Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01951

 

2021 оны 08сарын 17 өдөр                  Дугаар 102/ШШ2021/01951                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн Г /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн М /РД:***/-т холбогдох,

 

6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г , хариуцагч М.М ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр М.М тай 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүний цаашдын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор итгэл хүлээлгэн М.М т 5,000,000 төгрөгийг бэлнээр олгосон. Түүнээс хойш зээлээ төлөх хугацаа өнгөрсөн боловч М.М нь надад алдангийн төлбөрийн нэг хэсэг болох 1,000,000 төгрөгийг л гаргаж өгсөн. Улмаар иргэн М нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш элдэв заль мэх, арга саам хэрэглэж явсаар өдийг хүрсэн тул хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. Алданги нь үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэж 2,500,000 төгрөгөөс надад төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцсон болно. Өмнө нь хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй байсан тул хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж цагдаагийн байгууллага түүний хаяг утасны дугаарыг олсон тул нэхэмжлэлийг дахин сэргээж гаргасан болно гэжээ.

 

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчтэй 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан уг мөнгийг хүлээн авсан нь үнэн. Уг гэрээгээр бид зээлийн хүү тохироогүй, харин алдангийг тохирсон. Миний бие 5,000,000 төгрөг зээлснээс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг 1,000,000 төгрөгийг үндсэн зээл 5,000,000 төгрөгөөс хасаад үлдэх 4,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүсэж байна гэжээ.    

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Г болон М.М нар *** тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Б.Г нь М.М т 5,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай зээлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ. 

 

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.М т холбогдуулж 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн № 792 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт  6,500,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ. 

 

Нэгэнт хариуцагч зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ. 

 

Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй. 

    

Иймд хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.   

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.М аас 6,500,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г од олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М аас 118,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г од олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ