Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03139

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03139

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ......... тоот хаягт байрлах, С СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Б овогт Б.Ж /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, алдангид 7.695.000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ж манай СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгө болох 34 дүгээр байрны подволийг түрээсэлдэг бөгөөд 2013 оны 1 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийн хамт 7.695.000 төгрөгийн өртэй байна. СӨХ-ны зүгээс Б.Ж-аас удаа дараа түрээсийн төлбөр шаардаж байсан ч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Б.Ж гэрээ байгуулахдаа 34 дүгээр байрны 130 тоотод амьдардаг, оршин суугч гэж гэрээ байгуулсан. 2017 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ноос Б.Ж-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2 удаа иргэний хэрэг үүсгэсэн ч хариуцагч хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй, хаягтаа байдаггүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байсан. 2019 оны 5 дугаар сард Б.Ж-ы хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хорооны засаг даргаар бүртгэлгүй гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж, бид нарын ажилд хохирол учруулсан. 2015 онд Б.Ж-тай түрээсийн гэрээ байгуулахдаа сарын төлбөр 90.000 төгрөг байхаар тохирсон. Үүнээс хойш инфляц, төгрөгийн ханштай холбогдуулан түрээсийн төлбөр нэмэгдсэн. Б.Ж-ы түрээсэлсэн талбайг бусдад доод тал нь 300.000 төгрөгөөр түрээслэх боломжтой, түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийх боломжийг 3-4 жил хариуцагч хаасан. Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байгаа ч манай талаас хугацааны өмнө түрээсийн гэрээг цуцалж, Б.Ж-аас түрээсийн төлбөрт 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 57 сарын төлбөрт 5.130.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2.565.000 төгрөг, нийт 7.695.000 төгрөг гаргуулж, подвольд Б.Ж даахын аргагүй хүнд тоног төхөөрөмж байрлуулсан учраас гаргах боломжгүй байгаа тул Баянгол дүүргийн ................. дүгээр орцны подволийг бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  С СӨХ-ны гүйцэтгэх захирал байсан гэх Г.Э-ыг СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрчилсөн баримт хэрэгт ирээгүй байна. Иймд одоогийн байдлаар С СӨХ-д Ү.Т Г.Э гэх 2 гүйцэтгэх захирал нэгэн зэрэг ажиллаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Ү.Т С СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ү.Тунгалагтуя С СӨХ-ны Удирдах зөвлөлтэй гэрээ хийсэн байх ба уг гэрээнд гүйцэтгэх захирлын эрх үүргийг тусгасан байна. Уг гэрээний 3.4-т Монгол улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасан байна. Гэрээний 3.4-өөр гүйцэтгэх захирлын шүүхэд төлөөлөх эрхийг Иргэний хуулийн 148.2, ... 149.2-оор хязгаарласан байна. Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний заалт, түүнээс тогтоож өгсөн хүрээ хязгаараас хальж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Ү.Тг шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэй этгээд хэмээн үзэх нь учир дутагдалтай. Төлөөлөх эрхтэй гэх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт хэмээн үзэхээргүй байна. С СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын зүгээс гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрт Бүх гишүүдийн хурлын саналыг үндэслэн Ү.Т-г гүйцэтгэх захирлаар томилсон тухай дурьдсан байна. Бүх гишүүдийн хурал хуралдаагүй санал гаргаагүй байхад Удирдах зөвлөл дангаараа гүйцэтгэх удирдлагыг сонгосон нь хууль бус байна. Түүнээс гадна өмнөх гүйцэтгэх захирал Г.Э-ыг өөрчлөлгүйгээр Ү.Т-г гүйцэтгэх удирдлагаар давхардуулан томилсон нь мөн хууль бус байна. С СӨХ-ны Удирдах зөвлөлөөс олгосон хэлцэл хийх эрхийн хэрээг Дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хадгалах талаар засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллага хувь хүмүүстэй гэрээ байгуулах... хэмээн тодорхойлж хязгаар тогтоосон байна. СӨХ-ны өмч хөрөнгийг түрээслэх гэх мэтээр захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй байна. Түүнээс гадна Г.Э С СӨХ-ны гүйцэтгэх захирал байсныг нотолсон баримт хэрэгт ирээгүй учир шууд СӨХ-г төлөөлөх эрхтэй байсан хэмээн дүгнэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Иймд дүгнэлтийг үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хэмээн үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С СӨХ нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр төгрөг, алдангид төгрөг, нийт 7.695.000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С СӨХ нь хариуцагч Б.Ж-тай 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн хариуцан эзэмшдэг Баянгол дүүргийн ............... дүгээр орцны подволийн давхарт байрлах 60 м.кв талбай бүхий объектыг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрийн зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар, сарын төлбөр нь 90.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, СӨХ-ны тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нь гэрээнд зурсан гарын үсэг минийх биш, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэрээ байгуулсан, би тус талбайг ашигладаггүй, дээрх подволийн давхар нь өөр хүний өмчлөлд байдаг тул нэхэмжлэгч түүний өмнөөс шаардах эрхгүй гэж зөрүүтэй татгалзал гаргасныг дараах байдлаар үндэслэлгүй байна.

Б.Ж-тай гэрээ байгуулах үед С СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.Э ажиллаж байсан байх бөгөөд СӨХ-г төлөөлж, Г.Э гэрээ байгуулсан байх тул түрээслүүлэгчийн төлөөлсөн этгээд нь эрх бүхий этгээд байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар орон сууцны доод хонгил буюу подволийн давхар нь дундын өмчлөлийн зүйлд хамаарах бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж зааснаар тухайн нийтийн зориулалттай орон сууцны СӨХ нь дээрх дундын өмчлөлийн хөрөнгийн эзэмшил, ашиглалтын хариуцахаар байна.

Иймээс хариуцагчийн өмчлөгч нь иргэн бөгөөд СӨХ шаардах эрхгүй гэх тайлбар дээрх хуулийн заалтуудаар үндэслэлгүй байна.

Хэдийгээр хариуцагч нь тус подволийн давхарт байрлах талбайг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч түрээсийн гэрээг цуцлах талаар санал гаргаагүй, түрээсийн талбайг өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй, эд хөрөнгө нь байрлаж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ., мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж зааснаар түрээсийн талбайг чөлөөлөх хүртэл хугацааны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Түрээслэгч Б.Ж нь түрээсийн зүйлийг ашиглах хугацаандаа түрээсийн төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээсийн зүйлийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэрээг цуцлах хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаа хамаарна гэж байх тул нийт 57 сарын түрээсийн төлбөр 5.130.000 төгрөг болох ба гэрээний 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтад Засвар үйлчилгээний хөлсийг хугацаа хожимдуулсан хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу 2.565.000 төгрөгийн алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Иймд хариуцагч Б.Ж-ы эзэмшил ашиглалтаас түрээсийн талбайг чөлөөлж, ашигласан хугацааны түрээсийн төлбөр болон хугацаа хэтрүүлсэн анзын гэрээний үүрэгт 7.695.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С СӨХ-нд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас илүү төлснийг буцаан олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж-аас 7.695.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С СӨХ-нд олгож, Баянгол дүүргийн ............... дүгээр орцны подволийн давхарт байрлах 60 м.кв талбайг чөлөөлөхийг хариуцагч Б.Ж-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.590 төгрөгөөс 208.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6.320 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 208.270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ