Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01574

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01574

 

И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 468 465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр И ББСБ ХК-тай В16019060901 тоот зээлийн гэрээ, Ф16019060901 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж, 19 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн, JTEBK29J790042541 арлын дугаартай, 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргаж, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөхгүй байсан тул фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг барьцаалагч 2019 оны 11 дүгээр сард хураан авсан. Одоо уг автомашин нь манай компанийн зогсоол дээр байгаа. Үүнээс хойш бид Д.Б-д зээлээ эргэж төлөхийг удаа дараа сануулж ирсэн боловч тэрээр зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн үйлдэл, санаачилга гаргахгүй явсаар ирсэн. Манай зүгээс барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэхээр тухайн автомашины хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зээлийг эргэн төлөхөд хүрэхгүй байдалтай байгаа. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгоход тэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 16 376 187 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9 789 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415 707 төгрөг, нийт 26 581 192 төгрөгийн өглөгтэй болно. Уг мөнгөнөөс барьцааны автомашины үнэлгээ болох 8 200 000 төгрөгийг фидуцийн гэрээний 3.1.4-т заасны дагуу хасахад В16019060901 тоот зээлийн гэрээний үүрэгт 18 381 192 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Уг 18 381 192 төгрөгийг барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гаргасан зардал 87 273 төгрөгийн хамт нэхэмжлэхэд нийт 18 468 465 төгрөг болж байна. Тиймээс дээрх төлбөр болох 18 468 465 төгрөгийг зээлдэгч Д.Баас гаргуулж өгнө үү. Хариуцагч хамгийн сүүлийн төлөлтөө 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн, түүнээс хойш ямар ч төлбөр хийгээгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр И ББСБ ХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 19 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Зээлийн барьцаанд 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Гэхдээ уг мөнгийг Д.Б нь хүлээж аваад өөрөө зарцуулаагүй, бусдад шилжүүлсэн бөгөөд уг хүндээ залилуулсан. Уг асуудлыг нь цагдаагийн байгууллага шалгаад явж байгаа. Д.Б нь зээлийг авснаас хойш хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Ингээд 75-15 УБН улсын дугаартай, Тоёота ланд круйзер прадо маркийн суудлын автомашиныг Архангай аймагт байдаг хүнд зараад, зээлийг эргэн төлөх гэж байтал нэхэмжлэгч компани барьцааны зүйл болох автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураагаад аваад явсан. Ингээд барьцааны зүйлийг хураагаад аваад явсан тул зээлийг хаасан гэж ойлгоод нэг ч төгрөг төлөхөө больсон. Фидуцийн гэрээний дагуу автомашины өмчлөл нэхэмжлэгч компанид байсан бөгөөд дараа нь автомашиныг хурааж аваад бодит эзэмшлийг нь шилжүүлж авсан. 2021 оны 5 дугаар сард нэхэмжлэгч нь мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуца гчийн зүгээс зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх дээр маргахгүй. Мөн зээлийн эргэн төлөлт, тооцоололд маргаад байх зүйлгүй. Харин нэхэмжлэгч нь автомашиныг бодитоор шилжүүлэн авснаар талуудын байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 18 468 465 төгрөг гаргуулах тухай И ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг дурдаж, нэхэмжлэгч нь автомашиныг бодитоор гаргуулан авсан бөгөөд ингэснээр фидуцийн гэрээ дуусгавар болно гэж дүгнэсэн байна. Улмаар бодитоор гаргуулан авсан тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Фидуцийн гэрээ дуусгавар болгосноор, зээлийн гэрээний үүрэг мөн дуусна гэж үзсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дах хэсэг нь фидуцийн гэрээ дуусгавар болох нөхцөл бөгөөд фидуцийн гэрээ дуусгавар болсон эсэх нь зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл бөгөөд гагцхүү зээлийн гэрээний төлбөрийг төлүүлэх зорилгоор тухайн гэрээг байгуулдаг. Фидуцийн гэрээ болон зээлийн гэрээ нь 2 тусдаа харилцааг зохицуулсан гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээл олголт, буцаан төлөлтийн хэмжээний хувьд талууд маргаагүй байхад шүүх фидуцийн гэрээ дуусгавар болсон тул зээлийн гэрээний дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Талууд фидуцийн зүйлийг хүлээлцэхдээ түргэн борлогдох үнийг тохиролцоогүй тул үүрэг гүйцэтгүүлэгч хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэсэн. Гэвч энэхүү фидуцийн зүйлийн зах зээлийн үнэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах хэмжээнд хүрэхгүй байх тул бид үлдэгдэл төлбөр буюу өөрт учирсан хохирлоо гаргуулах эрхтэй юм. Мөн фидуцийн гэрээ бол зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 468 465 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №В16019060901 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр И ББСБ ХК нь 19 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.90 хувийн хүүтэй Д.Б-д зээлдүүлж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №Ф16019060901 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, Д.Бын өмчлөлийн 75-15 УБН улсын дугаартай, Ланд круйзер прадо /Land cruiser prado/ маркийн автомашиныг И ББСБ ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-9-14 дэх тал/

 

Дээрх зээлийн болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Талууд дээрх зээлийн болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан үйл баримт, гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу хийгдсэн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч И ББСБ ХК нь 75-15 УБН улсын дугаартай, Ланд круйзер прадо /Land cruiser prado/ маркийн автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураан авсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Зээлийн гэрээнд ерөнхий гэрээний үүрэг гүйцэтгэх журам мөн адил хамаардаг ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэн үндэслэлүүдээр үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж автомашины эзэмшлийг нэхэмжлэгч И ББСБ ХК нь бодитоор шилжүүлэн авснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж, хариуцагч Д.Баас 18 468 465 төгрөг гаргуулах тухай И ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч компани фидуцийн зүйл болох автомашиныг өөрийн эзэмшилд бодитой шилжүүлэн авснаар талуудын хоорондын фидуцийн харилцаа дуусгавар болж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан өмчлөгч болсон байна. Өмчлөлийн зүйлийн үнэ цэнэ нэмэгдэх, буурах эрсдэл өмчлөгчид байх тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхэд бүрэн шилжүүлэн авсан автомашины үнэ буурсан гэх үндэслэлээр гэрээний үүрэгт тооцон авснаас хойш үүссэн автомашины үнийн зөрүүг тооцон шаардах эрхгүй юм.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.5 дах хэсэгт зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөлтийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт өдрийн дотор багтааж төлсөн тохиолдолд дараа сарын хүүгээс 1.0 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй байна. Хэрэв тухайн сарын хуваарьт төлбөрийг 1-ээс дээш хоногоор хоцроосон тохиолдолд дараа сарын хүүгийн төлбөрийг гэрээний 3.1.3-т заасан хүүгээр төлнө гэж тохиролцсон ба хэргийн 11 дэх талд авагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт үндсэн хүү нь жилийн 46.80 хувь, сарын 3.90 хувь, урамшуулалт хүү жилийн 34.80 хувь, сарын 2.90 хувь гэж хоёр нөхцөлөөр зээлийн хүүг тогтоожээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь банк бус санхүүгийн байгууллагын хувьд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд аж ахуй эрхлэгч бус иргэнтэй байгуулсан стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг зээлдэгчид ашигтайгаар тайлбарлахаар Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зохицуулсан тул зээлийн хүүгийн хэмжээг сар бүр 2.90 хувийн хүү гэж тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс нэхэмжлэгч И ББСБ ХК нь 2019 оны 11 дүгээр сард автомашиныг зээлийн үүрэгт тооцон хурааж авах үеийн байдлаар хариуцагч Д.Б нь 2 703 420 төгрөгийн зээлийн хүү, 19 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үүрэгтэй байсан ба үүнээс Д.Бын төлсөн 5 011 130 төгрөгийг хасч тооцон 16 692 290 төгрөг төлөх үүрэгтэй байх үед нэхэмжлэгч нь 19 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж, түүний гэрээгээр хүлээсэн үүрэг дууссан тул нэгэнт дуусгавар болсон үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг мөнгөөр төлж, нэхэмжлэгч И ББСБ ХК автомашиныг хураан авснаар зарим хэсэг нь уг зүйлээр төлөгдөж үлдэгдэл төлбөр үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Хэргийн 22-38 дах талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланд 75-15 УБН улсын дугаартай, Ланд круйзер прадо /Land cruiser prado/ маркийн автомашиныг 8 200 000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч зээлийн гэрээний үүрэгт дээрх автомашиныг тооцон авсан өдрийн ханшаар уг автомашин 8 200 000 төгрөгийн үнэлгээтэй байсныг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/01975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 293 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ