Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00156

 

     Д.Г-ийн  нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03523 дугаар шийдвэртэй, Д.Г-ийн нэхэмжлэлтэй, О.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5 178 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Ц-ийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Талуудын хооронд ргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд О.Ц нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээл төлөх хугацаа нь дууссан боловч зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлдэгч О.Ц-аас зээл болон гэрээний дагуу төлөх 5 500 000 төгрөг төлөх ёстойгоос 300 000 төгрөгийг төлсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 100 000 төгрөгийг нэмж төлсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5 278 500 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 100 000 төгрөгөөр багасгаж, 5 178 500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч О.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Г-ээс зээлсэн 5 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй 5 500 000 төгрөг төлөх ёстойгоос 400 000 төгрөгийг төлсөн тул 5 100 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангид нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ц-аас зээлийн гэрээний үүрэг нийт 5 178 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 406 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 97 806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Ц давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөг төлж хасалт хийлгэсэн ба энэ талаар тайлбартаа дурдсан боловч шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэг заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч О.Ц-д холбогдуулан 5 278 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан /хх-4 дүгээр тал/үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч 5 100 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдах бөгөөд 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүд 5 500 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг үүссэн. Үүнээс зээлийн төлбөрт төлсөн 300 000 төгрөгийг хасч үлдэгдэл 5 200 000 төгрөг, алданги 78 500 төгрөг нийт 5 278 500 төгрөгийг нэхэмжлэлээр шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 100 000 төгрөгөөр багасгаж 5 178 000 төгрөг шаардсан байна.

Дээрх зээлийн гэрээний дагуу үүргээ хариуцагч О.Ц биелүүлээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлдийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөг төлсөн боловч шүүхээс дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                          Д.БАЙГАЛМАА