Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/03022

 

                                                                                                              

  2021 оны 12 сарын 15 өдөр

          Дугаар 183/ШШ2021/03022

Улаанбаатар хот                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ..........тоотод оршин суух Ховогт Нн Т /РД:......../-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..........тоотод оршин суух З овогт Д-ын Э /РД:........./-д холбогдох,            

            орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол 3.380.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.С, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Т нь Ремакс агентын зуучлагчаар дамжуулан Д.Этэй 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, сарын 1.600.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл тус орон сууц нь миний хүсэж байсан байршилд бус, Ремаксын агентын хэлсэнчлэн тохь тухтай, тавилга хэрэгсэл, телевиз, хажуудаа хүүхэд сургах сургууль, цэцэрлэг байхгүй байсан тул гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдэж гэрээгээ цуцалсан. Би тус байранд нэг хоног ч амьдраагүй. Дээр нь юнивишн төхөөрөмж авч тавьсан бөгөөд огт хэрэглээгүй хохирч байна. Мөн тус байрыг цэвэрлэгээний компаниар  цэвэрлүүлсэн бөгөөд 180.000 төгрөгийн хөлс төлсөн. Миний байрны түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн 11.200.000 төгрөгөөс 3.200.000 төгрөгийг буцааж өгөөгүй болно. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр  3.200.000 төгрөг, байр цэвэрлэгээний төлбөр  180.000 төгрөг, нийт 3.380.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаас багасгаад байр цэвэрлэгээний төлбөр 180.000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 3.200.000 төгрөгийг  нэхэмжилж байгааг хариуцагч  Д.Эөөс гаргуулж   өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Сшүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан боловч  нэхэмжлэгч Н.Тогтуур нь орон сууц хөлслөх гэрээг цуцлах хүсэлт гаргасныг хүлээн авч  хууль болон  гэрээнд заасан  журмаар цуцалсан. Тус гэрээний 3.6-д  хөлслөгч тал нь гэрээний хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал нь хөлслөгч талд олгохгүй  гэж заасан учир  барьцааг олгох үндэслэлгүй. Үлдсэн 1.600.000 төгрөг нь нэг сарын төлбөр бөгөөд орон сууц хөлслөх гэрээг цуцлахаар бол 30 хоногийн өмнө мэдэгдээд  гарахаар тохирсон учир уг төлбөрийг мөн буцаан олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Н.Тт  гэрээнээс ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Эы мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.Эд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол 3.380.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган орон сууцны гэрээний үүрэгт төлсөн 3.200.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 2.933.325 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 266.675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулагдаж,  нэхэмжлэгч Н.Тогтуур нь хариуцагч Д.Эийн Хан-Уул дүүргийн .................... тоот хаягт байршилтай, 153.5 м.кв талбайтай  4 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, барьцаанд 1.600.000 төгрөгийг авч, сарын 1.600.000 төгрөгөөр  хөлслөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар,  орон сууц хөлслөх, хөлслүүлэх  гэрээгээр тогтоогдож байна.

        Энэхүү гэрээ нь сууцны зориулалттай байшин, сууц, сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх,  хөлслөгч нь хэлэлцэх тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэсэн  орон сууц хөлслөх гэрээний үндсэн шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан  орон сууц хөлслөх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Дээрх орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Нэхэмжлэгч Н.Таас уг орон сууц нь тохь тухгүй, тавилга хэрэгсэл, телевиз байхгүй,  хажуудаа хүүхэд сургах сургууль, цэцэрлэггүй байсан  гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч уг орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч  орон сууцны  төлбөрт төлсөн 9.600.000 төгрөг, барьцаа  1.600.000 төгрөг, нийт 11.200.000 төгрөгөөс 8.000.000  төгрөгийг буцаан өгсөн, талууд энэ талаар мараагүй байна.

            Харин нэхэмжлэгч Н.Т нь тухайн орон сууцанд нэг хоног ч амьдраагүй амьдраагүй атал  1 сарын түрээсийн төлбөр 1.600.000 төгрөг, барьцаа 1.600.000 төгрөг төгрөгийг буцаан өгөөгүй  гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Эөөс  орон сууцны гэрээний үүрэгт төлсөн 3.200.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Д.Э нь  орон сууц хөлслөх гэрээний 3.6, 8.4-д  хөлслөгч тал нь гэрээний хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал нь хөлслөгч талд олгохгүй  гэж заасан учир  барьцааг олгох үндэслэлгүй. Мөн үлдсэн 1.600.000 төгрөг нь нэг сарын төлбөр бөгөөд орон сууц хөлслөх гэрээг цуцлахаар бол 30 хоногийн өмнө мэдэгдээд  гарахаар тохирсон бөгөөд орон сууцанд 1 сар орчим амьдраад хүлээлгэн өгсөн учир уг төлбөрийг буцаан олгох боломжгүй  гэсэн үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Д.Этэй 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, 6 сарын төлбөр 9.600.000 төгрөг болон барьцаа 1.600.000 төгрөгийг төлсөн боловч уг орон сууц хөлслөх гэрээг өөрийн хүсэлтээр цуцлах хүсэлт гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, орон сууцны 1 сарын төлбөр 1.600.000 төгрөг, барьцаа 1.600.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг суутган, үлдэгдэл 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Тт 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн учир нэхэмжлэгч Н.Таас гэрээний зүйл болсон орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  хөлслүүлэгчид хүлээлгэн  өгсөн болох нь гэрч Б.Энхтайваны мэдүүлгээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Н.Т нь орон сууцыг хөлсөлсөн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээг цуцалж орон сууцыг хүлээлгэн өгсөн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 25 хоногийн хөлс тодорхойлоход 1.333.325 төгрөг /1.600.000:30=53.333 х25 хоног=1.333.325/ болж байна.

            Гэвч хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч Н.Тын орон сууц хөлслөх гэрээг цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, орон сууцыг хүлээн авсан атлаа түүний  төлсөн орон сууцны төлбөрөөс 1 сарын буюу 1.600.000 төгрөгийг суутган авсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д  хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчжээ.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Т нь тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэлх 25 хоногийн  хөлс 1.333.325 төгрөг төлөх үүрэгтэй байхад 1 сарын төлбөр 1.600.000 төгрөгийг бүхэлд нь суутган авсан нь үндэслэлгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Д.Э нь орон сууц хөлсөлсний төлбөрийн үлдэгдэл 266.675 төгрөгийг нэхэмжлэгч Н.Тт буцааж өгөх үүрэгтэй.

            Мөн зохигчид орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.6, 8.4-т  хөлслөгч нь  энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд барьцааны  мөнгийг  хөлслүүлэгч тал нь хөлслөгч талд буцаан олгохгүй гэж заасныг  хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй.

            Учир нь хөлслөгч талаас хөлслүүлэх үүргийн биелэлтийн барьцаа болгож нэг сарын хөлстэй тэнцэх 1.600.000 төгрөгийг  хөлслүүлэгчийн дансанд байршлуулсан нь тухайн орон сууцыг хөлслөх явцдаа эвдрэл, гэмтэл гаргаж, хохирол учруулсан тохиолдолд тухайн барьцаанаас суутган авах байдлаар хохирлыг барагдуулахаар тохиролцсон гэж үзэх тул хэрэв орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан бол хөлслөгчийн учруулсан хохирол, эвдрэл гэмтлийн зардлыг суутгаад үлдсэн мөнгийг   Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох үүрэгтэй.

            Түүнчлэн хөлслүүлэгч нь  эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 1.600.000 төгрөг барьцаалж байгаа  тохиолдолд тухайн барьцааны гэрээг  бичгээр байгуулж,  уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

            Иймд нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Д.Этэй орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа 1.600.000 төгрөг төлж, улмаар орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.6,  8.4-т хөлслөгч нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал нь хөлслөгч талд буцаан олгохгүй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            Орон сууц хөлслөх гэрээний 3.6, 8.4-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь орон сууц хөлслөх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул  орон сууц хөлслөх гэрээний бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч Н.Т нь  хөлсөлж байсан орон сууцанд ямар нэгэн  эвдрэл гэмтэл, хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байхад түүний барьцаанд төлсөн төлбөрийг  гэрээнд заасан хүчин төгөлдөр бус  заалтын дагуу суутгасан авсан нь хууль зөрчсөн байх тул хариуцагч Д.Эөөс барьцаанд төлсөн 1.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгох үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-өөс  орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн үлдэгдэл 266.675 төгрөг, барьцаа 1.600.000 төгрөг, нийт 2.933.325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тогтуурт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266.675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эөөс нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 61.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1, дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эөөс 2.933.325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266.675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69.030 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 61.883 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Н.Тт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР