Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/01975

 

2021 оны 08 сарын 18 өдөр                 Дугаар 102/ШШ2021/01975                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** давхарт оршин байх, “И ” ХХК /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн Б /РД:***/-д холбогдох,

 

18,468,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д , Д.Б , хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И ” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “И “ ХК-тай *** тоот зээлийн гэрээ, *** тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж, 19,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн, *** арлын дугаартай, *** УБН улсын дугаартай, “Тоёота ланд круйзер прадо” маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргаж, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөхгүй байсан тул фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг барьцаалагч 2019 оны 11 дүгээр сард хураан авсан. Одоо уг автомашин нь манай компанийн зогсоол дээр байгаа. Үүнээс хойш бид Д.Б д зээлээ эргэж төлөхийг удаа дараа сануулж ирсэн боловч тэрээр зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн үйлдэл, санаачилга гаргахгүй явсаар ирлээ. Манай зүгээс барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэхээр тухайн автомашины хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зээлийг эргэн төлөхөд хүрэхгүй байдалтай байгаа.

Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгоход тэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 16,376,187 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,789,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415,707 төгрөг, нийт 26,581,192 төгрөгийн өглөгтэй болно. Уг мөнгөнөөс барьцааны автомашины үнэлгээ болох 8,200,000 төгрөгийг фидуцийн гэрээний 3.1.4-т заасны дагуу хасахад *** тоот зээлийн гэрээний үүрэгт 18,381,192 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Уг 18,381,192 төгрөгийг барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гаргасан зардал 87,273 төгрөгийн хамт нэхэмжлэхэд нийт 18,468,465 төгрөг болж байна. Тиймээс дээрх төлбөр болох 18,468,465 төгрөгийг зээлдэгч Д.Б аас гаргуулж өгнө үү. Хариуцагч хамгийн сүүлийн төлөлтөө 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн, түүнээс хойш ямар ч төлбөр хийгээгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “И “ ХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 19,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Зээлийн барьцаанд *** УБН улсын дугаартай, “Тоёота ланд круйзер прадо” маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Гэхдээ уг мөнгийг Д.Б нь хүлээж аваад өөрөө зарцуулаагүй, бусдад шилжүүлсэн бөгөөд уг хүндээ залилуулсан. Уг асуудлыг нь цагдаагийн байгууллага шалгаад явж байгаа.

Д.Б нь зээлийг авснаас хойш хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Ингээд *** УБН улсын дугаартай, “Тоёота ланд круйзер прадо” маркийн суудлын автомашиныг Архангай аймагт байдаг хүнд зараад, зээлийг эргэн төлөх гэж байтал нэхэмжлэгч компани барьцааны зүйл болох автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураагаад аваад явсан. Түүнээс хойш хариуцагч нь машиныхаа барааг ч хараагүй. Ингээд барьцааны зүйлийг хураагаад аваад явсан тул зээлийг хаасан гэж ойлгоод нэг ч төгрөг төлөхөө больсон. Угаасаа фидуцийн гэрээний дагуу автомашины өмчлөл нэхэмжлэгч компани дээр байсан бөгөөд дараа нь машиныг хурааж аваад бодит эзэмшлийг нь шилжүүлээд авсан. Гэтэл бүр 2021 оны 5 дугаар сард нэхэмжлэгч нь мөнгө нэхэмжлээд орж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх дээр маргахгүй. Мөн зээлийн эргэн төлөлт, тооцоолол дээр маргаад байх зүйлгүй. Харин нэхэмжлэгч нь машиныг бодитоор шилжүүлэн авснаар талуудын байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлээд байгаа мөнгийг төлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг талаас “И ” ХХК, нөгөө талаас Д.Б  нар 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №*** тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Д.Б  “И ” ХХК-иас 19,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.90 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө №*** тоот “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж *** УБН улсын дугаартай, “Ланд круйзер прадо” /Land cruiser prado/ маркийн автомашиныг “И ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан байна гэж дүгнэлээ.    

 

Зохигчид дээрх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн гэрээний дагуу хийгдсэн төлбөрийн хэмжээ, тооцоолол дээр маргаагүй.

 

“...хариуцагч Д.Б 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16,376,187 төгрөг, зээлийн хүү 9,789,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415,707 төгрөг, нийт 26,581,192 төгрөгийн өглөгтэй. Уг мөнгөнөөс барьцааны автомашины үнэлгээ болох 8,200,000 төгрөгийг хасахад *** тоот зээлийн гэрээний үүрэгт 18,381,192 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Зээлийн гэрээний үүрэгт 18,381,192 төгрөг, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 87,273 төгрөг, нийт 18,468,465 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн шаардлагын үндэслэлийг тайлбарлав.   

 

Дээр шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хариуцагчаас “...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчөөгүй байхад автомашиныг хураан авч явсан. Ингэснээр бидний байгуулсан зээлийн гэрээний харилцаа 2019 оны 11 дүгээр сард дуусгавар болсон учир одоо нэхэмжлээд байгаа төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуцийн гэрээ гэх бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч Д.Б  2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал *** УБН улсын дугаартай, “Ланд круйзер прадо” /Land cruiser prado/ маркийн автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураан авсан ба ийнхүү хураан авахдаа хариуцагчид мэдэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. 

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүрэг хүлээгчийн мөнгө төлөх үүргийг хангах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээний салшгүй хэсэг ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

Мөнгө төлөх үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлээгүй гэсэн шалтгаанаар автомашины эзэмшлийг нэхэмжлэгч “И ” ХК нь бодитоор шилжүүлэн авснаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Д.Б аас 18,468,465 төгрөг гаргуулах тухай “И ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1.  Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б аас 18,468,465 төгрөг гаргуулах тухай “И ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ