Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01504

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01329 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.З,

Хариуцагч “Ю” ХХК-д холбогдох,

Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гармаасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Ю” ХХК-ийн ахлах менежер Н.Буяндэлгэр миний фэйсбүүк хаяг руу “Сайн байна уу, чамд хэлэх чухал зүйл байна, залгаарай” гэсэн зурвас үлдээсний дагуу асуутал чамд БНСУ-ын Гванжу хотын захиргааны дэмжлэгтэйгээр виз 100 хувь гарна, эмнэлгийн шинжилгээ, 2 талын тийз багтаад 2 800 000 төгрөг болно, чамд ашигтай гэсэн хариу өгсөн. Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Ю” ХХК-ийн ахлах менежер Н.Буяндэлгэртэй уулзаад аялалд хамрагдахаар болж материалаа өгөөд, буцаж ирэх баталгаа болгож 7 000 000 төгрөгийг тухайн компанийн дансанд байршуулж, урьдчилгаанд 500 000 төгрөгийг Н.Буяндэлгэрт бэлнээр өгсөн. Гэтэл Солонгосын консулаас зорилго тодорхойгүй гэсэн шалтгаанаар надад виз олгохоос татгалзсан байсан. Ингээд тус компани нь миний 7 000 000 төгрөгийг дансандаа сар гаруйн хугацаанд байршуулаад буцааж өгсөн. Иймд “Ю” ХХК-иас урьдчилгаанд төлсөн 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ю” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.З нь 2016 оноос эхлэн утас, фэйсбүүк чат болон өөрийн биеэр манай компани дээр ирж уулзан виз мэдүүлгийн талаар үнэгүй зөвлөгөө авч байсан. Манай компани аялалд хамрагдах хүмүүсийн визний материалыг Солонгосын элчин сайдын яаманд мэдүүлсэн ч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Згийн визний хариу татгалзсан гэж гарсан.

БНСУ-ын “Хангүг аялал-1” хөтөлбөрийн нэг гол шалгуур нь тухайн иргэний ам бүлийн дотроос хэн нэгэн хүн Солонгос улсад оршин суугаагүй, аялагч нь виз мэдүүлгийн хувьд ямар нэгэн зөрчилгүй, Солонгос улсад 2 болон түүнээс дээш удаа зорчиж байсан байх гэж заасан. Гэтэл С.Згийн ээж нь тус улсад одоо хүртэл хууль бусаар оршин суудаг, мөн С.З нь өмнө нь 3 удаа тус улсад зорчиж байсан боловч сүүлчийн визний мэдүүлгээ авахдаа зорчих зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар виз олгохоос татгалзсан байсан. Иймд дээрх шалтгаанаар түүнд виз олгохоос Солонгосын тал татгалзсан байх магадлалтай.

С.З нь манай компанитай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6-004/17 дугаартай “Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээний 6.4-т урьдчилан захиалга хийх зохион байгуулалтын зардал болох 175 000 вон болон түүнтэй тэнцэх төгрөг нь дотоод үйл ажиллагааны зардал болох бөгөөд визний хариунаас үл шалтгаалан буцааж олгогдохгүй болно гэснийг үйлчлүүлэгч С.З нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 115 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 385 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 115 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ю” ХХК нь намайг төөрөгдөлд оруулж БНСУ руу саадгүй явуулж өгнө гэж гэрээ хийж 500 000 төгрөгийг бэлнээр аваад уг компанийн жуулчлах ажиллагаа явуулж хууль бус болсноос миний бие БНСУ руу явж чадахгүй болсон. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор дүгнэлт хийхгүй С.З намайг гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан мэтээр 385 000 төгрөгөөр хохироож байгаа нь нэг талаар “Ю” ХХК-ийн эрх ашгийг илүүд үзэж тэдний залилан мэхлэх үйл ажиллагааг дэмжиж байгаа мэтээр миний гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаагүй буруу шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 385 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч С.З нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан “Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу урьдчилгаанд төлсөн 500 000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч визний хариунаас үл шалтгаалж 175 000 воныг эргүүлж өгөхгүй гэж тохиролцож гэрээ байгуулсан тул 175 000 вон буюу 385 000 төгрөгийг эргүүлж төлөхгүй, харин үлдэх 115 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч нь БНСУ-ын Аялал жуулчлалын газрын дэмжлэгтэй зохион байгуулагдаж байгаа “Хангүг аялал 2017-2018” хөтөлбөрийн хүрээнд Гванжу хотоор аялангаа эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд хамрагдах зорилгоор хариуцагч “Ю” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу үйлчлүүлэгч С.З нь БНСУ руу аялаад буцаж ирэх баталгаа болгож 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий өөрийн болон батлан даагчийн үл хөдлөх хөрөнгөөр барьцаа гаргах, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаанд 500 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, гэрээний дагуу 500 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч компаниас дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн визний материалыг бүрдүүлж БНСУ-ын Консулын газарт мэдүүлсэн ч “зорчих зорилго тодорхойгүй” гэх үндэслэлээр С.Згийн визийг олгохоос татгалзжээ.

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.4-т “урьдчилсан захиалга хийх зохион байгуулалтын зардал болон урилгын төлбөр болох 175 000 вон болон түүнтэй тэнцэх төгрөг нь дотоод үйл ажиллагааны өртөг болох бөгөөд визний хариунаас үл шалтгаалан  эргэж олгогдохгүй” гэж заасан, нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсныг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүлээн зөвшөөрч байгуулсан гэж үзнэ. Иймд 175 000 вон буюу 385 000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, шүүх хариуцагч “Ю” ХХК-иас 385 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 12 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ