Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00482

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00482

 

 

 

Н.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03022 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Тын хариуцагч Д.Эд холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээнээс учирсан хохирол 3,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Ремакс агентын зуучлагчаар дамжуулан Д.Этэй 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сарын 1,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл уг орон сууц нь миний хүсэж байсан байршилд бус, Ремаксын агентын хэлсэнчлэн тохь тухтай, тавилга хэрэгсэл, телевиз, хажуудаа хүүхэд сургах сургууль, цэцэрлэг байхгүй байсан тул гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдэж цуцалсан. Би уг байранд нэг хоног ч амьдраагүй. Дээр нь Юнивишн төхөөрөмж авч тавьсан бөгөөд огт хэрэглээгүй хохирч байна. Мөн уг байрыг цэвэрлэгээний компаниар цэвэрлүүлэхэд 180,000 төгрөгийн хөлс төлсөн. Миний байрны хөлсөнд төлсөн 11,200,000 төгрөгөөс 3,200,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Иймд хариуцагчаас үлдэгдэл хөлс 3,200,000 төгрөг, байр цэвэрлэгээний төлбөр 180,000 төгрөг, нийт 3,380,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад байр цэвэрлэгээний төлбөр 180,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 3,200,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагч Д.Эөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зохигчдын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч Н.Т нь орон сууц хөлслөх гэрээг цуцлах хүсэлт гаргасныг хүлээн авч хууль болон гэрээнд заасан журмаар цуцалсан. Гэрээний 3.6-д хөлслөгч тал нь гэрээний хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал нь хөлслөгч талд олгохгүй гэж заасан учир барьцааг олгох үндэслэлгүй. Үлдсэн 1,600,000 төгрөг нь нэг сарын төлбөр бөгөөд орон сууц хөлслөх гэрээг цуцлахаар бол 30 хоногийн өмнө мэдэгдээд гарахаар тохирсон учир уг төлбөрийг мөн буцаан олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Н.Тт гэрээнээс ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эөөс 2,933,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266,675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 61,883 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Шийдвэрт “... орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн үлдэгдэл 266,675 төгрөг, барьцаа 1,600,000 төгрөг, нийт 1,866,675 байх байтал 2,933,325 гэж буруу бичсэн байна.

4б. Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа гэрээний 3.6, 8.4 дүгээр заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм.

4в. Шийдвэрт “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчжээ” гэж үндэслэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь талууд гэрээнээсээ татгалзаагүй, гэрээгээ цуцалсан юм. Тиймээс хөлслүүлэгч буцаан өгөх үүрэг хүлээхгүй. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 25 хоногийн хөлсийг тодорхойлж 266,675 төгрөгийн хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн гомдолд дурдсанаар техникийн шинжтэй алдаа гэж байгаа энэ алдааг давж заалдах шатанд засаад явчих болов уу гэж бодож байна. Бусад асуудал дээр хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.Т нь гэрээнээсээ татгалзахад хариуцагч тал хүлээн зөвшөөрч тал төлбөрийг өгсөн боловч тодорхой төлбөр дээр маргаад явсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийн асуудлыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй. Барьцаа хөрөнгө гэдэг нь тухайн хөлслөгч этгээд эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн тохиолдолд суутган тооцож авдаг зүйл юм. Иймд гэрээ цуцлагдаж байгаа хүчин төгөлдөр бус гэрээ учраас буцаан олгох үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Д.Эд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 3,380,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Гэрээний 3.6-д хөлслөгч тал нь гэрээний хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал нь хөлслөгч талд олгохгүй гэж заасан учир барьцааг олгох үндэслэлгүй. Үлдсэн 1,600,000 төгрөг нь нэг сарын төлбөр бөгөөд орон сууц хөлслөх гэрээг цуцлахаар бол 30 хоногийн өмнө мэдэгдээд гарахаар тохирсон учир уг төлбөрийг мөн буцаан олгох боломжгүй” гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2,933,325 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

4.     Шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

4а. Шийдвэрт гарсан тооцооны алдааг залруулах талаар:

Шүүх орон сууцны хөлс 266,675 төгрөг, барьцаа 1,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тооцооны алдаа гаргаж, нийт 1,866,675 төгрөг гаргуулахыг 2,933,325 төгрөг гаргуулах гэж буруу бичсэн байх тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

4.б. Барьцааны талаар: 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч талаас хөлслүүлэх үүргийн биелэлтийн барьцаанд нэг сарын хөлстэй тэнцэх 1,600,000 төгрөгийг хөлслүүлэгчийн дансанд байршуулах, гэрээний хугацаа дуусгавар болоход барьцааны хөрөнгийг хөлслүүлэгч тал хөлслөгч талд буцаан олгохоор харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх үндэслэл зааж гэрээний 3.6, 8.4-д зааснаар хариуцагч барьцаа 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоос татгалзжээ.

 

Гэрээний 3.6, 8.4-д хөлслөгч гэрээний хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгосон бол хөлслүүлэгч барьцааны мөнгийг хөлслөгчид олгохгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх гэрээний дээрх заалтыг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус тохиролцоо гэсэн дүгнэлт хийж, барьцаа 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа хөлслөгч талаас хөлслүүлэх үүргийн биелэлтийн барьцаа болгож нэг сарын хөлстэй тэнцэх 1,600,000 төгрөгийг хөлслүүлэгчийн дансанд байршуулсан нь тухайн орон сууцыг хөлслөх явцдаа эвдрэл гэмтэл гаргаж хохирол учруулсан тохиолдолд тухайн барьцаанаас суутган авах байдлаар хохирлыг барагдуулахаар тохиролцсон гэж үзэх тул хэрэв орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан бол хөлслөгчийн учруулсан хохирол, эвдрэл гэмтлийн зардлыг суутгаад үлдсэн мөнгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох үүрэгтэй гэж үзэн хариуцагчаас барьцаа 1,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд барьцаа 1,600,000 төгрөг гаргуулсныг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зохицуулалт бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй, нэг сарын хөлстэй тэнцэх 1,600,000 төгрөгийг барьцаалсан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсгийн зохицуулалтад хамаарахгүй тул энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

 

4.в. Гэрээ дуусгавар болсон талаар:

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно гэж, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Анхан шатны шүүх орон сууцны хөлсний зарим хэсгийг болон барьцааг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан 56.5, гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт” гэснийг “302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэж, “2,933,325” гэснийг “1,866,675” гэж, “266,675” гэснийг “1,333,325” гэж, 2 дахь заалтын “61,883” гэснийг “44,817” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ                                      

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН