Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1658

 

 

 

 

 

 

 

 

 

ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.М, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01882 дугаар шийдвэртэй, ИНЕГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.О холбогдох, байгууллагад учруулсан хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ- нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажиллагсдыг орон сууцны хөнгөлөлтөнд хамруулдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/257 дугаар тушаалаар Ч.О цалингийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд 30 000 000 төгрөгийг орон сууцны үнийн хөнгөлөлт болгож олгосон. Уг хөнгөлөлтийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварыг суутгалгүйгээр олгосон. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч ИНЕГ-аас 2008-2012 онд 739 ажиллагсдад олгосон 14 034 500 төгрөгийн 10 хувь болох 1 403 500 000 төгрөгийг хувь хүмүүсээс суутгаж авах тухай 232742 тоот акт тавьсан. Уг актаар тавьсан 1 403 500 000 төгрөгийг тус газар 2016 оны төсвийн хөрөнгөөр төлж барагдуулсанд Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 29/01-12 дугаартай албан шаардлага гаргаж актын биелэлтийг хангаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварын мөнгийг ажилтнуудаар буцааж төлүүлэхийг үүрэг болгосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Ч.О  3 000 000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн татвараас шалгалт орж байгууллагыг хохиролгүй болго гэсэн. Аж ахуйн нэгжийн зөвхөн дэмжлэг үзүүлж байгаа орлого гэдгээр нь татвар суутгах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ИНЕГ- нь нэхэмжлэлдээ хариуцагчид орон сууцны хөнгөлөлт олгосон. Уг хөнгөлөлтийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварыг суутгалгүйгээр олгосон бөгөөд, тухайн ажилтан уг авсан мөнгөнөөсөө өөрөө татвараа төлөх байсан гэжээ. Хариуцагчид тухайн үед орон сууцны хөнгөлөлт олгохдоо өөрөө татвараа төлөх талаар хэлж байгаагүй бөгөөд, хариуцагч нэхэмжлэгч байгууллагыг зохих журмын дагуу татвараа зохицуулсан, зохих журмаар олгосон хөнгөлөлт гэж үзэж байгаа тул төлөх үндэслэлгүй байна. Орон сууцны хөнгөлөлт олгож байгаа нь ажил олгогчоос ажилтнаа дэмжиж байгаа хөдөлмөрийн харилцаа бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар уг шаардаж байгаа үнийн дүнг шаардах хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа хэтэрсэн байгаа тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөс татгалзаж байгааг хүлээн авчр, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сангийн яамны улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг харвал ажилтнуудаар буцааж төлүүл гэсэн заалт байдаггүй. Ажилтнуудаас буцааж гаргуулах тухай хуулийн заалтыг хэрэглээгүй. Төсвийг зориулалтын бусаар гаргасан тул холбогдох этгээдээс гаргуулах хэрэгтэй гэсэн байгаа. Ч.О төсвийг зарцуулах эрхгүй тул уг албан шаардлагад хамааралгүй. Шаардлагын эрх зүйн үндэслэл тодорхойгүй. Гэсэн хэдий ч талуудын хооронд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай гэрээ хийсэн. Энэ гэрээнд татвар суутгах тухай тохиролцоогүй. 2013 онд татварын байцаагчийн актад гомдол гаргаад гурван шатны шүүхээр явсан. Нэхэмжлэгч байгууллага 2016 онд 1 тэрбум төгрөг төлсөн. Ийнхүү төлсөн байгаагаас харахад ажилтнуудаасаа татварын мөнгө авна гэж байхгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон. Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийсэн гэрээ 30,000,000 төгрөгийн дүнтэй байсан. Хариуд нь зориулалтын дагуу ашиглах, 5 жил тасралтгүй ажиллах заалттай. Гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар шаардах эрх дуусгавар болсон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлс урамшуулал олгох үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилтан хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Татвар суутгах ёстой гэдгээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ- өөрсдөө мэдээгүй. Ажилтнуудад татвар суутгахгүйгээр 30 000 000 төгрөг олгосон. 7 жилийн дараа татвар авна гэж байгаа. Ажилчин тайлангаа өөрөө мэдүүлээд 10 хувиа аваачиж өгнө гэсэн заалт байхгүй. Ажил олгогч суутгаж аваад цаашаа улсын төсөвт өгдөг. Татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаа 3 шатны шүүхээр тогтоогдсон. 7 жилийн дараа нэхэх үндэслэлгүй. Татвар суутгахгүй мөнгө гэдгийг ажил олгогч өөрөө ойлгосон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.О 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.О би Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй Чулууны Орхонд холбогдох Орон сууцны хөнгөлөлт олгохдоо Хувь хүний орлогын албан татвар суутгаагүй олгосон 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буйн хувьд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01882 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд, ИНЕГ- ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажиллагсдыг орон сууцны хөнгөлөлтөд хамруулдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/257 дугаар тушаалаар Ч.О орон сууцны хөнгөлөлтөд хамруулж, 30 000 000 төгрөг олгох шийдвэр гарч олгосон.Уг хөнгөлөлтийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварыг суутгалгүйгээр олгосон.Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч 2008-2012 онд 739 ажиллагсдад олгосон 14 034 500 000 төгрөгөөс татвар суутгаагүй гэж 1 403 450 000 төгрөгийн нөхөн татвар, 421 035 000 төгрөгийн торгууль, 492 842 000 төгрөгийн алдангийг төлүүлэх тухай 232742 тоот акт тавьсан. Энэхүү актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 75 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 80 тоот тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгосон. Улмаар ИНЕГ-т Сангийн яамнаас 2016 онд шалгалт хийж Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 29/01-12 дугаартай албан шаардлагаар актын биелэлтийг хангаж "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-д заасны дагуу татварын мөнгийг ажилтнуудаар буцаан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитоор дүгнэж чадаагүй улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна. Тодруулвал, шийдвэрийн 3 дахь талын 2 дахь догол мөрнөөс "Ажил олгогч буюу суутгагч энэ үүргээ биелүүлээгуйд ажилтны буруу гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ" хэмээн дээрх бүхий л үйл баримтыг товч, өнгөц байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Тус хэргийг хэлэлцсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01882 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа бөгөөд ИНЕГ- нь Төсвийн байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч ИНЕГ- нь Ч.О холбогдуулан байгууллагад учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 38 дугаар тал/

 

            Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/257 тоот Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалаар зарим ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, улмаар тус байгууллагын ХНБАҮА-ны цахилгааны хэсгийн техникч ажилтай Ч.О 30 000 000 төгрөгийг олгон, түүнтэй Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийх гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хавтаст хэргийн 4, 22-27 дугаар тал/

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч байгууллага Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 232742 тоот Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 75 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 80 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 6-21 дүгээр тал/

 

            Улмаар 2016 онд нэхэмжлэгч ИНЕГ-аас дээрх актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 29/01-12 албан шаардлагаар татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 1 403 500 000 төгрөгийг холбогдох хүмүүсээс суутган 2018 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлсэн байна./хэргийн 5 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авагчтай хийх гэрээний 3 дугаар зүйлд талуудын хүлээх үүрэг, эдлэх эрхийг зааснаас үзэхэд хариуцагч Ч.О уг гэрээг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл ИНЕГ-ын Холбоо навигаци ажиглалтын албаны Цахилгаан хангалтын тасагт дизелийн техникчээр ажиллаж байгаа болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд дээрх гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. / хэргийн 39 дүгээр тал/

 

            Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-т зааснаар ажил олгогч буюу суутгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд ажилтан буруугүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.О нэхэмжлэгч байгууллагад 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Мөн 2012 онд байгуулагдсан гэрээний дагуу ажил олгогчоос олгогдсон урамшуулалд ногдох татвар гэх төлбөрийг 2019 онд ажилтнаас гаргуулахаар шаардаж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зэрэг үндэслэлүүдээр хариуцагчаас төлбөр шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                               С.ЭНХТӨР