Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02943

 

2021 оны 12 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2021/02943 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:  дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-43, төв байранд байрлах, дахь банкны эрх хүлээн авагч /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч:  дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг,  хотхон 14/1 байр, 4 тоот хаягт оршин суух, Харгана овогт зэвэгийн  /РД:/-д холбогдох,

 

 

 

 дүүрэг, 17-р хороо, 7-р хэсэг,  хотхон 14-1 байр 4 тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 237 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын 237 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш тооцож, сарын төлбөрийг 3 000 000 төгрөг гэж үнэлээд 237 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Чөлөөлүүлэх тухай шаардлагын хувьд өр төлбөр барагдуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт өр төлбөртөө тооцуулахаар дарааллын дагуу үл хөдлөх эд хөрөнгөө санал болгоход, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар үүнийг хүлээн зөвшөөрч шилжүүлэхээр тохиролцсон тул хөрөнгөө шилжүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.аас  дүүрэг, 17 дугаар хороо, 7 хэсэг,  хотхон 14-1 байр 4 тоот хаягт байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, тус орон сууцанд суусны төлбөрт 237 000 000 төгрөг гаргуулж өгнө үү? гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Капитал банкинд өр төлбөрт тооцогдон төлөхөөс өмнө төлбөр төлөгч н.Баатарцогт гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Үүнээс өмнө н.Сэр-Од гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гарсан. Энэ нь ямар учиртай юм бэ? гэхээр Капитал банкинд төлөх төлбөрийг н.Баатарцогт, н. нар нь хариуцан төлнө гэсэн шийдвэр гарсан байдаг. Хэрвээ н.Баатарцогт нь төлбөрөө төлсөн бол үл хөдлөх хөрөнгө нь иргэн н.Сэр-Одын өмчлөлд очих ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэлээн чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч сая хангагдаагүй. Энэ нь ямар нотлох баримт вэ? гэхээр анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар төлбөр авагчид санал болгосон. Гэтэл төлбөр авагч нь 2013 оны 10 сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрийг зөрчөөд төлбөрт тооцуулах хүсэлтээ гаргасан байдаг. Тэгэхээр энэ шүүгчийн захирамжийг н.Баатарцогт нь зөрчөөд хүсэлт гаргаж. Үл хөдлөх хөрөнгө Капитал банк ХХК-д шилжсэн үйл баримт байдаг. 2005 оноос хойш хариуцагч Д. гэх этгээд нь энэ орон сууцны төлбөр тооцоог төлж, үйл ажиллагаатай холбоотой бүх төлбөрийг төлөөд өнөөдрийг хүртэл 16 жил амьдарч байна. 2015 онд шүүхийн шийдвэр гарснаас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч Д. нь хэд хэдэн шүүхийн шийдвэрийг гаргуулсан байдаг. Жишээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бусаар явагдсан, үл хөдлөх хөрөнгийг Капитал банк ХХКд шилжүүлэх тухай хурлын тогтоолыг хүчингүй болгуулах зэргээр хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 237 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд бол түрээсийн төлбөр гэж тодорхойлж байна. Түрээсийн төлбөр нь иргэний эрх зүйд бол талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл байх ёстой, бичгээр хийгдсэн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл талуудын хооронд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул хариуцагч нь үүрэг хүлээхгүй байна. Иймд 237 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.ад холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй,  дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 14/1 байрны 04 тоот, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, тус орон сууцанд оршин суусан хугацааны төлбөрт 237 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

 

Нийслэлийн  дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос зээлийн гэрээний үүрэгт 358 979 000 төгрөгийг гаргуулан Капитал банкинд олгож, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй  дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг  хотхон 14/1 байрны 04 тоот хаягт байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

 

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлж, улмаар маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг  хотхон 14/1 байрны 04 тоот хаягт байрлах, 252 м.кв бүхий 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Капитал банк ХХК-д шилжин, 2015 оны 02 сарын 18-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэн, 00386641 дугаар гэрчилгээ авсан байна.

 

 

 

Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т банкны эрх хүлээн авагч банкийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.ад маргааны зүйл болох орон сууцыг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 06 сарын 18-ны 1064 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

 

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан ба эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 14/1 байрны 04 тоот, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагч нь бусдын хууль бус эзэмшлээс тухайн орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхтэй гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 14/1 байрны 04 тоот, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцаан өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

 

 

Нэхэмжлэгч ...хариуцагчаас 2015 оны 02 сараас хойш хугацаанд маргааны зүйл болох орон сууцад суусны төлбөрт 237 000 000 төгрөг гаргуулна... гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч банк маргаан бүхий орон сууцнаас шаардаж буй хэмжээний үр шимийг олох ёстой байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 14/1 байрны 04 тоот, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч дахь банкны эрх хүлээн авагчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ