Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00047

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруул, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чимэддамбад холбогдох 201718020003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Борнуур суманд 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Төв аймгийн Борнуур сумын Нарт баг, Шар чулуут гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,

-2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар

- 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Батжаргалын Чимэддамба.   /РД: НЙ81021713/

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Баянцогтын өвөр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 03-01 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Сэргэлэнгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алтанзулын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чимэддамбын өгсөн ……  Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатараас Төв аймгийн Сүмбэр сум орчихоод маргааш нь буцаад хот руу явж байх үедээ гэрэлд цохиулж осолд орсон. Осолд ороод хэсэг ухаан балартсан байсан. Наянтайгийн эзэмшлийн машиныг Төв аймгийн Сүмбэр сумаас жолоодож гарсан. Уг машиныг асаалттай байхаар нь эзэнд нь хэлэлгүй тэр чигт нь унаад явчихсан юм гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулын өгсөн …… А.Цацрал нь миний төрсөн дүү юм. Бид эхээс дөрвүүлээ. Дүү маань Нано интернейшнл ХХК-д тооцооны ажилтан хийдэг байсан ба хүүгийн хамт ам бүл хоёулаа амьдардаг байсан. Нөхөр нь өвчний учир одоогоос 2 жилийн өмнө нас барсан байсан. Энэ осол болсныг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед мэдсэн. Талийгаач дүү А.Цацралын машиныг нь жолоодож явсан Мөнхоргил гэх залуу надад мэдэгдсэн. Тэгээд бид нар Дарханаас гараад хэрэг осол болсон гэх газар луу явцгаасан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт осол болсон байсан. Баянголын түргэн тусламжийн тэрэг талийгаач дүүг болон бэртэж гэмтсэн хүмүүсийг аваад явж байхад нь Хустайн давааны тэнд таарч ээж маань уг түргэний машинд сууж дархан явсан. Хонгор сумын орчимд 20 цагийн үед дүү маань эмнэлгийн тусламж авч чадалгүй замдаа нас барсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Баруунхараагийн цагдаагийн газар дээр ирээд эхнэр бид хоёр хэрэг болсон газар дээр нь очсон. Мөн цагдаагийн ахмад Дарханбаяр гэх хүнд мэдүүлэг өгсөн. Эвдэрсэн машиныг нь Баянгол сумын цагдаагийн хэлтсийн журмын хашаа руу ачуулсан. Тэгээд бид нар Дархан явсан. Оршуулгын зардалд 6025620 төгрөг, машины хохиролд 6051000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг, шашны зан үйлтэй холбогдон гарсан зардал болох лүйжин тавиулах, ном уншуулах, ламд өргөл барьц өгөх зэрэгт 2 сая төгрөг, талийгаачийн хүү Г.Хүрэлсүхийн биед учирсан хохиролд 35850 төгрөг, асран хамгаалагчийн бие муудахад гарсан зардалд 129538 төгрөгийг нэхэмжилнэ. Талийгаачийн 08 настай хүү Г.Хүрэлсүх нь бүтэн өнчин хоцорсон тул тэжээгчээ алдсаны тэтгэмж 253510 төгрөгөөр тогтоогдсон. Талийгаач нэг сая төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг байсан. Иймд хүү Г.Хүрэлсүхийг нь 18 нас хүртэл цалингийн зөрүүг гаргуулж олгож өгнө үү гэж хүсч байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтайгийн өгсөн ….. Миний машинд учирсан хохирол 6.7 сая төгрөгийг гаргуулах саналтай байна. Заавал мөнгө гэхгүйгээр өөрийнх нь боломжоор төлүүлмээр байна. Төв аймгийн Сүмбэр сумын дэлгүүрийн гадна миний эзэмшлийн Хонда сивик маркийн 17-92 УНА улсын дугаартай авто машин асаалттай байхад нь Чимэддамба авч зугатаагаад зам тээврийн осолд орж надад хохирол учруулсан. Би тээврийн хэрэгслийг авч зугатаасан талаар холбогдох газарт буюу цагдаад тэр даруй мэдэгдсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 38-27 УБН улсын дугаартай автомашинтай 2 том хүн, 2 хүүхэдтэй нийт 4 зорчигчтой явсан. Улаанбаатараас Дархан чиглэлийн 140-141 дэх километрт явж байсан. Миний урд саарал өнгийн 03-01 дугаартай приус 20 маркийн машин явж байсан ба уг машинаас 10-15 метр зайд 72-73 км цагийн хурдтай явж байсан. Энэ үед багцаагаар 18.30 цагаас 19.30 цагийн хооронд байсан байх. Миний урд явж байсан приус 20 маркийн машиныг нэг машин мөргөөд тоос манарч баахан юм бутраад явчихсан. Тэгээд миний машин луу орж ирээд хальт түг хийсэн чимээ гараад шүргэчихсэн юм. Урд талын машинтай мөргөлдөөд тэгээд дараа нь миний машиныг шүргэсэн. Миний хувьд би яг урсгалаараа эсрэг урсгал руу орсон зүйлгүй чигээрээ явж байсан. Миний машинд сууж явсан зорчигчид болон миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Машины гупер хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, карлан шмбийсан, зүүн толь байхгүй эвдэрсэн байна. Хохирлоо нэхэмжилнэ. Машины эвдрэл нийт 1874000 төгрөг болсон бөгөөд би машинаа хүнээс мөнгө зээлээд засуулсан, мөн үнэлгээний зардал гэх 70000 төгрөгийг би өөрөө төлсөн. Иймд тэр 70000 төгрөгийг бас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 98-101 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Урьханаас Дархан Хөтөл чиглэлтэй 19-20 цагийн орчимд гарч явсан. Өөрийн тоёота аллион маркийн 54-79 УНР дугаартай цагаан өнгийн машинтай 2 том хүн, 1 хүүхэд гэсэн 3 зорчигчтой явсан. Улаанбаатараас 140 дэх км-т өөдөөс цагаан өнгийн суудлын автомашин зам голлоод над руу чиглээд ороод ирсэн. Би 70-80 км цагийн хурдтай явсан ба эсрэг урсгалд ороогүй хойшоо чиглэлтэй урсгалынхаа дагуу явж байсан. Тэр машин болохоор урсгал сөрж орж ирсэн. Би амжиж машинаа баруун гар тийш дарж тоормос гишгэж замын хажууд зогссон. Тэр машин миний машины зүүн урд талаас хажуу хэсгийг хамаад явчихсан. Тэгээд тэр машин ард явсан 2 ширхэг приус 20 маркийн машинуудыг дараагаар нь дараалан мөргөөд онхолдсон байсан. Бууж ирээд харахад Хонда сивик маркийн цагаан өнгийн машин байсан. Миний машины зүүн гупер, зүүн гэрэл, толь, зүүн талын 2 хаалга, урд салхины шил, обуд хагарсан, гар тахийсан, 5 бул мултарсан, багана дотогшоо чихэгдэж орсон байсан… Миний машины эвдрэлийн үнэлгээ 2730000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Мөн машины хохирол үнэлүүлэхэд төлсөн мөнгөө нэхэмжилнэ гэх /Хх-н 109-112 дугаар хуудас/

Хохирогч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Баруунхараагаас Улаанбаатар хотын чиглэлд би найз Э.Алтанзулын хамт мөн цагаан Хонда сивик маркийн 17-92 дугаартай автомашинтай жолооч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Дамба гэх хүнтэй хамт Улаанбаатар хот орохоор явж байсан юм. Гэтэл манай машин нилээд хурдтай бараг 100 км цаг хурдтай байсан байх Дамбад би их хурдтай яваад байхаар нь болно машиныг би жолоодъё гэж хэлж байсан ч Дамба өөрөө Урьхан хүртэл би бариад явчихъя би өөрийгөө мэдэж байна гэсэн. Тэгээд Баруунхараагаас урагш явж байхад гэнэт миний тал руу буюу зүүн тийш Дамба машинаа дарж оруулаад эсрэг урсгал руу орж миний талаар машинтай мөргөлдсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд машин дотор орилоод хэвтэж байсан….. Цээгий ахынд 1 шил Болор архи, нийт 3 том архи уусан. Тэгээд тэднийд хоноод 30-ны өглөө 10 цагийн үед босцгоосон. Босоод Лхагвадорж, Наянтай, Дамчаа, Дамба нар 1 шил соёрхол архи уусан. Тэндээс Сээгий гэж айлынд очиж архи уусан. Тэр үед нь Алтанзул бид хоёр машиныг нь бариад Дамбыг хайгаад Сүмбэр сумаар явж байсан. Тэр үед Дамба алга болчихсон байсан юм. Тэгээд Цээгий ахынд очиход Дамба тэднийд 2-3 цаг унтаад нилээн сэргэчихсэн байсан. Тэгээд Дамба Наянтайтай маргалдаад муудалцаад гараад явсан. Тэр үед Алтанзул бид хоёр машинд хамт байсан ба Дамба ирээд машиныг нь унаад явчихсан. Бид хоёрыг хамт аваад явчихсан. Тэгээд Сүмбэр сумаас гарахад 17-18 цаг болж байсан байх. Тэгээд шууд Баруунхараа ороод Дамбын найз Тулгаагаас мөнгө асууж уулзаад удаагүй салсан. Тэндээс гарч яваад осол болсон. Миний баруун гар хугарсан, толгой хагарсан, эгэм өвдөөд байна мөн хавирга, босохоор сав, гэдэс хавиар их өвдөж байна. Хоёр хөл их өвдөж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ…… Сүмбэр суманд байхад машинд суунгуутаа Дамба машин жолоодоод шууд хөдөлсөн. Их хурдтай хөдлөөд явсан болохоор Алтанзул бид 2 бууж чадаагүй. Тэр үед машинаас бууя гэж бодож байсан. Дамба машин бариад явж байхдаа наад пизданууд чинь дургүй хүргэчихлээ. Баруунхараа ороод нохой Тулгаагаас бензиний мөнгө төгрөг авна , наадуул чинь араас унаа олоод хүрээд ирнэ гэж хэлж байсан….. Миний зүгээс бодит учирсан хохирол 539650 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 117-122 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд найз Сэргэлэнгийн хамт Хонда сивик маркийн 17-92 дугаартай машинтай жолооч Дамба гэх хүний хамт явсан. Явах замдаа маш хурдтай явж байсан. Осол болох үед би арын суудал дээр толгойгоо зүүн тийш харуулаад хажуулдаж хэвтээд унтаж байсан учир яг юу болсныг мэдэхгүй байна…. Чимэддамба миний хувьд машиныг хулгайлж аваад зарж борлуулах байсан гэж бодохгүй байна. Миний хувьд хот руу явах гэж авч явсан байх гэж бодож байна. Ер нь ч тэгээд би Наянтайг Дамбын найз гэж бодож байсан ба найзынхаа машиныг аваад явлаа гэж ойлгосон. Би Наянтай Дамба нарыг Сүмбэр суманд байхдаа дэлгүүрийн гадаа маргалдаж байсныг харсан. Тэгээд л Дамба машинд орж ирээд шууд унаад явсан. Би яагаад хүний машин унаж явж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Дамба би мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд ч сэргэлэн бид хоёр хот явах бодолтой байсан болохоор дуугүй л явчихсан юм. Осол болно гэж хэн мэдэх билээ. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 130-133 дугаар хуудас/

Гэрч А.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Урьханаас Дархан хөтөлийн чиглэлд эхнэр Н.Тунсаг, түүний хүргэн ах П.Баясгалан, түүний охин Буянхишиг нарын хамт Баясгалангийн аллион маркийн 54-79 дугаарын машинтай орой харанхуйд гарсан. Хэдэн цагт Урьханаас гарч хойшоо явснаа санахгүй байна. Тэгээд би замдаа хойно суугаад явж байхдаа унтчихсан байсан. Яг юу болсныг санахгүй байна. Баясгалан машин жолоодож явсан бөгөөд машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирлээ дараад дараад гайгүй гарлаа даа. Дараагүй бол балрах байж гэж хэлж байсан гэх мэдүүлэг /Хх-н 135 дугаар хуудас/

Гэрч Н.Тунсагийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Жолооч Баясгалан ах бид нартай юм яриад явж байсан. Манай машин урсгалаараа явж байсан болохоор урдаас ирсэн машин урсгал сөрж орж ирсэн байх. Тэгээд гэрэл орж ирээд түс няс хийгээд мөргөлдсөн. Манай жолооч баруун гар луугаа дараад хажуу тийш эргээд зогссон байх. Манай машин ямар ч байсан их зөөлөн явж байсан юм. Одоохондоо гомдох юм нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /Хх-н 136 дугаар хуудас/

Гэрч Д.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн …. Тэр өдөр өдийд буюу 19 цагийн орчимд намайг гэртээ байхад Дамба ирсэн. Манай эхнэр гадаа түлээ мод нүүрсээ оруулж байсан ба гаднаас Тулгааг дуудчих гээд хэлэхээр нь би гэрээсээ өөдөөс нь гараад очсон. Дамба хашааны үүдэнд ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гэрийн углааштайгаа гараад яваад очсон. Тэгээд очсон чинь мэнд мэдэлцээд машинд суу гээд тэгээд ороод суусан чинь машинд нь хоёр хүүхэн байсан. Тэр хоёр хүүхний нэг нь жолооны ард нөгөө нь жолоочийн хажуу талд сууж байсан. Дамба бид хоёр машины арын суудалд суусан. Тал шил болор архи барьчихсан байсан ба надад хундаганд хийж өгсөн. Тэгээд найзыгаа зориод Баруунхараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр архинаас нь уугаагүй юм. Тэгээд би чи халамцуу согтуу байна одоо наад хүмүүсээрээ машинаа бариулаад харь гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт хүргэж оруулж өгчөөд явсан. Тэнд Дамба удаагүй. Тэр үед Дамба өөрөө ч архи уугаагүй. Нэг их согтсон харагдаагүй. Тэгээд явцгаасан гэх мэдүүлэг /Хх-н 137 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Д.Норовын мөрдөн байцаалтад өгсөн …. Миний эзэмшдэг 17-92 УНА улсын дугаартай автомашиныг би хүү Наянтайд худалдаж авч өгсөн нь үнэн. Гэхдээ би энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцахгүй. Гэм буруутай этгээд Чимэддамба нь хохирлыг барагдуулах ёстой юм. Учир нь миний хүү наянтай машинтайгаа Сүмбэр суманд байх үед нь Чимэддамба нь санаатай машиныг нь авч зугатаасан.  Сайн дураар Чимэддамбад өгч явуулаагүй юм. Тийм учраас би энэ хариуцлагыг хүлээхгүй юм гэх мэдүүлэг /Хх-н 156 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт ¹ 100.... Дүгнэлт:

1. Г.Хүрэлсүхийн биед баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 22 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹35.... Дүгнэлт: 

1. Сэргэлэнгийн биед баруун гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 36.... Дүгнэлт: 

1. Алтанзулын биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 28 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт ¹ 07.... Дүгнэлт

1.Нас барагч А.Цацралын биед их тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн уушгины хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, өвчүү ясны хугарал, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, элэгний язралт, дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гарын алганы ар хэсэг, баруун хөлний өвдөгний үе, баруун гуя, зүүн өгзгөнд шарх. Баруун хацар, зүүн шанаа, цээж, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлийн шилбэнд цус хуралт гамтал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй мөргүүлэх үед үүсэх боломжтой гэмтэл юм.

3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Нас барагчийн биед үүссэн гэмтлүүд нь хүний гар хөлийн үйлчлэлээр үүссэн байх боломжгүй.

5. Нас барагч нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

6. Нас барагчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй болно.

7. Нас барагч А.Цацрал нь гавал тархи, цээж, хэвлийн хөндий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

8. Нас барагчийн цус О /l/ бүлгийн харьяалалтай байжээ гэх /Хх-н 33 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 04  ....

1. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Харнууд овгийн Батжаргалын Чимэддамба нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгэл сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн.

2. Хариулт: Тоёота приус 20 маркийн 0301 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Мөнх-оргил нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй.

3. Хариулт: Тоёота приус 20 маркийн 3827 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Гантөмөр нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй.

4. Хариулт: Тоёота аллион маркийн 5479 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Баясгалан нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй.

5. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Наянтай нь МУ-ын ЗХД-ийн 11. Түр буюу удаан зогсох. 11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө … гэснийг зөрчсөн.

6. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Харнууд овгийн Батжаргалын Чимэддамба, машины эзэмшигч Н.Наянтай нар нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 69 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/

Б.Чимэддамбын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета багажаар үлээлгэж шалгахад 1.36 % гарсан гэсэн согтуурал хэмжсэн тодорхойлолт /Хх-н 12 дугаар хуудас/

17-92 УНА улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5978000 төгрөгөөр, шууд бус зардлыг 795000 төгрөгөөр, нийт 6773000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 46-47 дугаар хуудас/

03-01 УНЛ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5886000 төгрөгөөр, шууд бус зардлыг 165000 төгрөгөөр, нийт 6051000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 53-54 дүгээр хуудас/

38-27 УБН улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 1794000 төгрөгөөр, шууд бус зардлыг 80000 төгрөгөөр, нийт 1874000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 59-60 дугаар хуудас/

54-79 УНР улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 2635000 төгрөгөөр, шууд бус зардлыг 100000 төгрөгөөр, нийт 2735000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 62-63 дугаар хуудас/

Хохирогч Б.Сэргэлэнгийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 125 дугаар хуудас/

Б.Чимэддамбын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 157 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулаас гаргаж өгсөн 08 настай Г.Хүрэлсүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон баримт болон талийгаач А.Цацрлаын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн зөрүү нэхэмжилсэн баримт зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-18 цагийн орчимд Төв аймгийн Сүмбэр сумын хүнсний дэлгүүрийн гадна байсан бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Баянцогтын өвөр гэх газар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин урсгал сөрж эсрэг урсгалд эгнээндээ зорчиж явсан 03-01 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Сэргэлэнгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алтанзулын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

 Шүүгдэгч Б.Чимэддамба нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон боловч хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, мөн бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шунахай зорилгогүйгээр унаж тодорхой газар хүрэх зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангаж байх тул энэ зүйл ангиудад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Донровын Норов мөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд түүнийг иргэний хариуцагчаар татсан боловч зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Б.Чимэддамба хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Учир нь шүүгдэгч Б.Чимэддамба нь уг тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаах явцдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чимэддамбаас талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардалд болон 03-01 УНЛ тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 12332306 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулд, 35850 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлсүхийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганцэцэгт, 228690 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сэргэлэнд олгох үндэслэлтэй байна.

 

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтай, иргэний нэхэмжлэгч А.Гантөмөр, П.Баясгалан нараас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шууд зардлыг үнэлгээний байгууллагад төлсөн үнэлгээний хөлсийн хамт 6270000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтайд, 1864000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрд, 2880000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Баясгаланд тус тус олгох нь зүйтэй ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг тухайн үнэлүүлсэн байгууллагаар засаж сэргээлгэсэн тохиолдолд ажлын хөлсний зардлаа буюу шууд бус зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй  болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Талийгаач А.Цацрал нь хүү Г.Хүрэлсүхийн хамт ам бүл хоёул амьдардаг байсан, сард дунджаар 1000000 /нэг сая/ төгрөгийн цалин хөлс , орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд нэг хүнд оногдох хэсэг нь 500000 төгрөг болж байх ба талийгаачийн хүү Г.Хүрэлсүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 253510 төгрөгөөр тооцож  олгож байгаа тул түүнд оногдох цалин хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөний зөрүүнд шүүгдэгч Б.Чимэддамбаас сар бүр 246490 төгрөгийг  гаргуулж хүү Г.Хүрэлсүхэд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн хорин сая төгрөгийг хангах хууль зүйн үндэслэл болон нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, иргэний нэхэмжлэгч Э.Алтанзул нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Чимэддамбын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй, мөн Б.Чимэддамба нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх боломжгүй  учраас хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан баривчлах ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 03 хоногийг эдлэх ялд нь оруулан  тооцохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг 03 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 03 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад энэ тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас

12332306 / арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга гурван зуун зургаан/  төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 20-3-74 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Чонос овогт Аръяабазарын Саруулд /РД:ТА76040615/, 

35850 / гучин таван мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймаг Дархан суманд оршин суух, Жанчивын Ганцэцэгд /РД:ТА52052008,

6270000 /зургаан сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг гаргуулж Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 4-2 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Урианхай овогт Норовын Наянтайд /РД:НБ83081518/,

1864000 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 46-44 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Амаржаргалын Гантөмөрд /РД:МО90030730/,

2880000 /хоёр сая найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг, Дөмбөн гудамж 3-1 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Баясгаланд /РД: МФ74012818/,

228690 /хоёр зуун хорин найман мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг, 20-09 тоотод оршин суух, хохирогч Булгадар овогт Батсуурийн Сэргэлэнд /РД:ОЮ98090701/ тус тус олгосугай.  

9. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1  дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Чимэддамбаас сар бүр 246490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Гэрэлт-Одын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл олгосугай.

10. Хохирогч Б.Сэргэлэн нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай. 

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чимэддамбад өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Чимэддамбад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.