт бичгийн хувьд хүчин төгөлдөр болсон гэдгийг дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул тухайн үйл явдлыг өөр шүүхээр дахин дүгнэх шаардлагагүй гэдгийг нотлох зорилготой юм. Тус шийдвэр дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэрэгт цугларсан санхүүгийн үйл баримтуудад, маргааны үйл баримтууддаа шүүхийн зүгээс дэлгэрэнгүй дүгнэлт өгсөн байдаг. Энэ асуудал дуусахыг хүлээж  ХХК-ийн зүгээс зоорины давхартай холбоотой асуудлаа нэхэмжлэхгүй байсаар тухайн асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа зоорины асуудлаараа нэхэмжлэл гаргаад явж байна. Удирдах зөвлөлийн тогтоол дээр зоорины асуудлыг огт хөндөөгүй орхисон. Гэвч тус хэсэг нь байшингийн салшгүй хэсэг мөн. Доторх сантехникийн төхөөрөмжүүд болон орон сууцны СӨХ ажиллах боломжтой хэсэг талбай байгаа боловч ашиглаж болохуйц хоосон орон зай ихтэй үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан зүйлгүй, ерөнхий ашиглалтыг Си Би ХХК-ийн захирал н.Чимбат хариуцсан байдалтай байж байна.  дүүргийн шүүхийн шийдвэрээр удирдах зөвлөлийн тогтоол нэртэй баримт нь эрх зүйн хүчин төгөлдөр акт болох нь тогтоогдсон ба энэ тогтоолоор хуваарилагдаагүй хөрөнгө болох зоорины давхрын хөрөнгөө шүүхээр шийдвэрлүүлэн өмчлөх эрхээ тогтоолгож, хуваан авах ажиллагаа гаргуулж, эрх зүйн үндэслэл нэг болгохын тулд нэхэмжлэл гаргасан. н.Чимбат захирлын шүүхэд өгсөн хариу тайлбараас харахад тус зоорины давхар байдаг ба хуваагдаагүй болох нь маргаангүй байдаг. Хөрөнгө оруулалтыг ерөнхийд нь хүлээн зөшөөрдөг бөгөөд тоон үзүүлэлтийн хувьд их бага гэсэн маргаан байдаг. Одоогийн байдлаар зоорины давхрыг хэн нэгэн өмчлөөгүй. Си Би ХХК-ийн ашиглалтад байгаа зэргийг үгүйсгээгүй шинжтэй тайлбар өгсөн байна. Иймд хариуцагчийн хариу тайлбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтын нэг болно гэж үзэж байна. Зоорины давхрыг үнэлсэн үнэлгээний тухайд хоёр тал тохирсон зүйл байхгүй. Орон сууцны талбайгаа 1,200,000 төгрөгөөр үнэлж зарсан байдаг тул орон сууцны бус зоорины нийт 719 м.кв талбайг 1 метр квадратыг нь 381,000 төгрөгөөр тооцож үнэлэх саналыг  ХХК-ийн зүгээс гаргасан байдаг. Өөрсдөдөө байгаа баримтуудыг үндэслэн тухайн барилгад орсон барилгын материалын зардлыг тооцож, бодитоор үнэлэхийг зорьсон. Нийт 719 м.кв талбайн тал нь болох 359 м.кв талбайн үнэ болох 136,779,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг гаргуулан авахаар маргаж байна. Бид дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцоолж улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Мөнгө гаргуулан авах зорилго байхгүй. Барилгын ногдох хэсгээ гаргуулах зорилготой байгаа гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Си Би ХХК-ийн Удирдах зөвлөлийн хурлын хөрөнгө хуваарилах тухай тогтоол нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  хороолол, 41-1 тоот хаягт байрлалтай 5 давхар орон сууцны зөвхөн орон сууцыг хуваахтай холбоотой тогтоол бөгөөд зоорины давхрыг хуваах эсэх талаар харилцан тохиролцоогүй. Энэ талаар ямар нэгэн зүйл дурдаагүй байдаг. Хөрөнгө хуваарилах тухай тогтоолын 5 дугаар зүйлд орон сууцны ашиглалт, үйлчилгээ, зохион байгуулалт, нийтийн үйлчилгээний байгууллагад шилжүүлэх ажлыг Си Би ХХК хариуцна гэж заасан. Өнөөдрийн байдлаар зоорины давхарт СӨХ үйл ажиллагаа явуулдаг ба зоорины давхарт дулаан болон бохир усны шугам, халаалтын насос, цахилгаан хангамжийн шийд байдаг. Си Би ХХК-ийн хувьд тус орон сууцыг анх барихад эзэмших газар болон барилгын бүх төрлийн зураг төсөл, төрийн байгууллагуудын зөвшөөрөл болгон Си Би ХХК-ийн нэр дээр байсан.  ХХК нь 991,601,744.45 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зоорины давхарт өнөөдрийн байдлаар ямар нэгэн өмчлөл байхгүй. СӨХ албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө хуваарилах тухай удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэл болгон нэхэмжлэл гаргаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Си Би ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1 дугаартай 5 давхар орон сууцны барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, тухайн тал хэсгийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

 

 

Талууд 2016 оны 01 сарын 11-ний өдөр 01 дүгээр хөрөнгө хуваарилах тухай хэлцэлд 2011 оны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад нийт 2 291 601 744,45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 1 991 601 744,45 төгрөгийг Н.Батаа, 300 000 000 төгрөгийг С.Чинбат тус тус оруулсан болохыг, нийт 2955 м.кв ашигтай талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2015/193 актаар улсын комисст хүлээлгэн өгсөн болохоо дурдан,  ХХК-д тодорхой тоот бүхий 32 ширхэг орон сууцыг, Си Би ХХК-д мөн тодорхой тоот бүхий 5 ширхэг орон сууцыг ашиг хэлбэрээр хуваарилахаар, урьд борлогдсон 22 байрны үлдэгдэл төлбөр 223 941 000 төгрөгийг  ХХК-ийн ашигт хуваарилахаар, орон сууцны ашиглалт, үйлчилгээг зохион байгуулах, нийтийн үйлчилгээний байгууллагуудад шилжүүлэх ажлыг Кей Си Би ХХК хариуцахаар тус тус тохиролцож, үүгээр 60 айлын орон сууцны төсөл бүрэн хаагдаж, хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэжээ. /хх-9-10/

 

 

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын дээрх тохиролцооноос дүгнэхэд нэхэмжлэгчийн зоорийн давхрыг ашигт хуваарилаагүй, жич тохиролцохоор орхисон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

 

 

Барилгын ажлын зургаар уг орон сууцны барилга нь 4 орцтой, зоорийн давхарт техникийн өрөөнүүд, 1-5 давхарт 60 айлын сууц байхаар төлөвлөгдөж баригдсан болох нь хэрэгт авагдсан 2011 онд батлагдсан барилгын зураг төслөөр тогтоогдож байна.

 

 

 

Хариуцагч маргааны зүйл болох зоорийн давхарт дулааны болон бохир усны шугам, халаалтын насос, цахилгаан хангамжийн шийд зэрэг техникийн хэсэг байрладаг гэж тайлбарлан, фото зургийг нотлох баримтаар гаргасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбарыг үгүйсгэн няцаагаагүй болно.

 

 

 

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасан бөгөөд уг 60 айлын орон сууц болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1 байрны ашиглалт, засвар үйлчилгээг Түмэн туст СӨХ хариуцан үйл ажиллагаа явуулж, маргаан бүхий зоорийн давхрыг эзэмшдэг болох нь тус СӨХ-ны гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

 

 

Нэхэмжлэгч зоорийн давхрыг талуудад хуваарилах ёстой цэвэр ашгийн нэгээхэн хэсэг гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хууль зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий зоорийн давхар нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1 байрны нийт орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлтэй нь дээр нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 сарын 11-ний өдөр 01 дүгээр хөрөнгө хуваарилах тухай хэлцлийг үндэслэн өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

 

 

Иймд нэхэмжлэгч  ХХК-ийн хариуцагч Си Би ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1 дугаартай 5 давхар орон сууцны барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, тухайн тал хэсгийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

 

Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 142 дугаар зүйлийн 142.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  ХХК-ийн хариуцагч Си Би ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  41-1 дугаартай 5 давхар орон сууцны барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, тухайн тал хэсгийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 841 845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ