Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/03163

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Ц овогт Д.Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, О овогт Н.Н /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, О овогт Д.Н /РД:00000000/ нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Автомашин гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 9,239,991 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Япон улсаас машин оруулж ирж зардаг. Приус 20 маркийн маш шинэ, дотор талын шалавч, батерей нь шинэ, бүх юм оригинал, ямар нэгэн засвар хийгээгүй, унах хэмжээний машин оруулж ирж зардаг. Оруулж ирээд татварын асуудал гарч татвар төлж чадахгүй байдал үүссэн. Худалдах зорилготой байсан. Худалдаалахдаа худалдан авсан үнэ, тээврийн зардал, гаалийн татвар, зах зээлийн борлогдож байгаа үнэ гээд нэг машинаар 2,000,000-3,000,000 төгрөгийн ашиг олдог бизнес. Гаалийн татварын мөнгө хэрэгтэй болоод Н.Н гэх хүнээс мөнгө зээлсэн. Машин маш хурдан хугацаанд борлогдоно гэж тооцоод 3 сарын хугацаатай 3,000,000 төгрөгөөр зарагдана гэж Зээлийн гэрээ хийсэн. Гэтэл зээлийн гэрээнээс хойш Н.Н утсаа таслаад алга болсон. Гэрээний хугацаа дуусч, арай хийж Н.Н-тай уулзаад цэнхэр бичиггүйгээр худалдах эрх байхгүй, машинаа 3 сарын хүүгээ төлөөд авъя гэхэд машиныг зарсан, шүүхээр яваад юм олж аваарай гэсэн. Машиныг худалдахын тулд засварлуулсан гэж байна. Нэхэмжлэл гаргахдаа Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа авахад машин нь Н.Н гэх хүн дээр байсан. Машинаа барьцаанаас гаргуулж авах, худалдан борлуулах эрхийг заасан ч худалдан борлуулах боломжгүй нөхцөлд үлдээсэн тул машинаа гаргуулж авахыг хүсэж байна. Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2019 оны 7 арын 8-ны өдөр Монгол улсад орж ирсэн Тоёота приус маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаалсан эд хөрөнгийг өөрчлөх шаардлага байгаагүй. Бид Хятад улсын сэлбэг хэрэгсэл авч хийсэн байвал буцааж оригинал сэлбэгийг хийх нь дээр. Ямар ч засвар хийх шаардлагагүй байсан, ямар улсын, ямар тоног төхөөрөмж хийсэн юм бүү мэд. Хамгийн аюултай нь приус машиныг өндөрлөснөөс осол их гардаг. Бүрэн бүтэн зүгээр байсан машиныг осолд орохоор хэмжээнд аваачсан. Үүнийг гэрээгээр, даалгавраар гүйцэтгэх асуудал хуулиар зохицуулагдсан. Эдгээр засварыг хий гэсэн асуудал байхгүй. Зарын мөнгө, авилгад өгсөн мөнгө зэргээ оруулах байсан байх. Эдгээрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 3 сарын хүү, үндсэн зээлийг зөвшөөрч байна. Автомашины барьцаатай зээл олгодог газрууд өөрсдийн газар дээр тавиулдаг. Хүний зээлийн явах боломжгүй машиныг дулаан гараажид тавьдаг. Дулаан гараажид хүмүүс өглөө бүр асаагаад явахад бэлэн байлгах үүднээс тавьдаг. Түүнээс биш унахгүй, ашиглахгүй машиныг дулаан гараажид тавьдаггүй. Сөрөг нэхэмжлэлийн хүү, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, бусад асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хадгалалтын гэрээ хийгээгүй, засвар, сайжруулалт хийх даалгавар өгөөгүй. Энэ хүмүүсийн таксинд унасан талаар бидний зүгээс хохиролд тооцоогүй байгаа. Мөн дугаар авсан, дугаар аваагүй машины үнэ 2,000,000-3,000,000 зөрүүтэй. Дугаар авснаас үүдэн машин 2,000,000-3,000,000 төгрөгөөр унасан гэсэн үг гэв.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 01-нд 4,385,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Би уг мөнгийг хүнээс зээлж авч өгсөн. Гэвч хугацаандаа мөнгөө төлөхгүй алга болсон. Би өөрийн хохирлоо барагдуулахаар тухайн автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн. Иймд миний хохирлыг барагдуулсан тохиолдолд автомашиныг буцааж өгөх боломжтой гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 01-нд Д.Б нь надаас 4,385,000 төгрөгийг зээлсэн. Тэр үед миний бие Н.Н нь иргэн Б.Т-өөс сарын 8 хувь хүүтэйгээр мөнгө зээлэн авсан байснаа Д.Бд зээлүүлсэн 3 сарын хугацаатай зээлье гэж 2020 оны 11 дүгээр сарын 01-нд зээлийн баримт үйлдэн 3 сарын хугацаанд 4,385,000 төгрөгийг сарын 10 хувь хүүтэйгээр зээлэхээр тохиролцож зээлсэн. 1 сарын хүү 438,500 төгрөг, нийт 3 сар 1,315,500 төгрөг болж байгаа юм. Үндсэн зээл 4,385,000 төгрөг, хүүтэй нийлээд 5,700,500 төгрөг болж байгаа юм. 11-4 сар хүртэл 6 сар дулаан гараажид тавьсан төлбөр 1,234,000 төгрөг. Д.Б нь 2018 онд орж ирсэн машин, найздаа зарах гэсэн ч чадаагүй, машины зүйлсийг тоносон байна гэж надад хэлсэн байдаг. Нийт уг машинд зарцуулсан задаргаа гэвэл 4 ширхэг амортизатор 100,000 төгрөг, урд комны таваг 70,000 төгрөг, өндөрлөгөө 30,000 төгрөг, 2 ширхэг пурш 60,000 төгрөг, ажлын хөлс 40,000 төгрөг, хэвтээ янзалсан /доод эд анги/ 30,000 төгрөг, наклад 4 ширхэг 30,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг, босоо хөндлөн тэнхлэг тохиргоо 40,000 төгрөг, 2 ширхэг шинэ дугуй 70,000 төгрөг, хар кнопууд 8,000 төгрөг, боолт 6,000 төгрөг, подпарын ламп 5,000 төгрөг, суудлын бүрээс 300,000 төгрөг, шалавч 180,000 төгрөг, Эс ви 30 тос тосолгоо 52,000 төгрөг, батерей 800,000 төгрөг, агаар шүүгч 9,000 төгрөг, салоны агаар шүүгч 12,000 төгрөг, мотор бэхжүүлэгч 10,000 төгрөг, коллектор цэвэрлэгч 25,000 төгрөг, 4WS компьютер оношлогоо 64,000 төгрөг, жолоочийн даатгал 43,263 төгрөг, улсын дугаар 30,000 төгрөг, хүрээ 16,000 төгрөг, тень 50,000 төгрөг, улсын татвар 46,228 төгрөг, аккумулятор 135,000 төгрөг, 10001М шүүр 9,000 төгрөг, гаалийн татвар 15,000 төгрөг, нийт 2,305,491 төгрөг, нийлээд 9,239,991 төгрөг болж байгаа гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын тайлбартай холбоотой нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан талаар, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй тул Барьцааны гэрээг халхавчилж итгэмжлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөнгө хүүлэгч гэх мэт зохимжгүй зүйлс битгий яриач гэж хэлмээр байна. Талуудын хооронд үүссэн харилцааг хэрэгт авсан баримтуудын хүрээнд ярих хэрэгтэй. 2020 оны 11 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээнд зааснаар хэдэн төгрөг, хэдий хугацаатай зээлэх тухай харилцан тохирсон. Үүний дагуу 4,385,000 төгрөгийг бодит байдлаар шилжүүлсэн. Уг мөнгөн дүнгээс сар тутам буюу дараа сарын 01-ний өдөр 10 хувийн хүү төлөх байсан ч уг үүргээ биелүүлээгүй. Үүний улмаас зээлийн хугацаа дуусахад үндсэн зээл 4,385,000 төгрөг, хүү 1,315,000 төгрөг, нийт 5,700,500 төгрөг хуримтлагдсан. Хоёр дахь харилцаа нь тухайн тээврийн хэрэгсэл нь Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй хөдлөх хөрөнгө учраас фидуцийн гэрээ байгуулах боломжгүй, эрхийг нь шилжүүлэх байдлаар барьцаалах боломжгүй байсан. Талууд барьцааны гэрээ байгуулсан гэдэг дээр адил байр суурьтай. Итгэмжлэлээр нэгэнт захиран зарцуулах эрх олгосон, талууд маргах зүйлгүй. Хариуцагч аавдаа шилжүүлсэн, хохиролтой холбоотой асуудлууд байсан, өмнөх зээлдэгчийн асуудал байсан. Үүнийг ааваараа шийдвэрлээд, өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй итгэмжлэлтэй учраас гуравдагч этгээд буюу аавынхаа нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээ болон барьцааны хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Хохирлын хувьд барьцааны гэрээ байгуулагдаагүй, хуульд заасан хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй, машины эзэмших эрхийг биет байдлаар шилжүүлсэн тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэг зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд Барьцааны гэрээ байгуулагдаагүй, харилцаа байхгүй ч Иргэний хуулийн дагуу шударга эзэмшигч учир эд хөрөнгийн хамгаалалтын арга хэмжээ авах үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлсэн. Мөн Зээлийн гэрээний дагуу захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж засан сайжруулсан. Автомашины гараажийн төлбөр 1,234,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 2,305,490 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Шударга эзэмшигч нь түрээс гэхгүй өөрийн гараажид ч тавьж болно. Үүнтэй холбоотой зах зээлийн ханшийг тодорхойлсон байдлаар хохирлоо шаардана. Бодит байдлаар гараажид тавьж байснаа мэдэгдэж байсан. Хариуцагчийн гаргасан нотлох баримт шаардлага хангахгүй байгаа ч Д.Б өөрийн биеэр ирсэн бол нотлох байсан байх. Түрээсийн гэрээ байгуулагдсан, бодит нөхцөл байна. Нийт зардлаа гэрээ байгуулан, зарим түрээсээ хоногоор өгөх байдлаар явж байсан. Шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээ байгуулсан этгээдээс тодруулах боломжтой. Засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой хийсэн, хийгээгүй, хариуцагчаас машинаа очоод үз гэж байна. Анх ямар байсныг бид мэдэхгүй, өнөөдөр ямар байгааг мэдэх боломжтой. Үнэхээр тэр асуудал дээр маргаж байгаа бол магадгүй шинжээч томилоод тогтоох бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн зүгээс гаргасан зардалаа нэхэмжилж байна. Хохирлын хэмжээг хангалттай нотолж байна гэж үзэж байна. Д.Б нь өнөөдрийг хүртэл зээлийн хүүгээ төлөөд явж байсан бол ийм байдал үүсэхгүй. Баримтаас харахад үнэхээр холбогдож байсан хүн бол яагаад сар бүр хүүгээ төлөөгүй юм бэ, 3 сарын хүү төлөөгүй, 5 сараас өмнөх утасны бүртгэл, зээл авах үеийн утасны жагсаалтаа гаргаж өгч болно. 5 сард засвар үйлчилгээг хийсэн. Тэр үед дахин холбогдох гэж үзсэн. Тэр үед ийм засвар хийсэн гээд хэлэхэд зөвшөөрөхгүй гэсэн. Д.Б анхнаасаа цэнхэр бичгээ өгөхгүй, бүртгэлтэй байдлаар барьцаалсан нь хууран мэхлэх шинж агуулагдаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ итгэмжлэлийн дагуу захиран зарцуулах эрхийг өгсөн, уг эрхийн хүрээнд Н.Н н.Н гэх хүнд өгсөн, өөр дээрээ шилжүүлж болохгүй итгэмжлэлээр эрх олгосон тул аавдаа шилжүүлсэн. Тиймээс шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасны дагуу, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Н, Д.Н нарт холбогдуулан автомашин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,700,500 төгрөг, автомашинтай холбоотой гарсан зардалд 3,539,491 төгрөг, нийт 9,239,991 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь Н.Н-гийн сөрөг нэхэмжлэлийг биелүүлбэл автомашиныг буцаан өгөхөд татгалзахгүй гэж, нэхэмжлэгч нь зээл болон хүүгийн төлбөрт 5,700,500 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, бусад төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Н-гээс 4,385,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, энэхүү тохиролцооны дагуу Н.Н нь өөрийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр 4,385,000 төгрөгийг Д.Б-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 тоот данс руу шилжүүлжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар Д.Б, Н.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Н.Н нь мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Талууд хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч Д.Б-ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн Д.Б би Н.Н-гээс 4,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэв. Хүү болон зээлийг төлж чадахгүй тохиолдолд барьцаанд тавьсан автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрөв гэсэн хэлцлийг зээлийн гэрээ бичгээр байгуулсан байна гэж дүгнэлээ.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Д.Б-ийн нэр дээр гаалийн бичигтэй, 2019 оны 7 дугаар сарын 08-н өдөр Монгол улсад оруулж ирсэн, мөнгөлөг өнгөтэй, 0000000000 арлын дугаартай, Япон улсад үйлдвэрлэсэн приус 20 маркийн автомашиныг барьцаалсан гэх бөгөөд тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгогдоогүй байсан тул худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэл байгууллагаас өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, замын хөдөлгөөнд оролцох, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг Н.Н-д 1 жилийн хугацаатай Д.Б-ээс олгосон байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөө төлөөд автомашинаа буцаан авах талаар хариуцагчтай холбогдсон боловч тохиролцоонд хүрээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Д.Б-ээс Н.Н-д олгосон итгэмжлэл нь хэдийгээр худалдах, арилжих эрхтэй боловч энэхүү итгэмжлэлийн дагуу хийсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж дагуу төлөөлүүлэгчид үүсдэг.

Гэтэл талуудын тохиролцоо нь Н.Н Д.Б-ийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах зорилготой биш, харин зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрөө барагдуулах агуулгатай байх тул барьцааны гэрээний тохиролцоо хийгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасны дагуу автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хэлцэл хийгдсэн байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин Т бус байна гэж тус тус заасан.

Талууд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар автомашин барьцаалсан боловч барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын автомашин барьцаалсан хэлцэл нь хүчин Т бус байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин Т бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Гэвч Н.Н нь уг автомашиныг өөрийн эцэг Д.Н-ийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд 00-00 ААА улсын дугаар олгогдож, Д.Н-ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гарчээ.

Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-т Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар Н.Н нь уг автомашиныг үндэслэлгүйгээр олж авсан бөгөөд Д.Н-т үнэ төлбөргүй шилжүүлсэн байх тул Д.Н нь уг автомашиныг эрх бүхий этгээд болох Д.Бд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Н-аас 00000000000 арлын дугаартай, Монгол Улсад 2019 оны 7 дугаар сард орж ирсэн, мөнгөлөг саарал өнгийн 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,385,000 төгрөг, 3 сарын хүү 1,315,500 төгрөг, нийт 5,700,500 төгрөг, автомашины хадгалалт, засан сайжруулалттай холбоотой зардалд 3,539,491 төгрөг, нийт 9,239,991 төгрөгийг шаардсан ба нэхэмжлэгч нь зээлийн төлбөр 5,700,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүү төлөх талаар хариуцагч бичгээр зөвшөөрөл өгч, хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 5,700,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Хариуцагч Н.Н нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар шударга эзэмшигч тул эд хөрөнгийг эзэмшиж байхдаа гарсан хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан 3,539,491 төгрөгийн зардлыг эрх бүхий этгээд болох Д.Бээс гаргуулахаар шаардах эрхтэй хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлж байна.

Шударга эзэмшигчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тодорхойлсон.

Хариуцагч Н.Н нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан бөгөөд тухайн барьцааны гэрээ нь хүчин Т бус хэлцэл байсан.

Хүчин Т бус барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгаж, холбоотой зардал гаргасныг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар шаардах эрхгүй буюу Н.Н нь тухайн эд хөрөнгийн шударга эзэмшигч биш байна.

Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж зааснаар тухайн автомашинтай холбоотой гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Гэвч хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр дулаан зогсоолд маргаан бүхий автомашиныг байрлуулж байсан болох нь, түрээсийн төлбөрт 1,234,000 төгрөг төлсөн болох нь түрээслүүлэгч байгууллагын нэхэмжлэх гэсэн баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Хэрэгт автомашины засан сайжруулалттай холбоотой 4 ширхэг амартизатор, урд ком таваг, өндөрлөгөө, наклад, суудлын бүрээс, шалавч, ком батерей, агаар шүүгч, салоны агаар шүүгч, тень, акумлятор, шүүр, коллектор цэвэрлэгч, мотор бэхжүүлэгч, албан татвар, гаалийн лавлагаа зэрэгт зарцуулсан 2,305,491 төгрөгийн зарлагын баримт авагдсан байна. Энэхүү баримтаар Н.Н нь ийм зардал гаргажээ гэдгийг нотолж байгаа болохоос маргаан бүхий автомашинд зарцуулсан болох нь нотлогдохгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн автомашины хадгалалт, арчлалт, засан сайжруулалттай холбоотой зардалд 3,539,491 төгрөг гаргуулах шаардлагыг тухайн автомашинд зарцуулагдсан болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, нэхэмжлэгч Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Наас 00-00 ААА улсын дугаартай, 0000000000 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Тоёота Приус 20 маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 5,700,500 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Н-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,539,491 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,110 төгрөг, хариуцагч Н.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 85,110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д, нэхэмжлэгч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 106,158 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ