Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ201901882

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...х/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ...д холбогдох,

Байгууллагад учруулсан хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., хариуцагчийн өмгөөлөгч Д.... /ШТҮД-...5/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ...-ыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд, уг нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ажиллагсдыг орон сууцны хөнгөлөлтөнд хамруулдаг. ...-ын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/257 дугаар тушаалаар Ч....ы цалингийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 30,000,000 /гучин сая/ төгрөгийг орон сууцны үнийн хөнгөлөлт болгож олгосон. Уг хөнгөлөлтийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварыг суутгалгүйгээр олгосон. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч ...-аас 2008-2012 онд 739 ажиллагсдад олгосон 14,034,500 төгрөгийн 10 хувь болох 1,403,500,000 /нэг тэрбум дөрвөн зуун гурван сая таван зуун мянган/ төгрөгийг хувь хүмүүсээс суутгаж авах тухай 232742 тоот акт тавьсан. Уг актаар тавьсан 1,403,500,000 төгрөгийг тус газар 2016 оны төсвийн хөрөнгөөр төлж барагдуулсанд Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 29/01-12 дугаартай албан шаардлага гаргаж актын биелэлтийг хангаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварын мөнгийг ажилтнуудаар буцааж төлүүлэхийг үүрэг болгосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Ч....оос 3,000,000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн татвараас шалгалт орж байгууллагыг хохиролгүй болго гэсэн. Аж ахуйн нэгжийн зөвхөн дэмжлэг үзүүлж байгаа орлого гэдгээр нь татвар суутгах ёстой гэж үзэж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар болон, өмгөөлөгч Д....гийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... нь нэхэмжлэлдээ хариуцагчид орон сууцны хөнгөлөлт олгосон. Уг хөнгөлөлтийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварыг суутгалгүйгээр олгосон бөгөөд, тухайн ажилтан уг авсан мөнгөнөөсөө өөрөө татвараа төлөх байсан гэжээ. Хариуцагчид тухайн үед орон сууцны хөнгөлөлт олгохдоо өөрөө татвараа төлөх талаар хэлж байгаагүй бөгөөд, хариуцагч нэхэмжлэгч байгууллагыг зохих журмын дагуу татвараа зохицуулсан, зохих журмаар олгосон хөнгөлөлт гэж үзэж байгаа тул төлөх үндэслэлгүй байна. Орон сууцны хөнгөлөлт олгож байгаа нь ажил олгогчоос ажилтнаа дэмжиж байгаа хөдөлмөрийн харилцаа бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар уг шаардаж байгаа үнийн дүнг шаардах хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа хэтэрсэн байгаа тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөс татгалзаж байгааг хүлээн авчр, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сангийн яамны улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг харвал ажилтнуудаар буцааж төлүүл гэсэн заалт байдаггүй. Ажилтнуудаас буцааж гаргуулах тухай хуулийн заалтыг хэрэглээгүй. Төсвийг зориулалтын бусаар гаргасан тул холбогдох этгээдээс гаргуулах хэрэгтэй гэсэн байгаа. Ч.... төсвийг зарцуулах эрхгүй тул уг албан шаардлагад хамааралгүй. Шаардлагын эрх зүйн үндэслэл тодорхойгүй. Гэсэн хэдий ч талуудын хооронд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай гэрээ хийсэн. Энэ гэрээнд татвар суутгах тухай тохиролцоогүй. 2013 онд татварын байцаагчийн актад гомдол гаргаад гурван шатны шүүхээр явсан. Нэхэмжлэгч байгууллага 2016 онд 1 тэрбум төгрөг төлсөн. Ийнхүү төлсөн байгаагаас харахад ажилтнуудаасаа татварын мөнгө авна гэж байхгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон. Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийсэн гэрээ 30,000,000 төгрөгийн дүнтэй байсан. Хариуд нь зориулалтын дагуу ашиглах, 5 жил тасралтгүй ажиллах заалттай. Гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх дуусгавар болсон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлс урамшуулал олгох үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилтан хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Татвар суутгах ёстой гэдгээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар өөрсдөө мэдээгүй. Ажилтнуудад татвар суутгахгүйгээр 30,000,000 төгрөг олгосон. 7 жилийн дараа татвар авна гэж байгаа. Ажилчин тайлангаа өөрөө мэдүүлээд 10 хувиа аваачиж өгнө гэсэн заалт байхгүй. Ажил олгогч суутгаж аваад цаашаа улсын төсөвт өгдөг. Татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаа 3 шатны шүүхээр тогтоогдсон. 7 жилийн дараа нэхэх үндэслэлгүй. Татвар суутгахгүй мөнгө гэдгийг ажил олгогч өөрөө ойлгосон. Гэрээний харилцаанаас 30,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг буцааж авна гэж нэг ойлгоод байна. Өмнөөс нь мөнгө төлчихсөн учраас тэрийгээ буцааж авна гэж нэг ойлгоод байгаа. Гэрээтэй учир гэм хор, үндэслэлгүйгээр хөрөнгөжих бас биш байх. Бид нар сайн ойлгохгүй байгаа... гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь Ч....д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ч....д 30,000,000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлт олгосноос ажилтан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татвар суутгагдаагүйгээс байгууллага уг татварыг төлснөөр 3,000,000 төгрөгийн хохирол учирсныг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгох... гэж тодорхойлон нэхэмжилсэн бол, хариуцагч уг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ...ажил олгогчоос орон сууцны хөнгөлөлтийг татвар суутгагдсаны дараа олгогдсон гэж үзсэн бөгөөд, байгууллагад учирсан хохирол шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр ...-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

...-ын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/257 тоот Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалаар зарим ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, улмаар тус байгууллагын ХНБАҮА-ны цахилгааны хэсгийн техникч ажилтай Ч....д 30,000,000 төгрөгийг олгон, түүнтэй Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийх гэрээ-г байгуулсан байна. /хавтаст хэргийн 4, 22-27 дугаар тал/

Дээрх гэрээний дагуу ажил олгогчийн зүгээс орон сууцны хөнгөлөлт олгосноос хойш 5 жилийн хугацаанд ажилтны санаачлагаар болон түүний буруугаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдолд хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг ажилтнаас шаардан буцаан авах, ажилтан уг хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй бол гэрээг цуцалж, гэрээгээр олгосон хөрөнгийг буцаан авах эрхтэй байхаар зааж, харин ажилтан Ч.... түүнд орон сууц худалдан авахад нь зориулж байгууллагаас олгож буй хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, 5 жилийн хугацаанд үндсэн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээж, уг хугацаанд ажилтны санаачлагаар болон ... ажлаас халагдах тохиолдолд орон сууцны хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг байгууллагад буцаан төлөх зэрэг нөхцлүүдийг харилцан тохирч, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусгаснаар гэрээ дуусгавар болохоор заажээ.

Хариуцагч Ч.... гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл ...-ын Холбоо навигаци ажиглалтын албаны Цахилгаан хангалтын тасагт дизелийн техникчээр ажиллаж байгаа болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд, гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 39 дүгээр тал/

...-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа: ...Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 232742 тоот Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар 1,403,450,000 төгрөгийн нөхөн татвар, 421,035,000 төгрөгийн торгууль, 492,842,000 төгрөгийн алданги төлүүлэхээр ногдуулсныг тус байгууллага эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 465 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 75 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 80 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэн, ...-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 6-21 дүгээр тал/

Улмаар 2016 онд нэхэмжлэгч ...-аас дээрх актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан талаар зохигчид тайлбарлах бөгөөд, Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 29/01-12 албан шаардлагаар татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 1,403,500,000 төгрөгийг холбогдох хүмүүсээс суутган 2018 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгч энэхүү шаардлагын дагуу хариуцагч Ч....оос 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан.

2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны хөнгөлөлт урамшуулал нь татвар ногдох орлогод хамаарах бөгөөд, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгох, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.1.2 дахь хэсгүүдэд суутгагч албан татвар ногдуулахдаа мөн хуулийн 11 дүгээр зүйл... заасан хувиар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх, хуулийн 11.1.1 дэх хэсэгт заасан албан татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1 дэх хэсэгт заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэхээр заажээ. Ийнхүү хуульд заасныг дүгнэвэл ажил олгогч буюу суутгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд ажилтан буруугүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардаж буй 3,000,000 төгрөгийг байгууллагад учирсан хохирол хэмээн тодорхойлж шаардсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт ..ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч хариуцагч Ч.... ажил олгогч байгууллага болох ...-т хохирол учруулсан байдал хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүйн зэрэгцээ, 2012 онд байгуулагдсан гэрээний дагуу ажил олгогчоос олгогдсон урамшуулалд ногдох татвар гэх төлбөрийг 2019 онд ажилтнаас гаргуулахаар шаардаж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зэрэг үндэслэлүүдээр хариуцагчаас төлбөр шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч....оос 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ...-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА