Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01597

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01597

 

 

 

хххххх-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01951 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч хххххх-ын нэхэмжлэлтэй хариуцагч ххххххх-т холбогдуулан гаргасан 6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ххххххх-тай 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг бэлнээр олгосон. Түүнээс хойш зээл төлөх хугацаа өнгөрсөн боловч ххххххх нь надад алданги 1 000 000 төгрөг өгсөн. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги нь үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг үндэслэж 2 500 000 төгрөгөөс надад төлсөн 1 000 000 төгрөгийг хасч алданги 1 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хххххх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчтэй 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан мөнгийг хүлээн авсан нь үнэн. Уг гэрээгээр бид зээлийн хүү тохироогүй, харин алдангийг тохирсон. Би 5 000 000 төгрөг зээлснээс 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг 1 000 000 төгрөгийг үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс хасч үлдэх 4 000 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч хххххххаас 6 500 00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххххход олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххххаас 118 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххххход олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ххххххх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хххххх-с 5 000 000 төгрөгийг зээлж, 1 000 000 төгрөгийг буцаан өгсөн тул 4 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нотариатаар орох үед хүү, алданги байхгүй гэж нэхэмжлэгч надад ойлгуулсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж 6 500 000 төгрөг гаргуулах болсонд гомдолтой байна. Тиймээс нэхэмжлэгчид төлсөн 1 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг хасч, 4 000 000 төгрөгийг төлөх хүсэлтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххххх-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээл 4 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 15/

Талууд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ххххх нь 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ххххххх тохиролцсон хугацаанд мөнгийг буцааж төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 0.3 хувиар алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-4/ Гэрээний дагуу хххххоос ххххххх-т 5 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээний үүргээс 1 000 000 төгрөг буцаан төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон, маргаангүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч ххххххх зээлийн үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, харин алданги тооцохоор гэрээгээр тохироцоогүй гэж маргажээ.

Хэргийн 4 дэх талд авагдсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж бичээд талууд гарын үсгээ зурсан байна.

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан учир нэхэмжлэгч ххххх, хариуцагч ххххххх нарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа мөнгөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Мөн гэрээний 3.7-д заасан талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад, мөн зүйлийн 232.6 дах хэсгээр тогтоосон хэмжээнд тус тус нийцжээ.

Хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь түүнээс алданги шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Харин хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 5 000 000 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дах хэсгийн нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Учир нь хариуцагч зээлийн үүргээс 1 000 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 4 000 000 төгрөг байна.

Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххххаас алдангид 1 500 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцсэн байна.

Иймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6 500 000 гэснийг 5 500 000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 118 950 гэснийг 102 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД