Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1919

 

Г.Мөнхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                                                               

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Мөнхтуулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Болормаад холбогдох

 

Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Г.Мөнхтуулын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Мөнхтуул нь Капитал банкны өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Э.Болормаа бусдад түрээслэж, үйл ажиллагаа явуулан чөлөөлж өгөхгүй байна. Үүнтэй холбогдуулан удаа дараа Э.Болормаатай холбогдон уулзсан боловч үр дүн гаралгүй өдийг хүрсэн. Банкны зүгээс эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Орон сууцтай холбоотой маргаан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч Э.Болормаа оролцохдоо 3 өрөө орон сууцыг чөлөөлсөн тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөхөд татгалзахгүй гэсэн байдаг. Э.Болормаа дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байхдаа Капитал банкинд худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Дараа нь   Капитал банкнаас иргэн Г.Мөнхтуулд бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн. Иймд Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дээрх 2 объектод Э.Болормаа амьдраагүй, харин “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэхэмжлэлийн шаардлага нь хувь хүн Э.Болормаад холбогдуулан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа боловч хуулийн этгээд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Хувь хүнийг албадан гаргах, хуулийн этгээдийг албадан гаргах гэдэг нь хоёр өөр ойлголт. Э.Болормаа жинхэнэ хариуцагч биш, түүнд огт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Болормаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Болормаагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхтуулд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд нэхэмжлэгч гэх Г.Мөнхтуулын өмчлөлийн үйлдвэрийн зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тохиодолд л шаардах эрх үүснэ гэсэн үг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа, үүний буруутан нь Э.Болормаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаас, нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь маргаж буй үйлдвэрийн зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг "Капитал банк" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд иргэн Э.Болормаа жинхэнэ хариуцагч мөн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байхад буруу үнэлэлт дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хандан маргаж буй 2 үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж үзлэг хийн эзэмшиж, ашилаж буй этгээдийг тодорхойлох хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан болно. Тиймээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус, үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхтуул нь хариуцагч Э.Болормаад холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэхийг шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаагүй, “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргажээ.

 

Г.Мөнхтуул нь Капитал банкны өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай  мөн 226 тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгч болсон, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Харин одоогийн байдлаар дээрх обьект нь хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх талаар маргасан. Тэрээр үүнтэй холбоотойгоор маргаан бүхий объектод үзлэг хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан ба энэ нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсон гэж үзнэ./хх-128-129/

 

Хэргийн 121-122 дугаар талд авагдсан нотлох баримт болон зохигчдын “уг обьектод “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулдаг, захирлыг нь Б.Төмөрсүх гэдэг”, “уг обьектод хэн байдгийг мэдэхгүй, өдрийн цагаар очиход хаалга нь цоожтой байдаг ...” гэж удаа дараа тайлбарласан зэргээс үзэхэд уг обьектыг Э.Болормаагийн хууль бусаар эзэмшиж, бусдын өмчлөх эрхийг зөрчиж байгаа гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө нь хариуцагчийн буюу тухайн этгээдийн эзэмшилд байгаа эсэхийг, уг эзэмшил хууль, гэрээнд заасан үндэслэлгүй эсэх тогтоогдож байж түүний шаардлага хангагдах эсэхийг дүгнэх учиртай.

 

Шүүх энэхүү үйл баримтыг бүрэн тогтоогоогүй атлаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар Э.Болормааг татан оролцуулсан тул” гэж дүгнэж, Э.Болормаагийн хууль бус эзэмшлэээс дээрх эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг залруулах, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                        ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

                                                                                               

                                                                                                    Б.НАРМАНДАХ