Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/03180

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах, Б ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах, В ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн ............... тоот, 134 м.кв 4 өрөө орон сууцыг талуудын байгуулсан гэрээний дагуу өөрийн өмчлөлд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 020-12 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн 294.384.000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Бид гэрээний заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад гэрээний нөхцөл хангагдсан учраас 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр В ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компаниас байранд засвар үйлчилгээ хийсэн ч, хариуцагч тал байр ашиглалтад ороогүй, лифт ажиллахгүй, тог цахилгаан тавигдаагүй шалтгаанаар одоо хүртэл байрыг бидний өмчлөл, эзэмшилд өгөөгүй байгаа. Иймд байрыг бидний өмчлөлд шилжүүлж, Б ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-иас 294.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө байр авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2012 оны 6 дугаар сард барилгын ерөнхий гүйцэтгэгч Х ХХК-тай В ХХК түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй байр өгөхөөр гэрээ байгуулсан. Тухайн үед Х ХХК-иас Б ХХК бетон зуурмаг нийлүүлнэ. Танай компани манайд өгөх 5 ширхэг бонусын байрнаас нэгийг өгч болох уу гэж амаар ярьсан. Б ХХК, В ХХК нарын хооронд 294.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан. 2012 оны 7 дугаар сарын 20, 8 дугаар сарын 21-ний өдрүүдэд 2 удаа В ХХК-иас Х ХХК руу 294.426.000 төгрөг шилжүүлсэн. Х ХХК-иас 2 удаагийн гүйлгээгээр нийт 295.000.000 төгрөгийг Б ХХК руу шилжүүлсэн байдаг. Энэ нь гүйлгээний 2 баримтаар нотлогдоно. Гэтэл Б ХХК-иас нэг ч төгрөг өгөөгүй 4 өрөө байраа авна гэж В ХХК-иас нэхэмжилсэн. 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Зайсан голд хотхоныг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Х ХХК, В ХХК-иас 10.000.000 ам.долларын санхүүжилт авсан. Үүнээс 8.000.000 ам.доллар нь байр барихад хангалттай байсан. 2.923.431 ам.долларыг Х ХХК илүү зарцуулсан эсвэл 8.000.000 ам.доллар Зайсан голден хотхон руу оруулах байсан ч өөр төсөл санхүүжүүлсэн үндэслэлээр тухайн үед илүү гарсан санхүүжилт 2.923.431 ам.долларыг баталгаажуулсан. Бид нарын өгсөн мөнгө яагаад Б ХХК-д очоогүйг мэдэхгүй. Нэхэмжлэгч тал 2 удаа үүргийн гүйцэтгэл шаардаж байна. Манай компаниас төлбөр шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. Бонусанд өгөх байр байхгүй учраас Б ХХК-д өгсөн байраа буцааж авсан гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан В ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь В ХХК туслах гүйцэтгэгч Х ХХК руу бетон зуурмагийн төлбөр болох 294.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Уг мөнгийг Б ХХК хүлээж авсан нь дансны хуулгаар нотлогдоно. Зөрүү 14.000.000 төгрөгийг Х ХХК В ХХК-д бэлнээр өгсөн гэх боловч баримт гаргаж өгөөгүй. Талуудын хооронд хэлбэрийн төдий орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. В ХХК гэрээний дагуу Б ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр В ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөл хангагдсан учраас 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2 компани захиалгын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тооцоо нийлсэн. 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 1.6-д үл хөдлөх хөрөнгөөр төлбөр барагдуулна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани В ХХК-ийн захиалан бариулсан барилгад М ХХК, В ХХК-иудтай гэрээ байгуулж, бетон зуурмаг нийлүүлсэн. Х ХХК-тай ямар нэг харилцаанд ороогүй, бидний хооронд гэрээ байгуулагдаагүй. Х ХХК-иас 3 удаа 140.000.000 төгрөгөөр нийт 420.000.000 төгрөг орж ирсэн ба энэ нь М ХХК-ийн өмнөөс Б ХХК-д бетон зуурмагийн үнэ гэж шилжүүлсэн. В ХХК-ийн манай компанид мөнгө шилжүүлсэн гэх хариуцагч талын тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Бетон зуураг нийлүүлэх гэрээний 5.2-д зааснаар В ХХК-иас гэрээнд өөрчлөлт оруулах талаар манай компанид санал ирүүлээгүй. Бидний хооронд барилга ашиглалтад орох хугацаанаас шалтгаалж төлбөрийн нөхцөл өөрчлөгдөнө гэсэн тохиролцоо байхгүй. Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэг орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээр солигдсон. Иймд захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу байр шаардсан. Хариуцагч тал бетон зуурмагийн мөнгийг туслан гүйцэтгэгч компанид шилжүүлсэн гэж тайлбарлалаа. Гэтэл барилга барьсан этгээдэд бетон зуурмаг нийлүүлсэн. Хариуцагч тал өөртөө ашигтайгаар Б ХХК-ийг Х ХХК-д бетон зуурмаг хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж болохгүй. 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, бетон зуурмаг нийлүүлэх гэрээнүүд үнийн дүнгээр таарч, 294.426.000 төгрөгт байр, орон сууц өгөхөөр талууд хүсэл зоригоо илэрхийлж, тодорхойлсон. Хариуцагч тал дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилж байгуулагдсан хэлцлийг тодорхойлж чадахгүй мөртлөө хүчин төгөлдөр хэлцлийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Х ХХК руу зуурмагийн мөнгө шилжүүлсэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. Энэ бол В ХХК-ийн хариуцлагын асуудал, Иргэний хуулиар зохицуулагдсан. В ХХК гэрээний үүргийг өөр компанид шилжүүлсэн бол мэдэгдэл өгч, татгалзах ёстой. Гэтэл хэрэгт тийм баримт байдаггүй. Хариуцагч тал санхүүгийн баримтаар төлбөр төлсөн гэдгээ нотолж чаддаггүй мөртлөө 2 компанийн хийсэн зүйлийг татаж, хэрэгт хутгаж, хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Х ХХК-иас Б ХХК-д М ХХК-ийн төлбөр шилжүүлсэн болох нь гүйлгээний утгаас харагдана. Ямар үндэслэлээр уг мөнгийг В ХХК-ийн мөнгө гэж ойлгох юм бэ. В ХХК-ийн захиалгаар Б ХХК-иас бетон зуурмаг нийлүүлсэн, төлбөрт байр өгч, авалцахаар талууд тохирсон. Гэрээ хэлцэл байгуулж, гарын үсэг зурсан. Х ХХК, В ХХК-ийн барилгыг барих гэж зуурмаг авсан. Х ХХК зуурмагаар тусдаа өөр барилга барьсан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч талын гэрээний хугацаанд төлбөр шаардсан албан бичгүүд байгаа. Хариуцагч тал гэрээний дагуу тодорхой үйлдэл хийж, төлбөр төлөхөө илэрхийлсэн. Байранд оруулаад гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байна. 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байр захиалгаар авч, 2014 онд В ХХК захиалгын гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ В ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сард байраа буцааж авсан гэдэг. Нэхэмжлэгч тал 3 жилийн хугацаанд байр эзэмшсэн бол яагаад улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бүртгүүлэхээр хандаагүй юм бэ. 2014 онд В ХХК гэрээнээс татгалзаж, байраа авсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас ямар ч шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч талын сүүлд өгсөн албан бичгүүд нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувийг өгсөн. Нэхэмжлэгч тал өөрт ашигтайгаар В ХХК-ийг 2017 оны 1 дүгээр сард байраа авсан гэж бичсэн. Үл хөдлөхтэй холбоотой маргааныг харьяаллын дагуу шилжүүлэх гэхээр захиалгын гэрээний дагуу үүрэг шаардсан гээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгуулсан. 2012 оны 5 дугаар сарын 01, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний алинаар нь шаардлага гаргаж байгаа юм бэ. Талуудын хооронд тооцоо нийлсэн, өмнөх гэрээг дуусгавар болгосон зүйл байхгүй. Х ХХК-иас В ХХК гэсэн гүйлгээний утгаар бетон зуурмагийн мөнгө нийт 250.000.000 шилжүүлсэн. Уг мөнгийг Х ХХК, Б ХХК-д шилжүүлсэн. Энэ асуудалтай холбоотой санхүүгийн баримт гаргуулахаар хүлээж авдаггүй. Нэхэмжлэгч тал 2 гэрээний алиных нь дагуу шаардлага гаргаснаа тодорхойлж чаддаггүй. В ХХК 294.000.000 төгрөгийн нэг үүргийг хоёр удаа төлнө гэж байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн шүүхэд хянагдаж байгаа хэрэг дээр бие даасан шаардлага гаргаж оролцох боломжтой юм. Нэхэмжлэгч тал хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад бичгээр тайлбар өгөөгүй нь бидний тайлбар гаргах эрхийг хаасан. Мөн нэхэмжлэгч талыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ дуусгавар болсон, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу орон сууц гаргуулна гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн бид гэрээний үүргээ биелүүлсэн учраас дахин биелүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч В ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт байрлах, 133.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас Б ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харуицагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Б ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр В ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, М250 маркийн 2.030 м.куб хэмжээтэй, нийт үнэ нь 294.426.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээний дагуу В ХХК-ийн захиалагчаар ажиллаж, Х ХХК, М ХХК нар гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан барилгад тохиролцсон хэмжээний бетон зуурмагийг гэрээний хугацаанд нийлүүлсэн байна.

Улмаар В ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 201-11 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 294.426.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт байрлах, 133.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулахаар тохиролцжээ.

Дээрх гэрээ нь хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэршилтэй байх боловч шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 201-11 тоот гэрээний дагуу 4 өрөө орон сууцыг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрийг Х ХХК-д төлж, Х ХХК-иас нэхэмжлэгч Б ХХК-д төлчихсөн, нэг үүргийг 2 дахин гүйцэтгэх үндэслэлгүй тул орон сууц шаардах эрхгүй, Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн учир манайхаас бонус болгож байр өгөх байснаа цуцалж, улмаар илүү төлсөн төлбөрөө шаардаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан Х ХХК-иас ирүүлсэн баримт, зохигчийн тайлбараар Б ХХК нь Х ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд 3 удаагийн гүйлгээгээр 420.000.000 төгрөгийг М ХХК-ийн бетон зуурмагийн төлбөр гэж шилжүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8908 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар М ХХК нь Б ХХК-д өр төлбөртэй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч тал бонус болгож, Х ХХК-д өгөх байраа бетон зуурмагийн төлбөрт шилжүүлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тул бонус өгөх шаардлагагүй болсон гэж тайлбарласан атлаа, Х ХХК-д бетон зуурмагийн төлбөрийг шилжүүлж, Х ХХК нь манай өмнөөс нэхэмжлэгчид төлбөрийг төлсөн гэх тайлбар нь хоорондоо зөрчилтэй, үндэслэл муутай байна.

Зохигчдын тайлбараар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж зааснаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ хариуцагч В ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр 4 өрөө орон сууц өгөх үүргээр сольж бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болжээ.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 201-11 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр В ХХК-ийн нэр дуур улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 201-11 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар орон сууцыг улсын комисс хүлээн авснаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх ба 2015 оны 1 дүгээр сард улсын комисс орон сууцыг ашиглалтад хүлээн авч, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгчээс орон сууцанд засвар, тохижилтын ажил хийж байсан, мөн орон сууцыг 2017 оны 2 дугаар сард хариуцагч буцаан эзэмшилдээ авсан талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлээс орон сууцыг буцаан авсан 2017 оны 2 дугаар сараас шаардах эрхээ хэрэгжүүлэхээр байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс тоологдож, нэхэмжлэгч хугацаа хэтрүүлээгүй байна.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж гэрээнээс татгалзах талаар зохицуулсан зохицуулалтыг хариуцагч зөрчсөн гэж шүүх дүгнэлээ. Учир нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан бодит нөхцөл байдал бий болоогүйгээс гадна худалдан авагч төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байхад худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар орон сууцыг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагчаас Б ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Дүр үзүүлсэн гэдэг нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсээгүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэх байдлаар хийгдсэн байхыг ойлгодог. Мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэдэг нь хэлцэл хийгч талууд уг хэлцлийн дагуу эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, гадна талдаа хэлцэл хийсэн гэж харагдах сонирхолтой, дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэгэн адил байдлаар байгуулдаг. Харин халхавчлагдсан цаад хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх нь талуудын хүсэл зоригоос хамаардаг.

Гэтэл 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан, энэ гэрээнд заасан үр дагаварыг бий болгох зорилготой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүхээс гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч В ХХК-иас Хан-Уул дүүрэг, .................. тоот хаягт байрлах, 133.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн В ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.630.100 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 1.630.080 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.630.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ