Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 35

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Иргэний нэхэмжлэгч Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч А.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт А.А холбогдогдох 1721000230129 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багт оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ө овогт А.А./РД: /

Шүүгдэгч А.А  нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны боомтоор өөрийн эзэмшлийн Рекстон маркийн ........ ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйнд нийт 75.8 кг дэрвэгэр, жиргэрүү өвсийг нууж улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Миний ээжийн бие муу болохоор аргагүй эрхэнд ийм зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Иргэний нэхэмжлэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Гаалийн улсын байцаагч Баттөгсийн илрүүлсэн энэ хэрэгт Дорнод аймаг дахь Гаалийн газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг таслан зогсоох нь манай байгууллагын үндсэн үүрэг учраас тухайн хэрэгт хураагдсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг улсын орлого болгох нь зүйтэй байх гэж үзэж байна... гэв.

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 тоот дүгнэлтэд:

“1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна.

2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно.

3.Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь түүж, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх явцад жингээ 50 хувиас 85 хувь алддаг.

4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 дүгээр сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.000 мянган төгрөг байдаг.

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 75.8 кг үндэс нь 3.790.000х5=18.950.000 /арван найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн шууд хохирол учруулсан байна” гэжээ. /хх-ийн 60-61 тал/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

-Зөрчлийн талаарх мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 5-р тал/

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлүүд, үзлэг хийсэн акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-23тал/

-Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28тал/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29-32тал/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37-41тал/

-Иргэний нэхэмжлэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-45тал/

-Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 49 тал/

-Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 51 тал/

-Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53тал/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 19тал/

- Гадаад паспорны хуулбар /хх-ийн 18тал/

- Үзлэг хийсэн акт, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 23/

- Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт Ховор ургамлын жагсаалт /хх-ийн 125тал/

- Эмийн үйлдвэр ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 78тал/

-Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /хх-ийн 79тал/

-Эмийн ургамал нийлүүлэх, худалдах гэрээ /хх-ийн 80 тал/

-Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын захирамж /хх-ийн 81тал/

- Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар 66 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө овогт А.А нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны боомтоор өөрийн эзэмшлийн Рекстон маркийн 38-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйнд нийт 75.8 кг дэрэвгэр, жиргэрүү өвсийг нууж улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч Д.У, Ж.Б, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 тоот дүгнэлтэд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч А.А холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  А.А Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.А хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч А.А нь байгаль экологид 18.950.000 /арван найман сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан тул гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 18.950.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ........ ДОР улсын дугаартай Рекстон маркийн 10.000.000 / арван сая/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хураан гэмт хэргийн хохиролд зарцуулах, эд мөрийн баримт болох 66 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.А эзэмшлээс  10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээтэй Рекстон маркийн ............ ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, баримтаар хураагдаж ирсэн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, 0115522 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, ...............ДОР дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

Шүүгдэгч Ө овогт А.А хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А орлогын боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А  гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 18.950.000 /арван найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 66 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, А-гийн  эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 10.000.000/ арван сая/ төгрөгийн үнэлгээтэй Рекстон маркийн 00-000 ДОР  улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

6. Хэрэгт  шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч А.Анхбаярын эзэмшлийн 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээтэй Рекстон маркийн 00-000 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, А.А  баримт бичгээр хураагдаж ирсэн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, .............. дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Рекстон маркийн .......... ДОР дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ