Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/01329

 

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/01329

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, ........... овогт .............ын .......... /РД: ......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... тоотод оршин байх, .......... ХХК /РД: .............../-д холбогдох,

 

Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С..........., хариуцагчийн төлөөлөгч Б............, гэрч Н............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С...........гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр миний фэйсбүүк хаяг руу .......... ХХК-ийн ажилтан Н............. Сайн байна уу, чамд хэлэх чухал зүйл байна, залгаарай гэх зурвас үлдээснээр энэ залилан эхэлсэн. Би ажлаа тараад гайхаад асуутал чамд Солонгосын олон удаагийн визтэй болоход ганцхан удаагийн виз дутуу байгаа биз дээ, Гванжу хотын захиргааны дэмжлэгтэйгээр виз 100 хувь гарна, эмнэлгийн шинжилгээ, 2 талын тийз багтаад 2,800,000 төгрөг болно, чамд ашигтай гээд байн байн яриад, чат бичээд байхаар би итгээд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголд ирээд маргааш нь 27-нд .......... ХХК-ийн ахлах Н.............тэй уулзаад аялалд хамрагдахаар болж материалаа өгөөд, буцаж ирэх баталгаа болгож 7,000,000 төгрөгийг тухайн компанийн дансанд байршуулаад урьдчилгаанд 500,000 төгрөгийг ахлах Н.............т бэлэн өгсөн. Гэтэл Солонгосын консулаас намайг дуудаж та өмнө нь 3 удаа өөрөө визээ мэдүүлж явсан байж яагаад энэ компаниар зуучлуулж байгаа юм, ийм компанийг манайх мэдэхгүй, ийм хөтөлбөр ч байхгүй, мөнгөө хурдан олж аваарай гээд зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар надад виз олгохоос татгалзсан байсан. Ингээд тус компани нь миний 7,000,000 төгрөгийг дансандаа сар шахуу байршуулаад буцааж өгсөн. Бид гэрээ байгуулах үед гэрээнд 175,000 воныг суутгана гэсэн байсныг асуухад чамд хамаагүй ээ гэж хэлж байсан. Иймд .......... ХХК-иас 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч .......... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Б............гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан Энэтхэг, Япон, Солонгос, Америкийн нэгдсэн улсуудад эрүүл мэндийн болон аялалын визээр зорчих гэж байгаа иргэдэд виз, тийз, орчуулагч, эмнэлгийн цаг товлох зэрэг үйлчилгээг үзүүлэгч түр оператор компани юм. С........... нь 2016 оноос эхлэн утсаар болон фэйсбүүк чатаар мөн өөрийн биеэр манай компани дээр ирж уулзан виз мэдүүлгийн талаар үнэгүй зөвлөгөө авч байсан. Тэрээр нэхэмжлэлдээ биднийг залилан хийсэн гэж гүжирдсэн байна. Манай компани нь үйлчлүүлэгчээ залилаагүй, Солонгосын аялал жуулчлалын газраас өөрийн орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах Хангүг аялал 1 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд Солонгос улсын томоохон хотуудын нэг Гванжу хотын захиргаа болон эрүүл мэнд, аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр Гванжу хотын хөтөлбөрт аялалыг манай компани зарласан байсан. Ингээд бид төсөл хэрэгжүүлэгч бусад компаниудын хамт аялалд хамрагдах хүмүүсийн визний материалыг Солонгосын элчин сайдын яаманд мэдүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр .............ын ..........гийн визний хариу татгалзсан гэж гарсан.

 

Хөтөлбөрийн нэг гол шалгуур нь тухайн иргэний ам бүлийн дотроос хэн нэгэн хүн Солонгос улсад оршин суугаагүй, аялагч нь виз мэдүүлгийн хувьд ямар нэгэн зөрчилгүй, Солонгос улсад 2 болон түүнээс дээш удаа зорчиж байсан байх гэж заасан өгсөн. Гэтэл С...........гийн ээж нь тус улсад одоо хүртэл хууль бусаар оршин суудаг, мөн С........... нь өмнө нь 3 удаа тус улсад зорчиж байсан боловч сүүлчийн визний мэдүүлгээ авахдаа зорчих зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар виз олгохоос татгалзагдсан байсныг нь манай менежер Ц............. материалыг нь бэлтгэж өгч 3 дахь виз нь гарч, тэрээр Солонгос улсад зорчоод ирсэн. Иймд дээрх шалтгаанаар түүнд виз олгохоос Солонгосын тал татгалзсан байх магадлалтай.

 

Үйлчлүүлэгч С........... нь манай компанитай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6-004/17 дугаартай Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 6 дугаар зүйлд Харилцан хүлээх хариуцлага-ын 4-т Урьдчилан захиалга хийх зохион байгуулалтын зардал болох 175,000 вон болон түүнтэй тэнцэх төгрөг нь дотоод үйл ажиллагааны зардал болох бөгөөд визний хариунаас үл шалтгаалан буцааж олгогдохгүй болно гэснийг үйлчлүүлэгч С........... нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрөө гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Тус компанийн захирал Б............ би үйлчлүүлэгч С...........д барьцааны 7,000,000 төгрөг, мөн гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөнөөс 115,000 төгрөгийг өөрийн биеэр буцаан өгөхөд 7,000,000 төгрөгийг авч, үлдэх 115,000 төгрөгийг өөдөөс шидэж орилж хашгирч амгалан тайван байдал алдагдуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 115,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 385,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С........... нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулж аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаан төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 115,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 385,000 төгрөгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь хариуцагчтай сайн дурын үндсэн дээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд визний хариунаас үл шалтгаалан урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс 175,000 воныг эргүүлж өгөхгүй гэж заасан байгаа гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр нэхэмжлэгч С........... Бүгд Найрамдах Солонгос улсын Гванжу хотоор аялангаа эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахаар урьдчилгаанд 500,000 төгрөг төлөх, мөн барьцаанд 7,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний өөрийн болон батлан даагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа гаргахаар хариуцагч .......... ХХК-тай харилцан тохиролцож гэрээг байгуулсан болон гэрч Н.............ийн мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан.

 

Нэхэмжлэгч С........... нь дээрх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд С...........г хөтөлбөрт хамруулж, Бүгд Найрамдах Солонгос улсын Гванжу хотоор аялангаа эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамруулахаар хариуцагч .......... ХХК нь шаардлагатай материалыг бүрдүүлэн Бүгд Найрамдах Солонгос улсын Монгол дахь Элчин сайдын яаманд хүргүүлсэн боловч зорчих зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар виз олгогдоогүй, мөн нэхэмжлэгч С........... нь урьчилгаанд 500,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан Аялалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.4-д Урьдчилсан захиалга хийх зохион байгуулалтын зардал болон урилганы төлбөр болох 175,000 вон болон түүнтэй тэнцэх төгрөг нь дотоод үйл ажиллагааны өртөг болох бөгөөд визний хариунаас үл шалтгаалан эргэж олгогдохгүй болно гэж заасан байх бөгөөд гэрээний энэхүү заалтыг нэхэмжлэгч С........... хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Иймд гэрээний урьдчилгаанд нэхэмжлэгч С...........гаас төлсөн 500,000 төгрөгөөс 175,000 вон буюу /гэрээ байгуулах үед Бүгд Найрамдах Солонгос улсын 1 вон 2.2 төгрөг, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа/ 385,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй, харин хариуцагч .......... ХХК нь үлдэгдэл 115,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иймд харицагч .......... ХХК-иас 115,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......... ХХК-иас 115,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР