Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр  танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т ХХК.

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нар.

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (“ААНОАТТХ”)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нийт 904,792,228.38 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М, З.И, хариуцагч Д.Б, Ц.Б, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Татварын маргаан, түүнийг урьдчилан шийдвэрлэсэн байдал:

1. Т ХХК-ийн 2012-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нар (“ТУБ” гэх) хяналт шалгалт хийж 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар тус компанийг 3 асуудлаар татварын зөрчил гаргасан гэж үзэж нийт 3,851,615,445.15 (нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийг оролцуулаад) төгрөгийн төлбөр төлүүлэх шийдвэрийг гаргасан.

2. Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагч нарын 210020532 тоот актад дурдсан татварын зөрчлүүдээс 5,581,033 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөлтийн хугацаа хэтэрсэн торгууль алданги төлүүлэх хэсгийг хүлээн зөвшөөрч дурдсан төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлсөн.

3. Татварын улсын байцаагч нарын 210020532 тоот актад нэхэмжлэгч компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг Нэхэмжлэгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын харьяа Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл нь дараах 3 үндсэн асуудлыг хамарсан. Үүнд:

А. 210020532 тоот улсын байцаагчийн актад заасан зөрчлийн болон нийт төлүүлэх төлбөрийн дүн тооцооллын алдаатай, үндэслэлгүй;

Б. Нэхэмжлэгч авсан зээл, маргаанд хамаарах заалтад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсгийг хэрэглэх хуулийн үндэслэл байхгүй бөгөөд Нэхэмжлэгч зээлийн харилцаанд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан тул холбогдох татварын зөрчил, нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөх үүрэггүй;

В. Нэхэмжлэгч нь тодорхой нэр төрлийн автомашин худалдан авсантай холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчөөгүй тул холбогдох татварын зөрчил, нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөх үүрэггүй.

4. Маргааныг Татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэх үед нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчилтэй холбогдуулан 30,455,454.53 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаагаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тайлбартаа тусгаж, мэдэгдсэн.

5. Татварын маргаан таслах зөвлөлөөс Нэхэмжлэгчийн гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж, 40 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү Татварын маргаан таслах зөвлөлийн 40-р тогтоолоор, 210020532 тоот актад дурдсан Нэхэмжлэгчид холбогдох нийт 3,887,651,932.70 төгрөгийн төлбөрийг 2,946,823,216.78 төгрөгөөр бууруулж, 940,828,715.92 төгрөгийг Нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү төлбөрийн дүнг бууруулах болсон үндэслэл нь:

А. Татварын улсын байцаагч татварын зөрчил, нийт төлүүлэх төлбөрийн дүнг гаргахдаа тооцооллын алдаа гаргасан гэж үзсэн.

Б. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчилд хамаарах нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийн хэмжээг 30,455,454.55 төгрөг бууруулж шийдвэрлэсэн нь Нэхэмжлэгчийн энэ талаар зөвшөөрсөн дүнтэй адил байгаа.

В. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн.

6. Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 40 дүгээр тогтоолыг Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалаар баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр татварын улсын байцаагчийн 2017 оны 210020532 тоот актад заасан Нэхэмжлэгчээр төлүүлэх нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийн нийт дүн 940,828,715.92 төгрөг болж баталгаажсан.

7. Нэхэмжлэгч нь Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 40 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/11 тушаалыг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан.

Нэхэмжлэгчийн гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэж, татварын улсын байцаагчийн 210020532 тоот акт дахь тооцооллын алдааг залруулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчилд хамаарах 30,455,454.55 төгрөгийн төлбөрийг Нэхэмжлэгч төлөхийг зөвшөөрч байгаа. Гэвч Нэхэмжлэгчийн хамгийн чухал шаардлага болох татварын улсын байцаагчийн 210020532 тоот актад дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зөрчлийг эс зөвшөөрсөн гомдолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, энэ талаар хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргаагүй.

Иймд Нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1, Татварын ерөнхий хуулийн 17.1.9 дүгээр заалт, 72 дугаар зүйлийн дагуу энэхүү татварын маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд бидний нэхэмжлэлийг хэлэлцэж, Нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзэж ногдуулсан нийт 904,792,228.38 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэхэмжлэгчийн өөрийн харилцан хамаарал бүхий этгээдээс авсан зээлтэй холбогдуулан, зээлийн хүүг тогтоох, зээлийн хүүгийн төлөлттэй холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж татварын улсын байцаагч нар үзсэн.

Зээлийн гэрээний талаарх мэдээлэл:  

Нэхэмжлэгч Т ХХК (гэрээ байгуулах үеийн байдлаар Л ХХК гэсэн нэртэй байсан) нь 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хонгконг улсад бүртгэлтэй Л Контракторс Ази Лимитед (Leighton Contractors (Asia) Limited) компаниас 3,302,131 ам.долларын зээлийг жилийн 6.5-9 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээг хавсаргав. Зээлийн хугацаа 1 жил бөгөөд бүрэн төлөх хүртэл нэг жилийн хугацаагаар автоматаар сунгагдах нөхцөлтэй.

Зээлдэгчийн хамаарах групп компанид 2015 онд хийгдсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан, Зээлдүүлэгч Л Контракторс Ази Лимитед компани нь энд дурдсан зээлийн гэрээтэй холбогдох өөрийн бүх, эрх үүргийг Т-д компанид шилжүүлсэн. Улмаар 2015 оноос эхэлж П-д компани нь Зээлдүүлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх болсон.

Л Контракторс Ази Лимитед болон Т-д компаниуд нь Зээлийн Гэрээг байгуулах үеийн байдлаар болон Нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хийсэн татварын хяналт шалгалтын хамрах хугацаанд буюу 2012-2016 оны дуусах хүртэлх хугацаанд Нэхэмжлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд хувь эзэмшдэггүй, хувьцаа эзэмшигч байгаагүй болно. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дэлгэрэнгүй лавлагаа бичгээс тодорхой харагдана.

Т ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Аусиндо Холдингс Пти Лтд (Ausindo Holdings Pty Ltd). Мөн Т ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө “Л” ХХК нэртэй байсан бөгөөд энэ үед тус компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Л Ази Саудерн Пти Лтд (Leighton Asia Southern Pty Ltd) байсан болно.

Нэхэмжлэгч нь дээрх Зээлийн гэрээнүүдтэй холбогдуулан одоогоор хүү төлөөгүй, зөвхөн зээлийн үндсэн төлбөрийг Зээлдүүлэгчид төлж ирсэн.

Маргаж буй асуудал:

Татварын улсын байцаагч нарын зүгээс дээрх зээлийн гэрээнүүдтэй холбогдуулан дараах Нэхэмжлэгчийг дараах зөрчил гаргасан гэж үзсэн.

А. Санхүүжилтийн зорилгоор авсан зээлд Нэхэмжлэгчээс хүү төлөөгүй байдлыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу татварын ногдлыг шууд бус аргаар тооцож жишиг хүү тогтоосон. Татварын байцаагчдын “өөрсдийн” тогтоосон аргачлал ёсоор жилийн зээлийн хүүг 2.2% байх ёстой гэж үзсэн. Үүнийг нь Татварын маргаан таслах зөвлөлөөс дэмжсэн шийдвэр гаргасан.

Б. Мөн Зээлдэгчдийн олгосон зээлийн хэмжээг Нэхэмжлэгчийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгөтэй харьцуулж, 3:1 хэмжээнээс илүү гарсан зээлд төлөх зээлийн хүүгийн төлбөрийг үндэслэлгүйгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсгийн дагуу хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож, улмаар татвар нөхөн ногдуулж, холбогдох торгууль, алдангийг оногдуулсан. Үүнийг Татварын маргаан таслах зөвлөлөөс дэмжсэн шийдвэр гаргасан.

Татварын улсын байцаагч нарын 2017 оны 210020532 тоот актад Зээлдүүлэгч Л Контракторс Ази Лимитед (Leighton Contractors (Asia) Limited) компанийн нэрийг Leighton Asia India and Offshore Group гэж алдаатай бичсэн байсан. Үүнийгээ татварын маргааныг урьдчилан шийдвэрлэх явцад хүлээн зөвшөөрсөн.

Татварын улсын байцаагч нарын дээрх шийдвэр бид дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна:

1. Зээлийн хүүгийн хэмжээг  Татварын улсын байцаагч нар өөрийн сонгосон аргачлалаар 2.2 % гэсэн жишиг хүү тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй.

Бидний хувьд энэ маргааныг урьдчилан шийдвэрлэх явцад, татварын байцаагч нарыг гаргасан актдаа харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох эрх зүйн үндэслэлийг зөв бичих шаардлагыг тавьж, Татварын улсын байцаагч нарын үндэслэсэн тодорхойлолт нь нэхэмжлэгчийн зээлийн харилцаанд бүрэн тохирохгүй байгааг дурдаж байсан. Гэхдээ Татварын ерөнхий хуулийн 48.4 дэх хэсэгт заасны дагуу Нэхэмжлэгч бодон Зээлдүүлэгч нар нь хооронд харилцан хамааралтай этгээд мөн гэдэгтэй санал нийлж байгаа бөгөөд үүнтэй цаашид маргах шаардлагагүй гэж үзэж байна.

Харин бид Татварын улсын байцаагч нарын тогтоосон дунджаар 2.2% жилийн “жишиг зээлийн хүү” тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Татварын улсын байцаагч нарын тооцоолон гаргасан “жишиг хүү” нь эрх зүйн үндэслэлгүй.

Татварын улсын байцаагч нар нь маргааныг Татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэх үед зээлийн гэрээнд 2.2%-ийн жишиг үнийг тогтоохдоо “Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Сангийн Сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар баталсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-д үндэслэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 723 дугаар тушаал түүний хавсралт 2 дугаар маягтын дагуу бүртгүүлсэн Аж ахуйн нэгж, иргэний гадаад зээлийн бүртгэл”-д үндэслэн жишиг зээлийн хүүг гаргаснаа дурдсан байдаг нь Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 40 дүгээр тогтоолын 13 дугаар хуудаснаас харагдана.

Гэтэл Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт шаардлагыг хангаагүй буюу Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт юм. Энэ нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3-2/72 лавлагааны хуудсаар нотлогдоно. Иймд Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” нь эрх зүйн үйлчлэлгүй тул захиргааны байгууллага буюу татварын албанаас эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж, татвар төлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох нь Захиргааны ерөнхий хуулийн 67.4 дэх хэсэгт тодорхой заагдсан.

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар “жишиг үнэ”-ийг тогтоож буй үйл ажиллагааг татварын ногдлыг тодорхойлох шууд бус арга гэж үздэг бөгөөд татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг Сангийн сайд баталсан байх учиртай. Улмаар Сангийн сайдын баталсан аргачлалд үндэслэн харилцан хамааралтай этгээдийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хэдэн хувийн хүү тооцох нь жишиг үнэд нийцэх болохыг татварын байцаагч тодорхойлох ёстой юм. Гэтэл энэхүү татварын хяналт шалгалтыг явуулах, акт гаргах үеийн байдлаар дурдсан аргачлал баталсан Сангийн сайдын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага болох Сангийн яам татварын шууд бус ногдлыг тодорхойлох аргачлал буюу бодит үнийн арга болон жишиг үнийн аргыг ашиглах хүчин төгөлдөр аргачлалыг батлаагүй байхад татварын улсын байцаагч өөрөө аргачлал зохиож, зээлийн жишиг хүүг тооцож байгаа нь Татварын ерөнхий хуулийн 48.6-д нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 67.3 дахь хэсгийг зөрчиж байна.

Тодруулж хэлбэл, харилцан хамааралтай этгээдүүд нь бараа, ажил, үйлчилгээндээ бодит эсхүл жишиг үнэ баримталсан эсэхийг татварын улсын байцаагч нар тогтоохдоо зөвхөн Сангийн сайдын хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актад үндэслэх ёстой. Татварын улсын байцаагч нар өөрийн үзэмжээр аргачлалыг бий болгох, тооцох эрхгүй. Иймд Сангийн сайд “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-ыг баталж, Хууль, зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж, уг хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3 болон 48.5 дахь заалт хэрэгжих үндэслэлгүй байгааг анхаарна уу.

Холбогдох хуулийн үндэслэлийг доор оруулав:

Татварын ерөнхий хуулийн 48.1 дэх хэсэгт: “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно. 48.1.1. Бодит үнийн арга; 48.1.2. Жишиг үнийн арга” гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн 48.5 дахь хэсэгт: “Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг жишиг үнийн арга гэнэ.”

Татварын ерөнхий хуулийн 48.6 дахь хэсэгт: “Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

Иймд харилцан хамаарал бүхий компанитай байгуулсан зээлийн хүүгийн жишиг хэмжээг татварын улсын байцаагч нар 2.2% гэж тогтоосон нь хуулийн үндэслэлгүй. Татварын ерөнхий хуулийн 48.6 дахь хэсэгт заасан ёсоор Сангийн сайдын хүчин төгөлдөр хэм хэмжээний актад үндэслэн жишиг хүү, жишиг үнэ тогтоогдох ёстой.

2. Нэхэмжлэгчийн авсан зээлийн харилцаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хөрөнгө оруулагчдад хамааралтай хязгаарлалт (нимгэн капиталжуулалтын зохицуулалт –thin capitalization rule) буюу зээл, хөрөнгө оруулалтын 3:1 харьцааг ашиглах хуулийн үндэслэл байхгүй. Мөн төлөөгүй байгаа зээлийн хүүгийн төлбөрийг ногдол ашигт тооцож, төлүүлэхээр заасан нь хуулийн үндэслэлгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.1.7 дугаар заалтын дагуу “зээлийн хүүгийн төлбөр”-ийг албан татвар ногдох орлогоос хасч тооцдог. Гэхдээ албан татвар ногдох орлогоос хасч тооцох зээлийн

хүүгийн төлбөрт хамаарах хязгаарлалтыг уг хуулийн 14 дүгээр зүйлд нарийвчлан заасан байдаг.

Бидний маргаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсэг хамаарч байгаа юм.

Өмнө нь дурдсанчлан, Нэхэмжлэгч Т ХХК нь Зээлийн гэрээнүүдэд заасан зээлийн хүүгийн төлбөрийг санхүүгийн байдлаас шалтгаалан огт төлж байгаагүй. Зээлийн хүүгийн төлбөр төлж байгаагүй тул Нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээнүүдэд хамааралтай зээлийн хүүгийн төлбөрийг татварын хяналт шалгалт хийх хугацаанд татвар ногдох орлогоос хасч тооцоогүй болно. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч нь маргаанд хамаарах зээлийн гэрээтэй холбогдуулан:

А. Зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй

Б. Зээлийн хүүг төлөөгүй тул холбогдох зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцоогүй.

Гэтэл татварын улсын байцаагч нар нь маргаанд хамааралтай зээлийн гэрээний хүүг хийсвэрээр жишиглэн бодож, түүнийгээ ногдол ашиг төлсөн гэж хүчээр тооцож, албан татвар ногдуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3-т “Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна” гэж заасан.

Улсын Дээд Шүүхийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт... гэдэгт хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа, алтан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдан авах, хувь нийлүүлэх замаар тухайн аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалт, мөн эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр шилжүүлсэн мөн, бүх төрлийн эд хөрөнгө, эрх зэргийг хамааруулна” гэсэн заасан.

Дээрх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчийн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт болон түүний дараа оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхойлж, харьцуулах шаардлагатай болно. Гэтэл татварын улсын байцаагч нарын акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд, Зээлдүүлэгч болох Leighton Contractors (Asia) Limited болон Thiess Pty Ltd компаниудын олгосон зээлийн хэмжээг эдгээр Зээлдүүлэгчдийн оруулаагүй хөрөнгө оруулалт буюу Нэхэмжлэгч

компанийн хувьцаа эзэмшигч болох Аусиндо Холдингс Пти Лтд компанийн оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгөтэй харьцуулалт хийж хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.

Зээлдүүлэгчид болох Leighton Contractors (Asia) Limited болон Thiess Pty Ltd компаниуд нь Зээлийн гэрээ байгуулахаас өмнө Нэхэмжлэгч болох Т ХХК-д ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулж байгаагүй, нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч байгаагүй болохыг дахин давтан энд дурдах шаардлагатай гэж үзлээ. Улсын бүртгэлийн газрын, архивын лавлагааг үзнэ үү.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 40 дүгээр тогтоолын Үндэслэх хэсгийн 1.2 дахь хэсэгт Leighton Contractors (Asia) Limited болон Нэхэмжлэгч Т ХХК-ийг хоорондоо хамааралтай компани гэдгийг нь

дүгнэсэн байх боловч яг ямар үндэслэлээр тус компани нь Нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч болох талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй. Харин “гомдол гаргагчийн Leighton, Thiess компаниуд нь Т ХХК-ийн хувьцааг огт эзэмшдэггүй гэх гомдол нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Гэвч Leighton Contractors (Asia) Limited болон Thiess Pty Ltd компаниудаас Нэхэмжлэгчийн гаргасан хэдэн хувьцааг эзэмшдэг буюу хувьцаа эзэмшлийг нь баримтаар нотлоогүй. Ийм зүйл нотлогдох ч

боломжгүй. Энэхүү үндэслэлгүй дүгнэлт нь Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Зээлдүүлэгчид болох Leighton Contractors (Asia) Limited болон Thiess Pty Ltd компаниуд нь Нэхэмжлэгч Т ХХК-д өмнө нь хөрөнгө оруулалт хийж байгаагүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу “өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт болон зээлийн” харьцааг тооцох боломжгүй. Иймд 904,792,228.38 төгрөгийн нөхөн ногдуулсан татвар, торгууль алдангийг Нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй байна.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг, тухайн хөрөнгө оруулагчаас охин компанидаа зээлдүүлсэн зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн нөхцөлд тухайн хөрөнгө оруулалт, зээлийн харьцаанаас илүү гарсан хэсэгт төлсөн зээлийн хүүг хасагдах зардалд тооцохгүй бөгөөд, тухайн илүү гарсан зээлийн хүүгийн төлбөрийг ногдол ашиг олгосонд тооцож татвар ногдуулах боломжтой.

Гэтэл Зээлийн гэрээ байгуулснаас хойш Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүгийн төлбөрийг огт төлж байгаагүй болохыг анхаарна уу. Татварын улсын байцаагч нарын акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрт ч зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн гэж дүгнээгүй байдаг. Иймд зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй байхад төлсөн мэтээр төлөх дүнгээс татвар нөхөн ногдуулж, торгууль, алданги тооцож буй Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн татвар тайлагнах, төлөх зарчмыг зөрчиж байгаа юм.

Иймд харилцан хамаарал бүхий компанитай байгуулсан зээлийн хүүгийн хэмжээг татварын улсын байцаагч нар 2.2 хувь гэж өөрийн дураар тогтоож, энэ тооцоололд үндэслэн зээлийн хүүгийн зохих хувийг (хөрөнгө оруулалт, зээлийн 3:1 харьцаанаас илүү гарсан хэмжээ) төлбөрийг ногдол ашигт тооцож, улмаар төлөгдөөгүй ногдол ашигт хамаарах татварыг төсөвт төлүүлэхээр акт бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул бид төлөх үүрэггүй.

Иймд бидний нэхэмжлэлийг судлан үзэж, татварын улсын байцаагч нарын 210020532 тоот акт болон Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/11 тоот тушаалаар баталгаажсан Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 40 дүгээр тогтоолоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзэж ногдуулсан нийт 904,792,228.38 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газар, Улсын төсвийн орлого хяналтын газартай харилцагч Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 5162122 тоот регистрийн дугаартай,Т ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг 21170400084 тоот томилолтын дагуу шалгасан 210020532 тоот акт, Татварын Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 40 дүгээр тогтоолоор баталгаажсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зөрчсөн 904,792,228.38 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах Нэхэмжлэлийн шаардлагад дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэг: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчлийн талаар

1.1 Харилцан хамаарал бүхий этгээд гэж тодорхойлсон байдал.

Татвар төлөгч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн харилцан хамаарлын тодорхойлолтоор асуудлын авч үзсэн нь учир дутагдалтай байна. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 48 дүгээр зүйл 48.4-т “Харилцан хамаарал бүхий этгээд" гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.” гэж тодорхойлсон байдаг.

Мөн татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 2007 оны 86 тоот тушаалаар баталсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”-ын 1.2-т “Татварын алба жишиг үнийг тогтоохдоо Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) баталсан зөвлөмжийг ашиглаж болно.” гэж журамласан.

Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Сингапур Улсад бүртгэлтэй Ausindo Holdings Pte Ltd компани юм. 2015 оноос өмнө уг  компани Л нэртэй байж түүний үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь мөн Сингапур Улсад бүртгэлтэй Leighton Asia Southern Pte Lte байгаа нь зөвхөн  Монгол Улсын хуулийн хүрээнд толгой компаниас татварын төлөвлөлт хийж байгуулсан нь харагдаж байна.

Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага татварын загвар гэрээнүүдийн 9.1-д харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгж гэдэг нь “нэг аж ахуйн нэгж нь нөгөө аж ахуйн нэгжийн удирдлага, хяналт болон хөрөнгөнд шууд ба шууд бусаар оролцдог эсхүл эдгээр хоёр аж ахуйн нэгжийн аль аль нь удирдлага, хяналт болон хөрөнгөнд адил хувь хүмүүс шууд ба шууд бусаар оролцдог буюу эдгээр хоёр аж ахуйн нэгж нь нэгдсэн хяналтад байдаг бол эдгээр хоёр аж ахуйн нэгжийг харилцан хамаарал бүхий гэж үзнэ” гэж тодорхойлсон байдаг.

 Т ХХК-ийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Сингапур улсад бүртгэлтэй Ausindo Holdings Pte Ltd компани, 2015 оноос өмнө Leighton ХХК-ийг Сингапур улсын өөр хуулийн этгээд болох Leighton Asia Southern Pte Lte компаниуд шууд хамааралтай ч Ausindo Holdings Pte Ltd болон  Leighton Asia Southern Pte Lte толгой компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Австралийн хуулийн этгээд  CIMIC группд харьяалагддаг ба хувьцаа эзэмшигч нарын өмнө хүлээн үүргийнхээ дагуу өөрийн сайт хаяганд дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй төслөө танилцуулдаг байна. Энэ нээлттэй мэдээлэлд Leighton ХХК болон Т ХХК-ийн Монгол улсад явуулсан төсөл нь тодорхой харагдаж байна.

Бид дээрх  мэдээллийн дараахь эх сурвалжуудаас авч нотолсон болно./Эх сурвалжуудын линкийг бичсэн байв/.

Иймд дээрх линк хаягаар Ausindo Holdings Pte Ltd компани болон Leighton Asia Southern Pte Lte-ууд нь шууд бус хамааралтай ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болон хөрөнгө оруулалт хийхдээ толгой компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Австралийн хуулийн этгээд CIMIC группээс удирдлага, хяналт болон хөрөнгөнд шууд бусаар оролцдог нь батлагдаж байна.

Мөн CIMIC групп нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай манай улс давхар татварын гэрээ байгуулсан Сингапур улсад охин компани байгуулах замаар /татварын гэрээг урвуулан ашиглах, Treaty shopping/ хөрөнгө оруулж ажил гүйлгээг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл Т ХХК ашгаасаа ногдол ашиг хуваарилах үед давхар татварын гэрээтэй оронд байгуулсан толгой компани гэх Сингапур улсын хуулийн этгээд Leighton Asia Southern Pte Lte-д 5 хувийн татвар төлөхөөр байна.

Гэвч Австралийн хуулийн этгээд CIMIC группээс удирдлага, хяналт болон хөрөнгөнд шууд бусаар оролцдог нь бизнесийн үр өгөөжөөс ашиг хүртэх жинхэнэ эзэмшигчийг Сингапур Монгол улсын давхар татварын гэрээгээр халхавч хийх татварын төлөвлөлт хийсэн гэж харагдаж байна.

Жич: Нэхэмжлэгч Т ХХК болон Татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ПрайсвотэрхаусКүүпэрс ТаксТМЗ ХХК-ний Ч.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тайлбартаа /3-р хуудас 1-р хэсэгт/. “...Татварын Ерөнхий хуулийн 48.4 дэх хэсэгт заасны дагуу Нэхэмжлэгч болон Зээлдүүлэгч нар нь хооронд харилцан хамааралтай этгээд мөн гэдэгтэй санал нийлж байгаа бөгөөд цаашид маргах шаардлагагүй гэж үзэж байна.” гэж үзсэн нь шууд бус хамаарал тогтоосон нь нотлогдож татвар төлөгч зөвшөөрсөн байна.

1.2. Санхүүжилтийг хөрөнгө оруулагчаас олгосон зээл хэмээн үзэж нимгэн капиталжуулалтын зохицуулалт болох хөрөнгө оруулалт, зээлийн 3:1 харьцааг хэрэглэж ногдол ашгийн татвар ногдуулсан байдал

Хууль эрх зүйн үндэслэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна" гэж заасан байдаг.

Монгол Улсын татварын хууль тогтоомжид татварын зорилгоор хөрөнгө оруулагчийг хэрхэн тодорхойлохыг нарийвчлан заагаагүй байдаг. Харин 2013 оны 10 дугаар сарын 3-нд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтаар “хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг, мөн тус зүйлийн 3.1.3 дахь заалтаар “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа... бол хэмээн тус тус тодорхойлсон байна.

Хуулийн дээрх тодорхойлолтын дагуу Т ХХК-ийн хөрөнгө оруулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч компани нь Сингапур Улсад бүртгэлтэй Ausindo Holdings Pte Ltd компани юм. Түүнчлэн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд Шүүхийн Тогтоол № 14-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “...оруулсан хөрөнгө оруулалт..." гэдэгт хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа, алтан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдан авах, хувь нийлүүлэх замаар тухайн аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалт”-ыг хамруулахаар, мөн Компанийн тухай хуулийн 30-р зүйлд “хувь нийлүүлсэн хөрөнгө гэж тухайн компанийн дүрэмд туссан хөрөнгө"-ийг ойлгохоор тус тус заасан байна.

Гэтэл Т ХХК-д санхүүжилт олгосон гадаад улсын Leighton, Thiess компаниуд нь Т ХХК-д хувьцаа огт эзэмшдэггүй, түүнээс ногдол ашиг авдаггүй, хөрөнгө оруулагч компаниуд биш юм.

Монгол Улсын татварын хууль тогтоомжид татварын зорилгоор хөрөнгө оруулагчийг хэрхэн тодорхойлохыг нарийвчлан заагаагүй байдаг бөгөөд дээрх тайлбартаа шууд бус хөрөнгө оруулагч гэж нотлогдож байна.

Учир нь Эдийн Засгийн хамтын ажиллагааны байгууллагаас /OECD/ гаргадаг зөвлөмжөөр эдийн засгийн харилцаанд гарч буй ажил гүйлгээ түүнд ногдуулах татвар, татварын төрөл, нэр томьёог тодорхой тайлбарласан байдаг. Эдийн Засгийн хамтын ажиллагааны байгууллагаас /OECD/ гаргадаг зөвлөмжийн гол агуулга нь Олон Улсад эх үүсвэр орон олгосон орлогодоо суутган татвараар /whithholding tax/ татвараа авч, татвар суутгуулсан тал өөрийн орондоо хөнгөлөлтийн арга эсвэл хасагдуулалтын аргаар хасч татварыг давхардуулан ногдуулахгүй байхаар зохицуулсан байдаг. /Зөвхөн давхар татварын гэрээтэй улс орны хувьд/ Манай кэйсийн хувьд бид шууд бус хамаарлыг тогтоосон тул татварын давхардал гэсэн ойлголт байхгүй болно.

Ногдол ашгийн талаарх зүйл заалтыг тайлбарласан байдаг уг тайлбарт:

Дугаар хэсгийн 2 дугаар хэсгийн 15-т “ 2-р хэсгийн “Хөрөнгө” гэсэн нэр томьёог хувь эзэмшигчдэд тараах ногдол ашгийн татвартай холбоотойгоор хэрэглэсэн (тухайлбал толгой компани буюу хөрөнгө оруулагч ногдол ашиг хүртэх тохиолдолд, ирээдүйд ч хүртэхээр).

а. “Хөрөнгө” гэдэг ухагдахууныг ойлгон хэрэглэх ерөнхий зарчим нь ердөө л

компанийн хуулийг дагах юм. Гэхдээ нөөц зэрэг бусад элементийг харгалзаж үзэхгүй.

б. Компанийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө гэдэг нь нийт хувьцааны нэрлэсэн үнэ байх ба ихэнх тохиолдолд компанийн тайлан балансаас шууд харах боломжтой байдаг.

в. Энд хувьцааны ангилал (энгийн хувьцаа, давуу эрхтэй хувьцаа, саналын эрхгүй хувьцаа гэх мэт) анхаарал тавих шаардлагагүй. Учир нь хувьцааг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн эрхээс хамааруулан ангилдаг юм.

г. Компанид зээл, эсхүл бусад хэлбэрээр хувь нэмэр оруулсныг компанийн хуулийн дагуу “Хөрөнгө” гэж үзэхгүй боловч бодит байдал дээр дотоодын хууль, дүрмийн дагуу үүнтэй холбоотой олсон орлогыг (“нимгэн капиталжуулалт”, зээлийг хувь нийлүүлсэн хөрөнгөнд уусгах) 10-р зүйл ангийн заалтын дагуу ногдол ашиг хэмээн үзэхээр бол ийм зээлийн үнэ өртгийг

а. дэд хэсгийн заалтын дагуу “Хөрөнгө” гэж авч үзнэ гэж тайлбарласнаар баталгаажиж байна.

Мөн Монгол улсын дотоодын хууль тогтоомжид

а. 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд Шүүхийн Тогтоол № 14-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 14.3-т заасан “...оруулсан хөрөнгө оруулалт..." гэдэгт хөрөнгө оруулагч этгээдээс энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа, алтан хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдан авах, хувь нийлүүлэх замаар тухайн аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалт”-ыг хамруулахаар,

б/. Компанийн тухай хуулийн 30-р зүйлд “хувь нийлүүлсэн хөрөнгө гэж тухайн компанийн дүрэмд туссан хөрөнгө"-ийг ойлгохоор тус тус заасан байгаа Татварын улсын байцаагч нарын акт бүрэн үндэслэлтэй байна.

1.3 Санхүүжилтийг харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн санхүүгийн үйлчилгээ буюу зээл олгосон гэж үзэн зах зээлийн жишиг зээлийн хүүтэй зээл байх ёстой гэж үзэн зах зээлийн жишиг зээлийн хүүтэй зээл байх ёстой байсан гэж үзсэн байдал:

Хууль эрх зүйн үндэслэл:

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, 4.1.1 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 2007 оны 86 тоот тушаалаар баталсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”, 1.2-т “Татварын алба жишиг үнийг тогтоохдоо Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) баталсан зөвлөмжийг ашиглаж болно” гэж журамласан ба журамын 3.2-т заасан жишиг үнэ тогтоох аргын Харьцуулагдах үнийн аргыг хэрэглэсэн болно.

Энэ аргыг үйлчилгээний зах зээл дээр тухайн үйлчилгээтэй адил төрлийн үйлчилгээ авч буй харилцан хамааралгүй аж ахуйн адил төрлийн үйлчилгээтэй харьцуулсан болно.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2009 оны 723 дугаар тушаал болон түүний хавсралт 2 маягтаар Аж ахуйн нэгж, иргэний гадаад зээлийг бүртгэх маягтаар бүртгүүлсэн гадаад улсаас, гадаад валютаар авсан зээлийг 3 аж ахуйн нэгж дээр харьцуулж хүүг тогтоосон.

д/д-ААН нэр-Авсан зээлийн хэмжээ-хүү/ ам.доллар/

1. Саусгоби сэндс 3,800,000.00  0-0

2. Арева Монгол 46,800,000.00- 6%, + libor

3. Мөнхноён суврага 1,200,000.00- 3.08

4. Мөнхноён суврага 2,100,000.00- 2.77

Т ХХК-ийн авсан санхүүжилтийг зээл гэж үзэн, Монгол банкны төлбөрийн тэнцлийн тайлангийн эх сурвалж болох 723 дугаар маягтаас бүртгэгдсэн гадаадаас авсан америк долларын зээлийн хүүгийн хувийг 2,2 хувь гэж тооцсон болно.

Татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ПрайсвотэрхаусКүүпэрс ТаксТМЗ ХХК-ний Ч.Ц дээрх хөрөнгө оруулагчаас охин компанидаа зээлдүүлсэн зээлтэй холбоотой ажил гүйлгээнд нэхэмжлэл гаргахдаа дараах байр суурь илэрхийлсэн байна. Үүнд:

а/. Зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй

б/.Зээлийн хүүг төлөөгүй тул холбогдох зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцоогүй гэжээ.

а/. Зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй нь Харилцан хамаарал бүхий этгээд хоорондоо үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байлаа ч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлээр харилцан хамааралгүй аж ахуйн адил төрлийн үйлчилгээтэй харьцуулан жишиг үнийг тогтоох хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Нэхэмжлэгч Т ХХК-ний бодит байдал нь:Нэхэмжлэгч Т ХХК болон Татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ПрайсвотэрхаусКүүпэрс ТаксТМЗ ХХК-ний Ч.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тайлбартаа /2-р хуудас, зээлийн гэрээний талаарх мэдээлэл хэсэгт/, “...2009 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хонгконг улсад бүртгэлтэй Л Контракторс Ази Лимитед (Leighton Contractors (Asia) Limited) компаниас 3.302.131 ам.долларын зээлийг жилийн 6.5-9 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээг хавсаргав. Зээлийн хугацаа 1 жил бөгөөд бүрэн төлөх хүртэл нэг жилийн хугацаагаар автоматаар сунгагдах нөхцөлтэй” гэжээ.

Хяналт шалгалтын явцад дээрх гэрээг гаргаж өгөөгүй . Энэ үйлдэл нь гэрээ байсаар байтал татварын тайланд бүртгэж бүртгэлд тусгаагүй татвар ногдуулан төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1-д заасан татвар ногдох орлого, татвараа үнэн зөв тодорхойлж, хуулийн хугацаанд төлөх үүргээс зайлсхийсэн үйлдэл гэдэг нь нотлогдож байна.

Хэрэв дээрх зээлийг санхүү, татварын тайланд тусгаж хүүгийн тооцоолол хийж бүртгэсэн бол маргах асуудал гарахгүй байсан.

Шилжүүлсэн орлого /Албан татвар ногдох орлого, тайлагнаж төлөөгүй шилжүүлээгүй ч/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;”, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “..шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг ойлгоно” гэж томъёолсноос үзвэл төлбөрийг “суутган тооцсон" /шилжүүлээгүй ч/ заалттай салшгүй холбоотой заалтууд юм.

Т ХХК нь харилцан хамааралгүй этгээд зах зээлийн зарчмаар зээл /санхүүжилт/ хамааралгүй талаас авсан бол сар бүр зээлийн эргэн төлөлт, хүү төлж явахаар байгааг анхаарна уу?

Тус ХХК нь зээлийн хүүгийн өглөгийг бүртгээгүй, холбогдох журналын бичилтийг хийгээгүй нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “ анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан гаргах гэсэн үүргээ биелүүлээгүй. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж тусгана” гэж заасныг зөрчиж байна.” гэжээ.

                                                                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь “Татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (“ААНОАТТХ”)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нийт 904,792,228.38 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар Т ХХК-иар 3,887,651,932.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаар тогтоолоор дээрх 210020532 тоот актаар тогтоосон төлбөрөөс 2,946,823,216.78 төгрөгийн төлбөрийг хасч, нийт 940,828,715.92 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Л Контракторс Ази Лимитед /Leighton Contractors (Asia) Limited/ болон Тийсс Пти Лтд /Thiess Pty Ltd/ компаниуд нь Т ХХК-д хөрөнгө оруулалт хийж байгаагүй, тус компанийн хувьцаа эзэмшигч биш тул Аж нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт энэ маргаанд буюу Т ХХК-ийн зээлийн харилцаанд хамааралгүй” гэсэн үндэслэлээр маргаж байна.

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ” гэж заасан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд“ гэж үзнэ:”,  6.1.1-д “энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;”, 6.1.2-т “ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;”, 6.1.3-т “аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог”, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд “нэхэмжлэгч болон зээлдүүлэгч нар нь харилцан хамааралтай этгээд мөн гэдэгтэй цаашид маргахгүй” гэж тайлбарласан тул зээлдэгч, зээлдүүлэгчийг “харилцан хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;” гэж тус тус заасан байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 9.1.-д Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана.” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтуудад заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, стандартын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах  үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3-д “Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.” гэж заасан.

Хариуцагч татварын улсын байцаагчид нь Т ХХК-ийн эцсийн жинхэнэ өмчлөгч, эзэмшигч нь буюу толгой компани нь Симик групп лимитед компани, мөн Л Контракторс Ази Лимитед болон Тийсс Пти Лтд компаниудын эцсийн өмчлөгч буюу толгой компани нь Симик групп лимитед компани тул зээлдүүлэгчийг хөрөнгө оруулагчтай адилтгаж үзэж болно” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Л Контракторс Ази Лимитед болон Тийсс Пти Лтд гэж харагдахгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан бичгийн тайлбар, танилцуулга /хөрөнгө оруулагчийн бүтэц/ зэргээс үзэхэд бодит байдалд тус компаниудын эцсийн өмчлөгч буюу толгой компани нь Симик групп лимитед гэсэн компани байх тул зээлдүүлэгчийг хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчтай адилтгаж үзэхээр байна.

Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаар тогтоолын үндэслэх хэсэг /17, 18 дугаар хуудас/-д “...Дээрх мэдээллийн эх сурвалжаас авсан CIMIC group limited компанийн хяналтанд байдаг компаниудын жагсаалтуудаас харахад Ausindo Holdings Pty Ltd, Leighton Asia Southern Pte Lte, Leithon Contractors (Asia) LimitedThiess Pty Limited, Thiess Mongolia LLC компаниуд нь CIMIC group limited компанийн 100 хувийн эзэмшил хяналтад байдаг болох нь нотлогдож байна.” “...Иймд Австрали улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй CIMIC group компаниас Т ХХК-ийн толгой компани болох Thiess Pty Limited, анх зээлийн гэрээ байгуулж зээл олгосон Leithon Contractors (Asia) Limited компаниудын удирдлага хяналт болон хөрөнгөнд шууд бусаар оролцдог болох нь нотлогдож байх тул гомдол гаргагчийн Л Контракторс Ази Лимитед болон Тийсс Пти Лтд компаниуд нь Т ХХК-ийн хувьцааг огт эзэмшдэггүй гэх гомдол үндэслэлгүй байна...зэрэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн дагуу маргаан бүхий 210020532 тоот татварын улсын байцаагчийн актыг үйлдэж, татвар ногдуулсаныг шүүхээс буруутгах боломжгүй.     

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан.

Иймээс дээрх үндэслэлүүдээс үзэхэд Татварын улсын байцаагч нарын 2017 оны №210020532 тоот актын 904,792,228.38 төгрөгөд холбогдох хэсэг нь дээрх хуулийн  зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал” болон мөн Сангийн сайдын 2015 оны 353 дугаар тушаалаар батлагдсан бодит үнэ тооцох аргачлалын дагуу Татварын улсын байцаагчийн актыг үйлдсэн нь хуульд нийцэхгүй, эдгээр аргачлалууд нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртэлд бүртгэгдээгүй” гэсэн үндэслэлээр маргаж байх хэдий ч Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д бодит үнийн арга;, 48.1.2-т жишиг үнийн арга гэж заасны дагуу, уг хуулийн заалтуудын дагуу, хууль үндэслэж бодит үнийн болон жишиг үнийн арга хэрэглэж  татвар ногдуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14- д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б, Х.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210020532 тоот актаар нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (“ААНОАТТХ”)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нийт 904,792,228.38 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ