Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00197

 

    Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03647 дугаар шийдвэртэй, Л.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хийсэн ажиллагаа болон үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6237 дугаар захирамжаар Л.Б-гаас 383 861 726 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 25 дугаар байрны 49 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012061 дугаартай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 72 078 000 төгрөгөөр, мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах 614 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газрыг 343 043 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4/6672 дугаар мэдэгдлийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт тус тус заасны дагуу Л.Б-ийн орон сууц болон хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна. 

Тус хувийн сууц нь хотын төвийн A зэрэглэлд байршилтай 614 м.кв бүхий талбайтай бөгөөд одоогоор үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, мөн орон сууц нь үйлдвэр үйлчилгээ явуулах боломжтой хотын төвийн орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүргүүлсэн, харин хураах тогтоол үйлдээгүй бөгөөд төлбөр төлөгчид хураах тогтоол ирээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.1 дэх хэсгийг зөрчиж хураагдаагүй хөрөнгөнд үнэлгээ хийсэн байна. 

Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 25 дугаар байрны 49 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012061 дугаартай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж 17 тоотод байрлах 614 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв газрыг үнэлж үнэлгээ хийсэн ажиллагааг, үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/06237 дугаар шийдвэрээр Л.Б-гаас 385 861 726 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 19 тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012061 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204000511 дугаарт бүртгэгдсэн газрыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17262119/03, 17262119/04 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17262119/05, 17262119/06 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Л.Б гаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1510 дугаартай албан бичгээр үнийн саналыг авахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Хас банкнаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн.

Тус газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход нийт 343 043 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Л.Б д 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/6672 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн нөхөр Ж.Жанчивдоржид мэдэгдлийг хүлээлгэн өгөхийг даалгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг 70 хувиар тооцон 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх 2018 оны 40 дүгээр сарын 16-ны өдөр шинжээчийн тогтоолыг хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дах заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах, 39 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2204012061 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Эрдэнэтолгой 1 дүгээр гудамж 17 тоотод байрлах, 614 м.кв талбай бүхий хувийн сууц болон газрыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагаа, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 6237 дугаартай захирамжаар Л.Б-гаас 383 861 726 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Л.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоот, 39 м.кв 3 өрөө орон сууцыг 72 078 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж 17 тоотод оршин байх 614 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв газартай газрыг 343 043 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4/6672 дугаар мэдэгдлийг хүлээн авч мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3, 55.7 дах хэсэгт  заасны дагуу орон сууц болон хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул давж заалдах шүүхэд гомдол гаргаж байна. Тус барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь зөрүү төлбөрийг дахин төлбөр төлөгчдөөр гаргуулах нөхцөл үүсээд байна. Тус хувийн сууц нь хотийн төвийн А зэрэглэлд байршилтай 614 м.кв бүхий талбайтай хувийн сууц бөгөөд одоогоор үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, мөн орон сууц нь үйлдвэр үйлчилгээ явуулах боломжтой хотын төвийн орон сууц байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна.

Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүргүүлсэн байдаг. Харин хураах тогтоол үйлдээгүй бөгөөд төлбөр төлвгчид хураах тогтоол ирээгүй байгаа нь Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Учир нь: хураагдаагүй хөрөнгөд үнэлгээ хийсэн ба шийдвэр, гүйцэтгэх хуудас 2 дээр хувийн сууц гэсэн байхад, авто засварын газар хажууд нь байхад амины орон сууцыг нь үнэлэхгүй авто засварын газрыг үнэлсэнийг ойлгохгүй байх бөгөөд энэ үнэлгээ хууль бус байна.

Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 25 дугаар байрны 49 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204012061 дугаартай, 39 м.кв 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 хороо Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж 17 тоотод оршин байх 614 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв газрыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагааг, үнэлгээний тайланг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй боловч шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хийсэн ажиллагаа, үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Л.Б, Ж.Ж нарт холбогдуулан гаргасан барьцаат зээлийн гэрээг цуцалж, 383 861 726 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 101/ШШ2016/06237 дугаартай захирамжаар хянан шийдвэрлэжээ.

Уг хэргийн хариуцагч Л.Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 383 861 726 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан төлөх, тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах, Ү-2204012061 тоот улсын бүртгэлийн дугаартай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж, 17 тоотод байрлах  Ү-2204013370 тоот улсын бүртгэлийн дугаартай, 614 м.кв талбайтай, хувийн сууц болон Г-2204000511 тоот улсын бүртгэлийн дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг 3 үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцсон байна.

Шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, /хх-ийн 10-11, 29 дүгээр тал/ 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэн хураах тухай  тогтоол”-оор /хх 4-6 дугаар тал/ дээр дурдсан 3 өрөө орон сууц, хувийн сууц, газрыг битүүмжилэн, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор үл хөдлөх хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулсан байна. /хх-42-47 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

Төлбөр төлөгч нь үнийн санал гаргаагүй бөгөөд “төлбөр авагч “Хас банк” ХХК нь шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хоорондоо үнийн талаар тохиолцсон буюу тохиролцоогүй гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч болон төлбөр төлөгч нь бие биенийхээ саналтай танилцаж, тохиролцох талаар ярилцаж, хэлэлцсэний эцэст нэгдмэл саналд хүрээгүй бол тэдгээрийг үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. Гэтэл хариуцагч байгууллага ийм ажиллагаа явуулаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Төлбөр төлөгч Л.Б-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууц болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоот хаягт байрлах хувийн сууц, газрын үнэлгээг тогтоолгох шаардлагатай гэж үзсэн байхад шинжээч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 72 078 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах “үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар”-ыг 343 043 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Ийнхүү шинжээч нь хариуцагч байгууллагын шинжээч томилох тухай тогтоолд дурдагдаагүй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар, хариуцагч нь дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох үнийг тогтоохдоо шинжээчийн үнэлгээ 415 121 000 төгрөгөөс  бус зөвхөн  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын үнэлгээний үнийн дүн болох 343 043 000 төгрөгийн 70 хувь болох 240 130 100 төгрөгөөр үнэлэн дутуу тооцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтыг зөрчжээ.

Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн доод саналыг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр   тогтоолоор томилогдсон шинжээчийн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар”-ын үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

2 дах заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                            Ш.ОЮУНХАНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА