Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 290

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар магадлалтай, А.А-д холбогдох 1721000230129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдол, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт А-гийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.А-г хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А-гаас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 18,950,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 66 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, А.А-гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Рекстон” загварын хх хх ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх А.А-гаас байгаль экологид учирсан хохирол болох 18,950,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь А.А дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгээгүй, харин уг ургамлыг улсын хилээр гаргахыг завдсан байхад энэ үйл баримтад шүүх буруу дүгнэлт хийж, дээр дурдсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У-гаас Б.Н-д олгосон итгэмжлэл, Эмийн ургамал нийлүүлэх гэрээ, Х сумын Засаг дарга Х.Х-гийн А/30 дугаар захирамж, гэрч Б.Н-ийн мэдүүлэг зэргээр А.А нь ургамлыг зохих зөвшөөрөлтэй түүж бэлтгэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар экологи эдийн засгийн үнэлгээний хохирлыг гаргах үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс А.А-гийн өвчтэй эхийнхээ хагалгааны зардалд зориулж уг ургамлыг БНХАУ руу арай өндөр үнэлгээгээр гаргах санаа зорилготой явж байсан асуудлыг хүндрүүлж эсрэг шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.А-г байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэсэн ойлголтоор хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Харин улсын яллагч болон анхан шатны шүүх А.А-г ургамал бэлтгэх зохих зөвшөөрөлтэй гэж дүгнэсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж ирүүлээгүй. Давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хэлсэн саналдаа “...Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Магадлалыг бүхэлд нь, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж гаргасан эсэргүүцэлдээ “...Магадлалд “А.А-г зөвхөн Улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн ирүүлж, хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдсэн хэргийг /зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн/ орхигдуулсан” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа” гэж тодорхойлж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт байгаль орчны улсын байцаагч П.Г-гийн дүгнэлтэд “дэрэвгэр жиргэрүү” байгалийн ховор ургамлын өвсийг “хориглосон бараа” гэж маш тодорхой зааж өгсөн байна. Харин прокурорын яллах дүгнэлтэд “хориглосон бараа” гэж оруулж өгөөгүй техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зөвтгөн “хориглосон” гэж оруулж өгсөн нь хууль зөрчөөгүй, харин яллах дүгнэлтэд залруулга хийлгэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ховор ургамлын үндсийг зохих зөвшөөрөлтэйгөөр түүсэн болох нь гэрч Б.Н-ийн мэдүүлэг, “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.У-гаас Б.Н-д олгосон итгэмжлэл, Эмийн ургамал нийлүүлэх гэрээ, Х сумын Засаг дарга Х.Х-гийн А/30 дугаар захирамж зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг дэмжиж байна. Хууль болон Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарласан бараа гэж яллах дүгнэлтэд тусгаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл шүүгдэгч хориглосон бараа гэдгийг мэдэж байсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зохих зөвшөөрөлтэй ургамлыг түүж, компанидаа нийлүүлж байгаа нь хууль зөрчөөгүй, харин өөр зорилгоор хилээр нэвтрүүлж байгаа үйлдэлд дүгнэлт хийгээгүй нь прокурорын алдаа гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байна. Прокурорын эсэргүүцлийн нэг дэх заалтыг хүлээн авах үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:         

Анхан шатны шүүх шүүгдэгч А.А нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Х сумын нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны боомтоор өөрийн эзэмшлийн “Рекстон” загварын хх хх ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйнд “Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-д багтсан 75.8 кг ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-г нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг нууц, далд аргаар хил нэвтрүүлсэн А.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин А.А-г уг ховор ургамлыг түүж байгаль экологид 18,950,000 төгрөгийн хохирол учруулсан талаар хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, яллах дүгнэлтээс зөрүүтэй дүгнэлт хийсний улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь прокуророос А.А-г дээрх ховор ургамлыг хууль бусаар буюу зөвшөөрөлгүй түүсэн, түүнийгээ хадгалсан, тээвэрлэсэн талаар ямар нэг дүгнэлт хийж ирүүлээгүй, Эрүүгийн хуулиар хамгаалсан энэхүү харилцааг зөрчсөн гэж яллаагүй болно.

Тухайлбал, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Дэрэвгэр жиргэрүү” нэртэй байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлтэй түүсэн болох нь уг ургамлыг эмийн зориулалтаар түүх, бэлтгэх тухай Х сумын Засаг дарга Х.Х-гийн А/90 дүгээр захирамжаар “Х” ХХК-д олгосон зөвшөөрөл, ургамлыг бэлтгэх гэрээг байгуулсан Б.Н, түүнд олгосон итгэмжлэл, Б.Н А.А нарын хооронд байгуулсан түүж, бэлтгэн нийлүүлэх гэрээ зэргээр нотлогдож байх тул хилээр хууль бусаар нэвтрүүлсэн барааг хураан авсан нь зөв, харин байгаль экологид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх дүгнэлтүүд нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлох тул магадлалыг бүхэлд нь, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалт буюу А.А-гаас байгаль экологид учруулсан хохирлыг гаргуулах тухай заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар магадлалыг бүхэлд нь, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН