Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 3523

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 37 дугаар байрны, 24 тоотод оршин суух, Боржигон овогт Даваасүрэнгийн Ганчимэг /РД:ЖЮ64062809/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 8 дугаар байрны 17 тоотод оршин суух, Боржигон овогт Отгонбаярын Цэнд-Аюуш /РД:УП94071420/-т холбогдох,

 

5,278,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганчимэг миний бие О.Цэнд-Аюушийн хүсэлтээр 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд О.Цэнд-Аюуш нь мөнгөө өгөхгүй, уулзахгүй, утсаа авахгүй байсаар намайг хохироож байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж, гэрээний эрх үүргийн харилцаа үүссэн бөгөөд О.Цэнд-Аюуш нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээл төлөх хугацаа нь дууссан ч ямар ч шалтгаангүй авсан зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлдэгч О.Цэнд-Аюушаас зээл болон гэрээний дагуу төлөх 5,500,000 төгрөгөөс төлсөн 400,000 төгрөгийг хасаад 5,100,000 төгрөг, 7 хоногийн алданги 178,500 төгрөг, нийт 5,278,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Цэнд-Аюуш нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүнд 5,500,000 төгрөгийг төлөх ёстойгоос 300,000 төгрөгийг төлсөн байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 100,000 төгрөгийг нэмж төлсөн. Иймд зээлийн үндсэн төлбөрт болон хүүнд 5,100,000 төгрөгийг 3 хоногийн алдангид 78,500 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл гаргахдаа 5,278,500 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, 5,178,500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч О.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ганчимэгээс зээлсэн 5,000,000 төгрөгийг эргүүлэн 10 хувь хүүтэй нь 5,500,000 төгрөгийг төлөх ёстойгоос 400,000 төгрөгийг төлсөн тул 5,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангид нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь хариуцагч О.Цэнд-Аюушд холбогдуулан 5,278,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, 5,178,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч О.Цэнд-Аюуш нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд өөрийнх нь эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийнэзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. /18-19 дүгээр тал/.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, 5,000,000төгрөгийг, 28 хоногийн хугацаатайгаар, 500,000 төгрөгний хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-4 тал/.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч О.Цэнд-Аюуш нь 5,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Ганчимэгээс хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх төдийгүй үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 5,500,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 400,000 төгрөгийг төлсөн тул 5,100,000 төгрөгийг төлнө, харин үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүсэх алдангийг төлөхгүй гэж маргаж байна /хх-4,5 тал/.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1, 3.3 дахь хэсэгт ...зээлсэн 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргийг О. Цэнд-Аюуш хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Д.Ганчимэг нь хариуцагч О.Цэнд-Аюушаас үндсэн зээлийг хүү, алдангийн хамт шаардаж байгаа хуульд нийцэж байна.

 

Хариуцагч О.Цэнд-Аюуш нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 5,500,000 төгрөг төлөх ёстойгоос 300,000 төгрөгийг төлж, 5,200,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангид /5,200,000*0,5%=26000*7 хоног/ 182,000 төгрөгийг шаардах эрхтэй байх боловч 78,500 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр алдангийг гаргуулах нь гаргуулах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Цэнд-Аюушаас зээлийн гэрээний үүрэг нийт 5,178,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Цэнд-Аюушаас зээлийн гэрээний үүрэг нийт 5,178,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,406 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид 97,806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА