Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00046

 

                                                                 Билгүүн трейд ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03180 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 471 дүгээр магадлалтай,

Билгүүн трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Волтам ХХК-д холбогдох 

Орон сууц гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сугарням, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Билгүүн трейд ХХК нь хариуцагч Волтам ХХК-д холбогдуулан орон сууц гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Волтам ХХК хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03180 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Волтам ХХК-иас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан Голден вилл хотхон, 201 дүгээр байр, 11 тоот хаягт байрлах, 133.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч Билгүүн трейд ХХК-д олгож, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн Волтам ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,630,100 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 1,630,080 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,630,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 471 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/03180 тоот 2019.11.25-ны өдрийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 471 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Волтам ХХК, Билгүүн трейд ХХК нарын хооронд 2012.05.01-ний өдөр 020-12 тоот 294,426,000 төгрөгийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн гэх боловч бетон зуурмаг Волтам ХХК-д хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдоогүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бетон зуурмагийн падаануудад Хасуу цамхаг ХХК-ийн туслан гүйцэтгэгч Могул скай ХХК-д гэж тэмдэглэсэн байдаг. Бетон зуурмагийн падаанд Волтам ХХК-аас төлөөлж гарын үсэг зурж, тооцоо нийлж байсан нэг ч этгээд байдаггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хяналтын хэсэгт талууд хооронд бетон зуурмаг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар маргаагүй гэж дүгнэсэн байдал нь өрөөсгөл юм. Хэрэв бетон зуурмаг падаанаар Могул скай ХХК-д гэсэн баримтуудыг шүүх хүлээн зөвшөөрч байгаа бол Волтам ХХК-аас Хасуу цамхаг ХХК-д төлсөн төлбөрийг мөн адил төлбөр хийгдсэн гэж үзэх ёстой байсан. Учир нь Хасуу цамхаг ХХК-аас төлбөрийн утгыг Могул скай ХХК-ийн бетон зуурмагийн төлбөр хэмээн шилжүүлсэн байдаг. Энэ нь одоо яригдаад буй маргаангүй бетон зуурмагийн төлбөр болох учиртай. Ингэснээр Волтам ХХК нь ерөнхий гүйцэтгэгч Хасуу цамхаг ХХК руу 2012.07.20 болон 08 сарын 21-ний өдрүүдэд шилжүүлсэн төлбөр нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн дуусгасан нотлох баримт хэрэгт авагдсан болохыг давж заалдах шатны шүүх нягтлан тулгаж шалгаагүй. Хэргийн бодит үнэн байдлыг тодорхойлоогүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь тодорхой харагдаж байна. Волтам болон Билгүүн трейд ХХК нарын хооронд Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ гэж байгуулсан боловч тус бетон зуурмагийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан байсан тул орон сууцны тохиролцоо дуусгавар болсон юм. Энэ байдлыг Хасуу цамхаг ХХК болон Билгүүн трейд ХХК нар харилцан тохиролцон үүргийн гүйцэтгэлийг 2 удаа шаардаж болох мэтээр шүүхэд хандсан луйврын шинжтэй үйлдэл болж хувираад байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 25-р зүйл 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн тайлбар татгалзлаа нотолж чадаагүй гэж үзсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаас ерөнхий гүйцэтгэгч Хасуу цамхаг түүний туслан гүйцэтгэгч Могул скай ХХК гэсэн нэрийг падаан бүрээс харж болно. Мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн тайлбарт Хасуу цамхаг ХХК нь Могул Скай ХХК-ийн бетон зуурмагийн төлбөр төлсөн гэж тайлбарладаг. Волтам ХХК-аас тухайн бетон зуурмагийн төлбөрийг 2 удаагийн гүйлгээний дагуу Хасуу цамхаг ХХК руу шилжүүлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байтал хэргийн тайлбар татгалзлаа нотолж чадахгүй байна гэх үндэслэлгүй тайлбар шалтгааныг дурдсан. Хариуцагч төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг биелүүлчихээд давхар өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг алдах болсон энэ үйлдлийг үнэн зөвийг бодитоор дүгнэн хэрэгт авагдсан материалыг нэг бүрчлэн шинжлэн судалж үзсэний үндсэн дээр эцсийн шийдвэр гаргах байх гэж Монгол Улсын шүүхэд итгэхэд, бусдын буруу үйлдлийг өөгшүүлж буй мэтээр хэт нэг талыг барьсан шийдвэр, магадлалд гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бетон зуурмагийн падаан болон Волтам ХХК-аас Хасуу цамхаг ХХК руу шилжүүлсэн төлбөр, Билгүүн трейд ХХК руу шилжүүлсэн төлбөрийн утгыг нарийвчлан судлан уялдаа холбоог зөв тогтоон хэргийг шийдвэрлэж чадаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой бетон зуурмагийн төлбөрийг хэрхэн яаж авч дамжуулан гүйлгээ хийсэн болохыг нотлох Хасуу цамхаг ХХК-ийг энэ хэрэгт оруулахгүй байгаа анхан шатны шүүхийн үйл баримтыг мөн шалгуулах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч Билгүүн трейд ХХК нь хариуцагч Волтам ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан Голден вилл хотхон, 201 дүгээр байр, 11 тоот хаягт байрлах, 133.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Билгүүн трейд ХХК-тай байгуулсан 2013.06.06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэн хариуцагчаас орон сууцыг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргааны зүйл болж буй гэрээг хүчин төгөлдөр бөгөөд дүр үзүүлсэн халхавчлагдсан гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хэргийн баримтаас үзэхэд Билгүүн трейд ХХК нь 2012.05.01-ний өдөр Волтам ХХК-тай 2012.11.01-ний өдрийг хүртэл М250 маркийн 2.030 м.куб хэмжээтэй, нийт үнэ нь 294,426,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд Волтам ХХК захиалагчаар ажиллаж, Хасуу цамхаг ХХК, Могул скай ХХК нар гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан барилгад дээрх гэрээгээр тохиролцсон хэмжээний бетон зуурмагийг нэхэмжлэгч хугацаандаа нийлүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2013.06.06-ны өдөр Волтам ХХК-тай 201-11 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 294,426,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан Голден вилл хотхоны 201 дүгээр байр, 11 тоот хаягт байрлах, 133.83 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулахаар тохиролцжээ.

Талууд хүсэл зоригоо илэрхийлж, бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ Волтам ХХК нь 2013.06.06-ны өдөр 4 өрөө орон сууц өгөх гэрээ байгуулж, өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг зөрчөөгүй, шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.

9. Хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрийг Хасуу цамхаг ХХК-д төлж, Хасуу цамхаг ХХК нь Билгүүн трейд ХХК-д төлчихсөн, нэг үүргийг 2 дахин гүйцэтгэх үндэслэлгүй тул орон сууц шаардах эрхгүй, Хасуу цамхаг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн учир манайхаас бонус болгож байр өгөх байснаа цуцалж, улмаар илүү төлсөн төлбөрөө шаардаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан, энэ агуулгаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Шүүх ...нэхэмжлэгч нь Хасуу цамхаг ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд 3 удаагийн гүйлгээгээр 420,000,000 төгрөгийг Могул скай ХХК-ийн бетон зуурмагийн төлбөр гэж шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.15-ны өдрийн 8908 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар Могул скай ХХК нь Билгүүн трейд ХХК-д өр төлбөртэй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч тал бонус болгож, Хасуу цамхаг ХХК-д өгөх байраа бетон зуурмагийн төлбөрт шилжүүлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тул бонус өгөх шаардлагагүй болсон гэж тайлбарласан атлаа, Хасуу цамхаг ХХК-д бетон зуурмагийн төлбөрийг шилжүүлж, Хасуу цамхаг ХХК нь манай өмнөөс нэхэмжлэгчид төлбөрийг төлсөн гэх тайлбар нь хоорондоо зөрчилтэй, үндэслэл муутай гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

10. Хариуцагч нь Билгүүн трейд ХХК-тай байгуулсан 2013.06.06-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгохдоо шаардлагын үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангасан байх тул сөрөг шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй юм.

11. ...Тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой бетон зуурмагийн төлбөрийг хэрхэн яаж авч дамжуулан гүйлгээ хийсэн болохыг нотлох Хасуу цамхаг ХХК-ийг энэ хэрэгт оруулахгүй байгаа анхан шатны шүүхийн үйл баримтыг мөн шалгуулах нь зүйтэй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагч нь хариу тайлбар гаргахдаа Хасуу цамхаг ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч, шүүгчийн захирамжаар уг хуулийн этгээдийг хамтран хариуцагчаар татсан боловч шүүхэд ирээгүй, олдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна. /I-xx-54,62,69/ Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр маргаанд холбогдох баримтыг Хасуу цамхаг ХХК-аас албадан гаргуулах шүүгчийн захирамжаар тус компани шүүхэд баримтуудыг ирүүлсэн байна. /II-xx-5-15/

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03180 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 471 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 1,629,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД