Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00417

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00417

 

К-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох Хан-Уул дүүрэг, 17-р хороо, 7-р хэсэг, Андууд хотхон 14-1 байр 4 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх, 237,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, Т.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №1795 дугаар шийдвэрээр Д.Баатарзоригоос 358,779,000.00 төгрөгийг гаргуулж К- ХХК-д олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Д.Баатарзориг нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул анхны болон хоёрдогч дуудлага худалдааг зохион байгуулсан боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/3085 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандаж барьцаа хөрөнгийг К- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000386641 дугаар бүхий гэрчилгээ гарч К- дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Иймд Д.Г- нь өнөөдрийн хүртэл хугацаанд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, Андууд хотхон 14/1 байрны 4 тоот хаягт байршилтай 252 м.кв 8 өрөө орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгааг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн гэж үзэж байна. Иймд:

1а. Хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү.

1б. Тус орон сууцанд оршин сууж, түүний үр шимийг олж авсны төлбөрт сарын 3,000,000 төгрөгөөр тооцож, 237,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь К-инд өр төлбөрт тооцогдон төлөхөөс өмнө төлбөр төлөгч Д.Баатарзоригийн нэр дээр бүртгэлтэй байсан. К-инд төлөх төлбөрийг Д.Баатарзориг, н.Ганбат нар хариуцан төлөхөөр шийдвэр гарсан бөгөөд Д.Баатарзориг төлбөрөө төлсөн бол үл хөдлөх хөрөнгө нь иргэн н.Сэр-Одын өмчлөлд очих ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэлээн чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хангагдаагүй. Үл хөдлөх хөрөнгө К- ХХК-д шилжсэн үйл баримт байдаг. 2005 оноос хойш хариуцагч Д.Г- гэх этгээд нь энэ орон сууцны төлбөр тооцоог төлж, үйл ажиллагаатай холбоотой бүх төлбөрийг төлөөд өнөөдрийг хүртэл 16 жил, 2015 онд шүүхийн шийдвэр гарснаас хойш мөн амьдарч байна. Талуудын хооронд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул хариуцагч үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 14/1 байрны 04 тоот, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К-ийн ийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч шүүхэд Тэнхлэг зууч ХХК-аас авсан нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарах орон сууц хөлслүүлэх үнэ ханшийн мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй. Хариуцагч орон сууцанд суусан хугацаанд өөрөөс гарах байсан зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

6. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 1347 дугаар захирамжаар Д.Баатарзориг 130,000,000 төгрөг, Д.Г- 185,000,000 төгрөгийг К--д төлөхөөр эвлэрч, эвлэрлийг шүүгч баталгаажуулсан байдаг. Энэхүү захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбар гаргасан байдаг. Хариуцагчаас ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу уг маргаан бүхий иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хангаж шийдвэрлээгүй нь хариуцагчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Тухайн хүсэлтүүдийг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангаж шийдвэрлэснийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15808 дугаар захирамжид тодорхой дурдсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээд хянаж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч К-ийн нь хариуцагч Д.Г-ад холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 14/1 байрны 04 тоот, 252 м.кв талбайтай, 8 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, тус орон сууцанд оршин суусан хугацааны төлбөрт 237,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К- ХХК-ийг албадан татан буулгаж, мөн өдрийн А-97 тушаалаар банкны эрх хүлээн авагч томилогдсон байна. /хх 5-10/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч К-ийн ийг хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Баатарзоригийн хүсэлтээр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагч К- ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон, улмаар маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг Андууд хотхон 14/1 байрны 04 тоот хаягт байрлах, 252 м.кв бүхий 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр К- ХХК-д шилжиж, 00386641 дугаартай гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх11-15/

  Иймд К-ны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасан эрхийн хүрээнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

  Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч Д.Г-ыг бусдын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүх бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

5. Нэхэмжлэгч К-ийн нь хариуцагчаас 237,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууцанд оршин сууж, түүний үр шимийг олж авсны төлбөрт сарын 3,000,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр гаргуулна гэж тайлбарласан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хариуцлага хүлээхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ. Нэхэмжлэгч тал энэ нэхэмжлэлийн шаадлагаа нотлохоор Тэнхлэг зууч ХХК-ийн тодорхойлолтыг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. Уг тодорхойлолтод Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн үнийн мэдээллийг агуулсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг энэ хэмжээгээр орлого олж, маргаан бүхий орон сууцнаас үр шим хүртэх байсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Хариуцагч Д.Г- нь анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан /хх-26/, хариуцагч талд шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, нотлох баримт гаргах боломжит хугацаа олгосон /хх-36, 51/ байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН