Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01193

 

  

 

Сод-34 СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03139 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр магадлалтай,

 

Сод-34 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Б.Жаргалсайханд холбогдох,

 

Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, алдангид 7,695,000 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Тунгалагтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Жаргалсайхан манай СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгө болох 34 дүгээр байрны подволийг түрээсэлдэг бөгөөд 2013 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийн хамт 7,695,000 төгрөгийн өртэй байна. СӨХ-ны зүгээс Б.Жаргалсайханаас удаа дараа түрээсийн төлбөр шаардаж байсан ч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Б.Жаргалсайхан гэрээ байгуулахдаа 34 дүгээр байрны 130 тоотод амьдардаг, оршин суугч гэж гэрээ байгуулсан. 2017 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ноос Б.Жаргалсайханд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2 удаа иргэний хэрэг үүсгэсэн ч хариуцагч энэ хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй, хаягтаа байдаггүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байсан. 2019 оны 5 дугаар сард Б.Жаргалсайханы хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хорооны засаг даргаар бүртгэлгүй гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж, бид нарын ажилд хохирол учруулсан. 2015 онд Б.Жаргалсайхантай түрээсийн гэрээ байгуулахдаа сарын төлбөр 90,000 төгрөг байхаар тохирсон. Үүнээс хойш инфляци, төгрөгийн ханштай холбогдуулан түрээсийн төлбөр нэмэгдсэн. Б.Жаргалсайханы түрээсэлсэн талбайг бусдад доод тал нь 300,000 төгрөгөөр түрээслэх боломжтой. Түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийх боломжийг 3-4 жил хариуцагч хаасан. Түрээсийн гэрээний хугацаа 2019.12.31-ний өдөр дуусахаар байгаа ч манай талаас хугацааны өмнө түрээсийн гэрээг цуцалж, Б.Жаргалсайханаас 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 57 сарын төлбөрт 5,130,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2,565,000 төгрөг, нийт 7,695,000 төгрөг гаргуулж, подвольд Б.Жаргалсайхан даахын аргагүй хүнд тоног төхөөрөмж байрлуулсан8 гаргах боломжгүй байгаа тул Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Сод 34 СӨХ-ны харьяа 34 дүгээр байрны 4 дүгээр орцны подволийг бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сод-34 СӨХ-ны гүйцэтгэх захирал байсан гэх Г.Энхжаргалыг СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрчилсөн баримт хэрэгт ирээгүй байна. Иймд одоогийн байдлаар Сод-34 СӨХ-д Ү.Тунгалагтуяа Г.Энхжаргал гэх 2 гүйцэтгэх захирал нэгэн зэрэг ажиллаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Ү.Тунгалагтуяа Сод-34 СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ү.Тунгалагтуяа Сод-34 СӨХ-ны Удирдах зөвлөлтэй гэрээ хийсэн байх ба уг гэрээнд гүйцэтгэх захирлын эрх үүргийг тусгасан байна. Уг гэрээний 3.4-т Монгол улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасан байна. Гэрээний 3.4-өөр гүйцэтгэх захирлын шүүхэд төлөөлөх эрхийг Иргэний хуулийн 148.2, 149.2-оор хязгаарласан байна. Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний заалт, түүнээс тогтоож өгсөн хүрээ хязгаараас хальж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Ү.Тунгалагтуяаг шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэй этгээд хэмээн үзэх нь учир дутагдалтай. Төлөөлөх эрхтэй гэх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт хэмээн үзэхээргүй байна. Сод-34 СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын зүгээс гаргасан 2018.04.10-ны өдрийн шийдвэрт Бүх гишүүдийн хурлын саналыг үндэслэн Ү.Тунгалагтуяаг гүйцэтгэх захирлаар томилсон тухай дурдсан байна. Бүх гишүүдийн хурал хуралдаагүй, санал гаргаагүй байхад Удирдах зөвлөл дангаараа гүйцэтгэх удирдлагыг сонгосон нь хууль бус байна. Түүнээс гадна өмнөх гүйцэтгэх захирал Г.Энхжаргалыг өөрчлөлгүйгээр Ү.Тунгалагтуяаг гүйцэтгэх удирдлагаар давхардуулан томилсон нь мөн хууль бус байна. Сод-34 СӨХ-ны Удирдах зөвлөлөөс олгосон хэлцэл хийх эрхийн хэрээг Дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хадгалах талаар засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллага хувь хүмүүстэй гэрээ байгуулах... хэмээн тодорхойлж хязгаар тогтоосон байна. СӨХ-ны өмч хөрөнгийг түрээслэх гэх мэтээр захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй байна. Түүнээс гадна Г.Энхжаргал Сод-34 СӨХ-ны гүйцэтгэх захирал байсныг нотолсон баримт хэрэгт ирээгүй учир шууд СӨХ-г төлөөлөх эрхтэй байсан хэмээн дүгнэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Иймд дүгнэлтийг үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хэмээн үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03139 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Жаргалсайханаас 7,695,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сод-34 СӨХ-нд олгож, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 4 дүгээр орцны подволийн давхарт байрлах 60 м.кв талбайг чөлөөлөхийг хариуцагч Б.Жаргалсайханд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,590 төгрөгөөс 208,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6,320 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 208,270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Сод-34 СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 56,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сод-34 СӨХ-той холбоотой засвар үйлчилгээ хийлгэх гэрээ хэлцэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас 2,565,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх алданги нэхэмжилснийг үндэслэл бүхий хэмээн үзэж Б.Жаргалсайханаас 2,565,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдээд байгаа 7,695,000 төгрөгөөс 2,565,000 төгрөгийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үндэслэлгүйгээр тогтоон шийдвэрлэсэн 2,565,000 төгрөгийг хасан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Сод-34 СӨХ хариуцагч Б.Жаргалсайханд холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, алдангид 7,695,000 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2015.01.02-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээ байгуулж, тус гэрээгээр хөлслүүлэгч Сод-34 СӨХ дундын өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны подвалийг сүлжмэл, нэхмэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 5 жилийн хугацаатай хөлслөх, хөлслөгч Б.Жаргалсайхан сар бүрийн 01-05-ны дотор 90,000 төгрөгийг гэрээнд заасан дансанд төлж байхаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дундын эд хөрөнгийн нэг хэсгийг бусдын эзэмшил, ашиглалтад түр хугацаагаар шилжүүлэхээр, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь маргаантай харилцааг буруу тодорхойлсноос хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дээрх алдааг засах боломжтой тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээх тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх зохицуулалт гэж үзнэ.

 

Шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, тэрээр Сод-34 СӨХ-г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь нотлогдсон талаар хийсэн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.-т зааснаар хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол хөлслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд аль нэг тал гэрээнээс татгалзвал гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч 2015 оны 01 сараас нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашиглаж, өөрийн эзэмшилд байлгаж байсан боловч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

 

Зохигч гэрээг бичгээр байгуулж, гэрээнд анзын талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 232.4. дэх заалтыг зөрчөөгүй тул хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчийн маргаж буй эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

 

2.   Хариуцагч Б.Жаргалсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагч талаас Сод-34 СӨХ-той засвар үйлчилгээ хийлгэх гэрээ хэлцэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 2,565,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. ...иймд 2,565,000 төгрөгийг хасч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

 

Талууд Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээ нэртэй гэрээ байгуулж, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ, гэрээ агуулгаараа эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан, гэрээнд анзын талаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй тул алдангийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03139 дүгээр Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх хэсэгт зааснаар гэснийг ...287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяраас 2020.02.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД