Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............ тоотод оршин суух, Т овогт Г.М /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоотод оршин суух, О овогт Э.Б /РД-00000000/-д холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага:  Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 000 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М нь К банкны өмчлөлийн Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 000 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Э.Б бусдад түрээслэж, үйл ажиллагаа явуулан чөлөөлж өгөхгүй байна. Үүнтэй холбогдуулан удаа дараа Э.Б-тай холбогдон уулзсан боловч үр дүн гаралгүй өдийг хүрсэн. Банкны зүгээс эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.  Орон сууцтай холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч Э.Б оролцохдоо 3 өрөө орон сууцыг чөлөөлсөн тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөхөд татгалзахгүй гэсэн байдаг. Э.Б дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байхдаа К банкинд худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Дараа нь К банкнаас иргэн Г.М-д бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Иймд Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 000 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 Хариуцагч Э.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх 2 объектод Э.Б амьдраагүй, үйл ажиллагаа явуулаагүй. Харин “С” ХХК үйл ажиллагаа явуулж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ байдал нь шүүхээс хийсэн үзлэгээр давхар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь хувь хүн Э.Б-д холбогдуулан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл байгаа боловч хуулийн этгээд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Хувь хүнийг албадан гаргах, хуулийн этгээдийг албадан гаргах гэдэг нь хоёр өөр ойлголт. Э.Б жинхэнэ хариуцагч биш, түүнд огт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,            

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Э.Б-д холбогдуулан Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 000 тоот хаягт байрлалтай, 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Б нь тус үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй, хариуцагч биш гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.М нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр К банкнаас Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах, 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, 000 тоот хаягт байрлалтай, 400 м,кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч өмчлөгч ь болсон болох нь бэлэглэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан ба 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.С-ын өмчлөлд, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Э.Б-гийн өмчлөлд, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр К банкны өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.М-ын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч нь дээрх объектод Э.Б амьдраагүй, “С” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Э.Б жинхэнэ хариуцагч биш гэж тайлбарлан маргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “С” ХХК нь Э.Б-гийн компани гэх тайлбар зэргээр Ү-0000000000, Ү-0000000001 эрхийн улсын бүртгэлийн дугаартай объектүүдэд “С” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа болох нь  тогтоогдлоо.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 000 тоот хаягт байрлалтай, 400 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Б нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдохгүй байх тул Э.Б-гийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

     

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 000 тоот хаягт байрлалтай, 400 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.МӨНХЦЭЦЭГ