Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02219

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Сэлэнгэ-888, 00 а байранд байрлах, ШХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00 хороо, Т 0 гудамж, 00 тоотод байрлах Э Ж Б А ХХК /РД:000000/-д холбогдох,

 

000,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.О, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Э Ж Б А ХХК-тай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажилласан. Уг гэрээгээр манай компанийн зүгээс Э Ж Б А ХХК-ийн барьж байсан барилгад 2,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн бөгөөд эхний 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсаны дараа Э Ж Б А ХХК-иас гэрээ цуцлах санал гаргасныг бид хүлээж авсан. Улмаар тус компани бидний оруулсан 150,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээн боловч үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа шаардсаны эцэст 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал ба хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулалтыг хэрхэн төлж барагдуулах талаар хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн. Уг хэлцлээр бидний оруулсан 150,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, түүний хүү 50,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус заасан. Улмаар хариуцагч нь тэр өдрөө хүү болох 50,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэвч хариуцагч нь үндсэн төлбөр төлөх үүргээ мөн л биелүүлээгүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 08 дугаар сарын 31-ний өдөр мөн 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 08-нд 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-нд 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 13-нд 38,000,000 төгрөг буюу нийт 69,000,000 төгрөг төлсөн байна. Дээрх төлбөр нь хариуцагчийн үндсэн төлбөр болон хэтрүүлсэн хугацааны алдангид тооцогдож хасагдаж байсан болно. Улмаар өнөөдрийг хүртэлх алдангийн хэмжээ 99,103,200 төгрөг болсон бөгөөд үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 72,367,500 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчаас бидний оруулсан хөрөнгө оруулалтын үлдэгдэл болох 144,735,000 төгрөг, түүний алданги 72,367,500 төгрөг, нийт 000,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э Ж Б А ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ШХХК-ийн Э Ж Б А ХХК-д холбогдуулан гаргасан 000,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Э Ж Б А ХХК нь ШХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 27-нд 2,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсаны дагуу 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.

Манай компани уг төсөлд хамтран ажиллах боломжгүй болсон тул 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаар 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 00/000 тоот Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, мөн өдрийн 15/002 тоот Барьцааны гэрээ зэргийг талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч нь манай компанитай 150,000,000 төгрөг, түүний хүү 50,000,000 төгрөг, алданги төлөхөөр хэлцэл хийж нотариатаар гэрчүүлсэн гэж байгаа боловч хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болно.

Нэхэмжлэгч нь манай компанитай 150,000,000 төгрөгөөс зөвхөн 69,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэж хөрөнгө оруулалтын үлдэгдэл гэж 144,735,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь манай компани нь 2019 оны 08 дугаар сарын 08-нд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу компанийн ажилтан Ш овогт С  Э-д Япон улсаас оруулж ирсэн 9019 УНВ улсын дугаартай цагаан өнгөтэй тоёота Т.В маркийн суудлын автомашиныг 31,000,000 төгрөгөөр үнэлэн гэрээний төлбөрт шилжүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 08-нд 50,000,000 төгрөг, 08 дугаар сарын 13-нд 3,000,000 төгрөг, 08 дугаар сарын 31-нд 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 08-нд 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-нд 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 13-нд 38,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлж хөрөнгө оруулалтаар авсан нийт 150,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ШХХК нь хариуцагч Э Ж Б А ХХК-д холбогдуулан 000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Талууд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч ШХХК нь уг гэрээнд заасны үүргийнхээ дагуу 150,000,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлсэн байна.

Улмаар талууд харилцан тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болгож, Гэрээ дуусгавар болгох тухай гэрээг байгуулжээ.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагч талд шилжүүлсэн 150,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч нь хариуцагчаас Орхон аймгийн Б-Ө Б  баг, 11-р хорооллын Б хэсэгт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай баригдах барилгаас 150 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө авахаар талууд харилцан тохиролцож, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалж, худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалж, худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь барилгыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй учраас талууд уг гэрээнээс татгалзаж, хариуцагч нь 150,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтад зохигч маргахгүй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон учраас хариуцагч Э Ж Б А ХХК-д гэрээний дагуу шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг буцаан хэрхэн төлөх талаар талууд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл хийж харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь одоогийн байдлаар 150,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс 144,735,000 төгрөгийг, алдангид 72,365,500 төгрөгийг тус тус төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ...нэхэмжлэгчид төлөх 150,000,000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь уг 150,000,000 төгрөгнөөс хүү, алданги шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид ирүүлсэн Төлбөр барагдуулах тухай гэх баримтаар талууд 150,000,000 төгрөгт хүү, алданги тооцохоор харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх бөгөөд уг баримтад ...бидний зүгээс ШХХК-ийг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулалт болох 150,000,000 төгрөг, энэ мөнгөний хүү, бусад хохиролд нийт 200,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулна, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиодолд хоног тутам 0,5 хувиар алданги төлнө гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр 69,000,000 төгрөгийг, мөн 31,000,000 төгрөгт тооцон автомашин шилжүүлэн авч, нийт 150,000,000 төгрөгийг авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Эрдэнэбатын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас 150,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байх боловч үүнээс 5,265,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч, үлдэх 144,735,000 төгрөгийг өнгөрсөн хугацааны хүүгийн төлбөр болон алдангид тооцсон гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлага болох 000,000,000 төгрөгний тооцооллыг гаргахдаа үндсэн үүрэг болох 150,000,000 төгрөгний үлдэгдэл 144,735,000 төгрөг, түүний алдангид 72,367,500 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагчаас авах 150,000,000 төгрөгт хүү тооцох хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж байх бөгөөд хэдий хугацаанд, ямар хэмжээгээр хүү тооцоод байгаа нь ойлгомжгүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид ирүүлсэн Төлбөр барагдуулах тухай гэх баримтаар талууд алданги төлөх тохиролцсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь: тухайн баримт нь зөвхөн хариуцагч талын хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд уг хүсэлт зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авч, бичгээр баталгаажуулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд талуудыг алданги тооцох гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул нэхэмжлэгч ШХХК-ийн хариуцагч Э Ж Б А ХХК-д холбогдуулан гаргасан 000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ШХХК-ийн хариуцагч Э Ж Б А ХХК-д холбогдуулан гаргасан 000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,462 төгрөг 50 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА